• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЗХЖШ-ЫН ДАРГА ХОШУУЧ ГЕНЕРАЛ С.ГАНБЯМБА ХАЛХЫН ГОЛЫН БАЙЛДААНЫ ЯЛАЛТЫН 85 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЭВ
Нийтэлсэн: 2024-08-26 09:22:16
Үзсэн: 112

ЗХЖШ-ЫН ДАРГА ХОШУУЧ ГЕНЕРАЛ С.ГАНБЯМБА ХАЛХЫН ГОЛЫН БАЙЛДААНЫ ЯЛАЛТЫН 85 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЭВ
Нийтэлсэн: 2024-08-26 09:22:16 Үзсэн: 112



 

   Эрхэм генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагч, ажилтан албан хаагчид, эх орноо батлан хамгаалах үйлсэд залуу нас, хөдөлмөр зүтгэлээ зориулсан бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчид Та бүхэнд Халхын голын байлдааны түүхт ялалтын 85 жилийн ойн баярын мэндчилгээг өргөн дэвшүүлье.

    Өнгөрсөн хорьдугаар зуун бол монголчууд бидний хувьд үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулах, бататган бэхжүүлэхийн төлөөх тэмцлийн зуун байсан бөгөөд 1939 оны Халхын голын байлдааны түүхэн ялалт нь Монгол Улсын эрх чөлөө, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний аюулгүй байдлыг хангахад жинтэй хувь нэмэр оруулсан XX зууны томоохон түүхэн үйл явдлын нэг байлаа.

    Энэ жил бид бүхэн дэлхийн цэрэг-дайны түүхэнд тодорхой байр суурийг эзлэхүйц, цэргийн урлагт өөрийн гэсэн өвөрмөц онцлогийг үлдээж, Монгол, Зөвлөлтийн дайчдын баатарлаг ялалтаар дуусгасан Халхын голын байлдааны ялалтын түүхт 85 жилийн ойг хамтдаа тэмдэглэж байна.

   Халхын голын байлдаан нь туурга тусгаар Монгол Улсынхаа эрх чөлөө, тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн халдашгүй дархан байдлыг улам бататгах, хүн төрөлхтний хамтын нийгэмлэгт өөрийн байр суурь, бүрэн эрхт байдлаа бэхжүүлэхийн төлөө залуу нас, амь биеэ үл хайрлан зүтгэсэн эх оронч дайчид, ахмад үеийнхний баатарлаг гавьяа, бахархам үйлсийн тод жишээ, монгол цэргийн эр зориг, тэсвэр хатуужил, ялалт амжилтын бахдам түүх болж мөнхөрсөн юм.

   Иймээс иргэд, хүүхэд, залуучуудад түүхэн ялалтын ач холбогдол, тусгаар тогтнолын үнэ цэнийг сурталчлан ойлгуулах, сануулах, өнөөдрийн энэхүү амар амгалан нийгмийг бий болгохын төлөө амь биеэ зориулан зүтгэсэн ахмад дайчдынхаа баатарлаг уламжлал, эх оронч үлгэр дуурайллыг хойч үеийнхэндээ өвлүүлэх, алдар гавьяаг нь мөнхжүүлэх, өргөн олонд түгээн дэлгэрүүлэх, түүхэн ялалтын ойг утга төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэхэд Төр засаг, Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний удирдлагын зүгээс онцгойлон анхаарч, олон талт ажил, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.

   Тухайлбал, энэ цаг үед Монгол Улс, Оросын Холбооны Улсын Зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ-2024” байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургууль, Зэвсэгт хүчнүүдийн хамтарсан цэргийн ёслолын жагсаал, Монгол, Зөвлөлтийн дайчдын болон түүх дурсгалын хөшөө, цогцолбор, дурсгалт газруудыг сэргээн сайжруулах, эдгээрт цэцэг өргөх ажиллагаа, А.В.Александровын нэрэмжит ОХУ-ын Зэвсэгт хүчний Эрдмийн чуулгын тоглолт, олон улсын эрдэм шинжилгээний хурал, тойрон аялал, төрөл бүрийн үзэсгэлэн, баярын хурал, хүндэтгэлийн концерт, үдшийн цэнгүүн, ёслолын буудлага зэргийг зохион байгуулж байна.

   Эдгээр ажил, арга хэмжээг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газар, холбогдох яамд, агентлаг, орон нутгийн удирдлага, албан тушаалтнууд, Төрийн цэргийн байгууллагууд, төрлийн цэргийн командлалууд, харьяа нэгтгэл, анги, салбарууд, алба хаагчдынхаа дэмжлэгтэйгээр зохион байгуулж байгаагийн зэрэгцээ ОХУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран энэхүү түүхт ойг ёслон тэмдэглэж байна.

   Халхын голын байлдааны ялалтын түүхт 85 жилийн ойн арга хэмжээг хамтран тэмдэглэх нь хоёр орны Зэвсэгт хүчний түүх, дайчин замналтай харилцан танилцах, нөхөрлөлийн үнэ цэнийг батжуулах, хөрш орны найрсаг харилцаа, хамтын ажиллагаа, ард түмнүүдийн харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

   Эрхэм Та бүхэндээ болон Халхын голын байлдаанд оролцож, эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг батлан хамгаалах үйл хэрэгт жинтэй хувь нэмэр оруулсан ахмад дайчдынхаа үр хүүхдүүд, ач, зээ, төрөл төрөгсдөд баярын мэндчилгээг дахин дэвшүүлж, аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

                                    Монгол цэргийн сүр хүч, сүлд хийморь, яруу алдар үеийн үед мандан бадрах болтугай.

                                     ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН ДАРГА ХОШУУЧ ГЕНЕРАЛ С.ГАНБЯМБА

                                                                 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр

Холбоотой мэдээ
"НОРКОН 2025" МАРШИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Нийтэлсэн: 2025-02-12 13:16:31 Үзсэн: 74671
ЦЭРЭГЖЛИЙН ГИМНАСТИКИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2025-02-02 11:00:29 Үзсэн: 69606
"DRONECON-2025" АНХДУГААР ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийтэлсэн: 2025-01-27 09:27:13 Үзсэн: 50447