"Монгол цэргийн өдөр", Зэвсэгт хүчний 101 жилийн ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх ажлын хүрээнд Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлал, Нийслэлийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын бие бүрэлдэхүүний дунд нөхөрсөг уулзалт өдөрлөг, спортын цогцолбор тэмцээнийг зохион байгуулав.
Хоёр байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх, алба хаагчдын дунд хамт олонч, нөхөрсөг харилцааг төлөвшүүлэх, биеийн тамир, спортоор хичээллэж, бие бялдраа чийрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгыг агуулсан эл өдөрлөгт Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалын Удирдлага, төлөвлөлтийн хэлтсийн дарга хурандаа Б.Энхзоргол, Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий болон дээрх байгууллагуудын удирдлага, хамт олон идэвхтэй оролцлоо. Өдөрлөгийн хүрээнд тэд ширээний теннис, гар бөмбөг, сагсан бөмбөг, биллиард зэрэг спортын төрлүүдээр өрсөлдсөнөөс гадна караоке дууны тэмцээнийг зохион байгуулан авьяас, ур чадвараа уралдуулсан юм.
Мөн энэ үеэр хоёр байгууллагын удирдлага 2022 оны хамтын ажиллагааны төлөвлөгөөнд харилцан гарын үсэг зурлаа. Уг төлөвлөгөөнд Агаарын цэргийн анги, салбарын залуу гэр бүлийг төлөвшүүлэх, хөгжүүлэх, тэдний хүүхдүүдийг сургаж хүмүүжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, цэргийн алба хаагчдын сэтгэл зүйн хангалтыг дээшлүүлэх, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэхэд чиглэсэн олон ажил, арга хэмжээ тусгагдсан ажээ.
Эх сурвалж: "Соёмбо" сонин