Монгол улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх 2024 оныг ахлагчийн жил болгон зарласантай холбогдуулан Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ахлагч нарын дунд олон ажил, арга хэмжээг шат дараатайгаар хэрэгжүүлж байгаа билээ. Батлан хамгаалахын сайдын 2023 оны тушаалаар Зэвсэгт хүчний ахлагчийн албаны тэмдэглэлт өдрийг жил бүрийн 11 дүгээр сарын 9-ний өдөр тэмдэглэж байхаар тогтсон, уг өдрийг энэ жил 2 дахь удаагаа тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.
Өчигдөр буюу энэ сарын 06-ны өдөр Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын ахлагч нарын хамтын ажиллагаа, харилцан туршлага солилцох ахлагчийн тэмдэглэлт өдрийг хамтдаа тэмдэглэх ажлын хүрээнд Улаанбаатар цэргийн хүрээ, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын 500 гаруй ахлагч нар Богд уулын Дугуй цагаан аманд асуулт хариулт танин мэдэхүйн болон спортын тэмцээнүүдээр өрсөлдөж нэг өдрийг эрүүл агаарт, хамтдаа өнгөрүүллээ.
Цаашид энэ сарын 07, 08-ны өдрүүдэд Зэвсэгт хүчний нэгтгэл, анги байгууллагууд дотооддоо ахлагчийн албыг сурталчилсан уралдаан, тэмцээн, спорт арга хэмжээг явуулах бөгөөд 11 дүгээр сарын 09-ний өдөр зорилтот бүлэгт чиглэсэн “Сайн үйлсийн аян”-г зохион байгуулахаар төлөвлөөд байгаа юм.