• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ИРГЭН-ЦЭРГИЙН ХАРИЛЦААНЫ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2018-10-01 09:40:49
Үзсэн: 45

ИРГЭН-ЦЭРГИЙН ХАРИЛЦААНЫ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2018-10-01 09:40:49 Үзсэн: 45



Энэ сарын 19-21-ний өдрүүдэд Зэвсэгт хүчний иргэн-цэргийн харилцааны болон соёл хүмүүжлийн офицеруудын мэргэжил, арга зүйн сургалтыг “Цэргийн мэдээллийн ажиллагаа” сэдвээр “Бага баян-Энхийн төлөө” цогцолбор төвд зохион байгууллаа.

ЗХЖШ-ын Иргэн-цэргийн харилцааны хэлтэс, АНУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны дэргэдэх Батлан хамгаалахын атташегийн албаны Иргэн-цэргийн харилцааны бүлэг хамтран зохион байгуулсан энэхүү сургалтаар 2 орны Зэвсэгт хүчний иргэн-цэргийн харилцаа, үйл ажиллагаа, түүний төлөвлөлт, энхийг дэмжих ажиллагааны газар орон дээр явагдаж байгаа иргэн-цэргийн ажиллагаа, хэвлэл, олон нийтэй харилцах зэрэг олон асуудлыг хөндсөн юм. Мөн АНУ-ын сургагч багш нарын зүгээс мэдээллийн ажиллагаа явуулах зорилтот бүлгийг тодорхойлох, тэдний үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийх, аюулгүй байдлыг хангах, хүний эрхийг хамгаалах, иргэн-цэргийн харилцааны ажиллагааны асуудлуудыг хөндөж нэгдсэн дүгнэлтэд хүрлээ.

Энэ үеэр ЗХЖШ-ын Иргэн-цэргийн харилцааны хэлтсийн даргаар ажиллаж явсан бэлтгэл офицерууд оролцож, туршлага, санал солилцох, заавар, зөвлөмж өгөх ажлыг зохион байгуулсан. Сургалтад хамрагдсан офицеруудын онолын мэдлэг сайн байгаагийн дээр сургагч багш нарын асуултад оновчтой хариултуудыг өгч, тун идэвхтэй оролцсоныг сургуулийн удирдагчид өндрөөр үнэлж байлаа.

Тэрчлэн үдэш бүрийн чөлөөт цагаар урлагийн тоглолт, үдэшлэг, хөгжөөнт тоглоом, авхаалж самбаа, тэсвэр хатуужил сорьсон уралдаан, тэмцээнүүдийг өндөр төвшинд зохион байгуулсны зэрэгцээ ЦДБЭЧ-ын уран бүтээлчид урлагийн тоглолтоо үзүүлсэн нь мэргэжлийн соёл хүмүүжлийн ажилтнууд нэг дор цуглаж, өөр өөрсдийн туршлага, арга барилаа илэрхийлэх, хамтран суралцах өргөн боломжийг нээсэн юм.

Сургалтын үеэр зарим албан тушаалтнуудын сэтгэгдлийг хуваалцсанаа уншигч танд хүргэж байна.

УЛАМЖЛАЛТ АЖЛУУД ШИНЭ АГУУЛГА, ХЭЛБЭРЭЭР БАЯЖИЖ ГЭМЭЭ НЬ ҮР ДҮНГЭЭ ӨГДӨГ

Бэлтгэл хурандаа Д.БаЯнжав /Цэргийн алба, соёл хүмүүжлийн хэлтсийн дарга асан/:

-Хэлтсийн нэр өөрчлөгдсөн ч өмнө нь хэрэгжүүлж байсан ажлуудыг уламжлалын дагуу шинэ агуулга, хэлбэрээр зохион байгуулах ёстой. Бид ахмад үе, генерал, дарга нарын арга, туршлагаар ажил албандаа төлөвшсөн, мөн залуус, хамт олныхоо итгэл зүтгэлээр өтөл болж яваа хүмүүс. Зэвсэгт хүчний байгуулалтын аль ч үе шатанд цэрэг-ардын холбоог бэхжүүлэх, иргэд, залуучуудад цэрэг-эх оронч үзлийг төлөвшүүлэх, үндэсний түүх, хэл, соёлыг түгээн дэлгэрүүлэх, хамт олны эв нэгдэл, гар нийлэмжтэй ажиллагааг төгөлдөржүүлэх ажлыг өндөр үр дүнтэйгээр зохион байгуулж ирсэн.

Өнөөгийн цэрэг, залууст орон нутгийн музейг үзүүлэх ажлыг тогтмолжуулах шаардлагатай. Дорнод аймгаас цэргийн албанд татагдаж, Ховдод алба хаасан түрүүч, байлдагч дахин тэнд очих боломж бий билүү. Тиймээс л орон нутгийн музейгээр дамжуулан тухайн орон нутгийн түүх, ард түмний зан заншил, өв уламжлалыг сайтар судлуулах, эх орноо хайрлах ухааныг төлөвшүүлэх нь чухал. Хугацаат цэргийн алба хаагч нь шинэ орчинд 1 жилийн хугацаанд их зүйлийг сурч мэдэрдэг. Тиймээс залуу дарга нар өөрсдөө манлайлагч, биеэр үлгэрлэн дагуулагч байх ёстой.

СУРГАЛТЫГ ОЛОН ХЭЛБЭРЭЭР ЗОХИОН БАЙГУУЛДАГ

Хошууч Р.ӨнӨржаргал /ЦДБЭЧ-ын Сургалт, соёл хүмүүжил, маркетингийн албаны дарга/:

-Монгол Улс, АНУ-ын хамтран зохион байгуулж байгаа сургалтад 3 дахь удаагаа хамрагдаж байна. Сургалт зөвхөн онолын түвшинд бус дадлага, бүлгийн ажиллагаа, харилцан туршлага солилцох, мэдлэгээ бататгах зэрэг олон хэлбэрээр явагддаг нь үр дүнтэй болдог. Энэ нь мэдээлэл солилцох, туршлагаа харилцан судлах, өөрийн эх орон, Зэвсэгт хүчнээ сурталчлах гүүр болж байна. Бид хоёр улсын туршлагатай багш нар, мэргэжилтнүүдээс иргэн-цэргийн харилцаа, соёл урлаг, олон нийтийн хамтын ажиллагааны чиглэлээр бие биеэсээ суралцаж, цаашлаад нэгдсэн ойлголтод хүрч, нэг баг болж чаддаг. Тухайлбал, үүний өмнөх сургалт, семинарын үеэр бид олон нийт, хэвлэл, мэдээлэлтэй харилцах тухай асуудлыг хөндсөн бол энэ удаад сэтгэл зүйн хангалт, цэргийн мэдээллийн ажиллагааг боловсронгуй болгох чиглэлд анхаарлаа хандуулж байна.

Зэвсэгт хүчний ангиудын соёл хүмүүжлийн ажилтнууд, иргэн-цэргийн харилцааны офицеруудтай ийм өндөр үр дүнтэй сургалтыг зохион байгуулж байгаад талархсанаа илэрхийлье.

МОНГОЛ УЛС ЗҮҮН ӨМНӨД АЗИД МАНЛАЙЛАГЧ БАЙГААД ТАЛАРХДАГ

Хошууч ЛАРРУ ГРАХАМ

/АНУ-ын 97 дугаар Иргэн-цэргийн харилцааны батальоны ротын захирагч/:

-Монголын сайхан оронд зочилж байгаадаа туйлын баяртай байна. Нэн ялангуяа танай орны Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчидтай хамтын ажиллагаа, харилцаагаа улам бүр хөгжүүлж байгаадаа ямагт хүндэтгэлтэй ханддаг. Би Монгол Улсад айлчлахын өмнөхөн цахим хуудаснаас хээрийн экспедицийн нэгэн гэрэл зургийг үзэж билээ. Уг гэрэл зурагт танай улсын элсэн манханд 3 автомашины 1 нь шигдэж суусан. Тэрхүү машиныг татан гаргахаар Монгол болон Америкийн залуучууд хамтын хүчээр түрж байгаа нь ихэд анхаарал татсан. Сонирхолтой нь хоёр талын залуусын тоо тэнцүү байсан бөгөөд машинаа элсэн манханаас татан гаргахаар сэтгэл нэгдсэн нь шууд мэдрэгдсэн юм. Өнөөдөр тэр л гэрэл зургийн нэгэн адил Монгол Улс, Америкийн цэргийн алба хаагчид хамтдаа байгаа нь нэн бахдалтай. Ер нь манай 2 улсын хувьд харилцааны дээд, доод түвшинд хамтран ажиллаж байгаад бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрж байгаа юм. Өөрөөр хэлбэл иргэний хувьд ч, цэргийн алба хаагчдын хооронд хамтын ажиллагаа ихээхэн өргөжсөн нь сайшаалтай.

Би Монголд ирсэн өдрөө нэрт жанжин Д.Сүхбаатарын талбайд хөл тавьсан. Тэрээр мандах нарны зүгт гараа өргөж байгаа нь ихэд таалагдсан. Учир нь танай орны Зэвсэгт хүчний иргэн-цэргийн харилцааны үйл ажиллагаа нь Зүүн өмнөд Азийн зүгт чиглэж байгаа сэтгэгдлийг надад төрүүлсэн. Эндээс дүгнэхэд иргэн-цэргийн харилцааны хувьд Зүүн өмнөд Азийн улс орнуудын дотор Монгол Улс тэргүүлж байгааг тэрхүү хөшөө илтгэсэн гэх сэтгэгдлийг надад үлдээлээ.

Би дэлхийн 40 орчим оронд очиж ажилласан. Тэдгээрээс монголчуудын хүнлэг, зочломтгой зан чанар миний сэтгэлийг ихэд хөдөлгөж билээ. Өөрөөр хэлбэл бид бүхнийг халуун дулаан сэтгэлээр хүлээн авсан улс энэ дэлхийн хаана ч байгаагүй гэдгийг баттай хэлж чадна. Цаашид ч Монгол Улсын ЗХЖШ-ын бүтээлч ажлууд нь Зүүн өмнөд Азид манлайлагч байна гэдэгт итгэл төгс байна.

Түүнтэй ийнхүү сэтгэгдлээ хуваалцах агшинд Ларру Грахамын хувьд манай орны талаар маш сайн мэдээлэлтэй байгаа нь мэдрэгдэж билээ. Тэрээр эртний түүхтэй Монгол орны түүхтэй танилцахыг ихэд эрмэлзсэн гэдгээ илэрхийлээд, дэлхийд өөрийгөө таниулсан Чингис хаан бол түүхэн хүн бөгөөд дэлхийн дайны түүхэнд зөвхөн операци, байлдааны ажиллагааг эрчимтэй явуулж, ялалт байгуулсандаа бус дипломатын аргаар дэлхийг байлдан дагуулсан нь гайхамшигтай. Ер нь зөөлөн бодлогын аргыг та бүхний хэрэгжүүлж байгаа иргэн-цэргийн харилцаа хэрэгжүүлэх болно гэдгийг тодотгож билээ. Түүний хэлснээр дипломат зөөлөн бодлогын аргыг хэрэгжүүлэгч нь хамгийн ухаантай хүнд тооцогддог аж.

ГАДААД ХЭЛИЙГ САЙТАР ЭЗЭМШВЭЛ БОЛОМЖ ИХ БАЙНА

Дэслэгч А.ТӨГӨЛДӨР /Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн СБМББ-ны соёл хүмүүжлийн зааварлагч/:

- Би энэ жил ҮБХИС-ийн Цэргийн нэгдсэн сургуулийг “Ерөнхий цэргийн команд-соёл хүмүүжлийн ажил” мэргэжлээр төгсч, одоогийн албан тушаалд томилогдон ажиллаж байна. Ажлын гарааны эхний жилдээ Зэвсэгт хүчний соёл хүмүүжлийн ажилтнуудын сургалтад хамрагдаж онолын мэдлэгээ бататгаж, мэргэжлийн албан тушаалтнуудын туршлагыг судалсандаа баяртай байна. Миний хувьд энэхүү сургалтад хамрагдсанаар АНУ-ын сургагч багш нараас их зүйлийг сурлаа. Ялангуяа иргэн-цэргийн харилцааны онолын асуудлыг гүнзгийрүүлэн судалж, сэтгэл зүйн хангалтыг өндөр үр дүнтэй зохион байгуулах, хэвлэл, мэдээллийн ажилтнуудтай харилцах, хамт олныг идэвхжүүлэх, тэдэнд эерэг нөлөөлөл үзүүлэх арга зүйд суралцлаа. Сургалтыг зохион байгуулахдаа суралцагсдын бүтээлч оролцоонд тулгуурлан харилцан ярилцлагын аргаар, сонирхолтой хэлбэрийг сонгож, өндөр ачаалалтай явуулж байгаа нь ажиглагдсан.

Цаашид гадаад хэлийг сайтар эзэмших, ялангуяа англи хэлний сургалтад амжилттай хамрагдсанаар залуу офицер, ахлагч нарт албандаа өсөх өргөн боломж байгааг илүүтэй мэдэрлээ. Улам бүр хичээж, бодлогоор дэвшүүлсэн зорилго, зорилтуудыг ханган биелүүлэхийн төлөө идэвх зүтгэлтэй хөдөлмөрлөх болно.

ИРГЭН-ЦЭРГИЙН ХАРИЛЦАА НЬ ӨРГӨН ХҮРЭЭТЭЙ АСУУДАЛ

Ахмад Э.Ганбаяр /Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн иргэн-цэргийн харилцааны тасгийн дарга/:

-Өмнө нь би Канад улстай хамтран зохион байгуулсан сургалтад хамрагдаж байсан. Харин энэ удаа АНУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны дэргэдэх Батлан хамгаалахын атташегийн албаны Иргэн-цэргийн харилцааны бүлэгтэй хамтран зохион байгуулсан сургалтад хамрагдлаа. ЗХЖШ-ын ИЦХХ-ийн гадаад харилцаа өргөжиж, олон улсын хамтарсан сургалтыг өргөнөөр зохион байгуулах, харилцан туршлага судлах боломж бүрдсэн нь сайшаалтай. Сургалтад оролцсон газар, хэлтсийн даргаар ажиллаж байсан дарга нарын дотор миний хүндэлж явдаг бэлтгэл хурандаа Д.Отгонбаатар ирсэн. Тэрээр Зэвсэгт хүчний 124 дүгээр ангийн захирагчаар ажиллаж байхдаа миний боловсролын төвшин, хөдөлмөрийн үр дүнг өндрөөр үнэлж, тухайн үеийн ахлагч намайг офицерын албанд томилсонд талархаж явдаг. Би хугацаат болон гэрээт цэргийн албыг хааж, ахлагчийн албанаас офицерын эгнээнд дэвшин ажилласан цөөн хүний нэг. Миний хувьд Афганистан улсад 3 удаа үүрэг гүйцэтгэсэн болохоор иргэн-цэргийн харилцааг бэхжүүлж, нутгийн иргэдийн аюулгүй байдлыг хангах, тэдний талархлыг хүлээнэ гэдэг амаргүй бөгөөд өндөр хариуцлагатай ажил болохыг мэдэрсэн. Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах, иргэдэд үнэн бодит мэдээллийг өгөхөд иргэн-цэргийн харилцааны офицерууд, сэтгэл зүйчид, соёл хүмүүжлийн ажилтнуудын үүрэг их болохыг улам мэдрүүлж, ажиллагааны бодит жишээн дээр харилцан ярилцлагын аргаар энэ удаагийн сургалт явагдсанаараа өндөр ач холбогдолтой боллоо.

Холбоотой мэдээ
"НОРКОН 2025" МАРШИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Нийтэлсэн: 2025-02-12 13:16:31 Үзсэн: 74668
ЦЭРЭГЖЛИЙН ГИМНАСТИКИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2025-02-02 11:00:29 Үзсэн: 69603
"DRONECON-2025" АНХДУГААР ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийтэлсэн: 2025-01-27 09:27:13 Үзсэн: 50445