Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит Марш тактик, тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээн нь төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой бөгөөд тэмцээний цар хүрээ жил ирэх тусам нэмэгдэж, алба хаагчид идэвхтэй оролцох болсон юм. Монголын цэргийн болон хууль сахиулах алба хаагчид дэлхийн халуун цэгүүдэд үүрэг гүйцэтгэх явцдаа хариуцлага, тэсвэр хатуужил, ур чадвараараа гайхагдаж байдгийн нэгэн шалтгаан нь байнгын бэлтгэл сургуулилалт, харилцан ажиллагааг бий болгодог марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээн юм.
2019 онд уламжлал болгон зохион байгуулагдсан уг тэмцээнд ЗХЖШ, ХХЕГ, ОБЕГ, Дотоодын цэрэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, ҮБХИС, ДХИС зэрэг 8 байгууллагын 19 багийн 500 гаруй тамирчин, алба хаагч оролцсон юм. Марш тактик, тусгай бэлтгэлийн тэмцээн нь жагсаалын бэлтгэл, буудлага, саадтай зурвас, хөнөөлийн голомтод ажиллах гэх мэт олон төрлөөр үргэлжилж алба хаагчдаас цэргийн бэлтгэл сургуулилт, бие бялдар, сэтгэл зүйн тэсвэр тэвчээр, ур чадвар шаардсан олон сорилтой юм.
Энэ тэмцээнд түрүүлэх нь чухал хэдий ч оролцох, багийн ажиллагаагаа чадваржуулах, бие бүрэлдэхүүнээ сорих, хатуужуулах нь нэн тэргүүний зорилт юм.