Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт өнөөдөр (2024.07.25) Зэвсэгт хүчний Жанжин штабт ажиллав. Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогтыг ЗХЖШ-т хүрэлцэн ирэхэд Улаанбаатар цэргийн хүрээний Хүндэт харуул жагсаж, хүндэтгэн угтсан юм.
Энэ үеэр ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба Батлан хамгаалахын сайд С.Бямбацогтод ЗХЖШ-ын удирдлага, төрлийн цэргийн командлагч нарыг танилцуулсан ба Даргын зөвлөлийн хуралдааны танхимд Зэвсэгт хүчний үйл ажиллагааны талаар танилцуулга хийж, мэдээлэл өглөө. Дараа нь Батлан хамгаалахын сайд, албаны бүрэлдэхүүний хамт Зэвсэгт хүчний нэгдсэн ажиллагааны төвийн үйл ажиллагаатай нь танилцсан юм.
Мөн энэ өдөр Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт Зэвсэгт хүчний Жанжин штаб, төрлийн цэргийн командлалын нийт бие бүрэлдэхүүнтэй уулзаж, батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчинд хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл хийж, төгсгөлд хэд хэдэн чиглэлээр үүрэг өгсөн юм.