Зэвсэгт хүчний Кибер аюулгүй байдлын цэргийн командлалын 2024 оны үйл ажиллагааны тайлангийн хурал энэ сарын 05-ны өдөр зохион байгуулагдлаа. Тайлангийн хуралд Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга хошууч генерал С.Ганбямба, Зэвсэгт хүчний Хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын дарга хурандаа С.Баяр-Очир, Кибер аюулгүй байдлын цэргийн командлагч хурандаа Ж.Молорболд болон КАБЦК, Зэвсэгт хүчний 301 дүгээр ангийн удирдлага, штабын бүрэлдэхүүн оролцсон юм.
КАБЦК-ын Штабын дарга, Удирдлага, төлөвлөлтийн хэлтсийн дарга хурандаа Ш.Амарбаясгалан 2024 оны КАБЦК-ын гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийн тайлан, Зэвсэгт хүчний 301 дүгээр ангийн үйл ажиллагааны төлөвлөлтийн хэрэгжилтийн тайланг илтгэсэн. Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга хошууч генерал С.Ганбямбын тайлантай холбогдуулан асуусан асуултад КАБЦ-ийн командлагч хурандаа Ж.Молорболд болон холбогдох албан тушаалтнууд хариулт өгөв.
ЗХЖШ-ын дарга КАБЦ-ийн мэргэжлийн чиглэлийн судалгаа шинжилгээ хийх, Зэвсэгт хүчний төв-тусгай ангийг бэхжүүлэх санал санаачилгыг дэмжиж ажиллахаа илэрхийлээд тайлангийн хуралд оролцсон нийт бүрэлдэхүүнд ирж буй 2025 онд шинийг санаачилж, бүтээлч сэтгэлгээтэй, эрч хүчтэйгээр ажиллахыг үүрэг болгож ажлын амжилт хүсэв.