ЗХЖШ-ын орлогч дарга бригадын генерал Б.Баатар ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны дэргэдэх цэрэг, агаарын цэргийн атташе хошууч генерал Петрунин Павел Владимировичтой өнөөдөр /2024.10.22/ уулзалт хийлээ. Уулзалтын эхэнд ЗХЖШ-ын орлогч дарга хоёр улсын батлан хамгаалах хамтын ажиллагааны хүрээнд “Сэлэнгэ-2024” хамтарсан сургууль болон Халх голын байлдааны ялалтын 85 жилийн ойн баярыг тэмдэглэхэд ОХУ-ын талаас оруулсан хувь нэмэрт талархал илэрхийллээ.
Энэхүү уулзалтаар цаашдын хамтын ажиллагааны хүрээнд хоёр улсын Зэвсэгт хүчний харилцааг хөгжүүлэх, цэргийн алба хаагчдыг чадавхжуулах, шаталсан сургалтад хамруулах, орос хэлний сургалтын материаллаг баазыг шинэчлэх, зарим зэвсэг техникт засвар үйлчилгээ хийх болон хамтарсан сургуулийг зохион байгуулах талаар санал солилцсон юм.
Энхийг дэмжих, цэргийн хамтын ажиллагааны хэлтэс