• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2023-12-31 09:00:54
Үзсэн: 257

ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2023-12-31 09:00:54 Үзсэн: 257



   

       Монгол Улсынхаа эрх чөлөө, тусгаар тогтнол, халдашгүй дархан байдлыг сахин хамгаалах үйл хэрэгт хөдөлмөр зүтгэл, залуу насаа зориулсан бэлтгэл, чөлөөнд байгаа ахмад дайчид, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагч, ажилтан албан хаагч, хилийн чанадад үүрэг гүйцэтгэж байгаа дипломат ажилтан, цэнхэр дуулгатан-энхийг сахиулагчид Та бүхэндээ айлчлан ирж буй 2024 оны шинэ жилийн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

      Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн улиран одож буй 2023 онд бодлогоор дэвшүүлсэн зорилго, зорилтуудаа бүрэн хангасны дотор цэргийн мэргэжлийн удирдлагын дээд байгууллага, нэгтгэл, ангиудын бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох, үүрэг гүйцэтгэх чадавх, энхийг дэмжих ажиллагаа, улс орны бүтээн байгуулалтад оролцох оролцоог нэмэгдүүлэх, хүний нөөцийн бодлого, цэргийн сургалт бэлтгэл, материал, техникийн хангалтын тогтолцоог шинэчлэх, дотоод хяналт шалгалтыг сайжруулах, гэмт хэрэг, осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй байдлыг чанд сахих, бие бүрэлдэхүүний ажиллаж, амьдрах орчин нөхцөл, нийгмийн хамгааллыг сайжруулахад чиглэгдсэн олон талт үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлсэн юм.

      Монгол Улсын төр, засгаас бие бүрэлдэхүүний нийгмийн хамгааллыг бэхжүүлэхэд онцгой анхаарч цалинг үе шаттайгаар нэмэгдүүлсний зэрэгцээ цаашид төрийн албаны цалингийн ангилал, шатлал, зэрэглэлийг адилтгах бодлогыг баримтлан ажиллаж байна.

      Энэ онд Агаарын цэргийн командлалыг шилжүүлж, Кибер аюулгүй байдлын цэргийн командлалыг шинэ байранд оруулснаар бие даасан үйл ажиллагааг нь хангасан бүтээлч ажил байсан юм.

      ЗХЖШ-аас дайчилгаатай болон орон нутгийн хамгаалалтын нэгдсэн сургуулийг Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлал, 016 дугаар нэгтгэл, Төв аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулсан нь орон нутагт батлан хамгаалах нэгдмэл тогтолцооны үндсэн асуудлыг иж бүрнээр нь боловсруулсан сургууль боллоо.

      Бид бүхэн энэ оноос энхийг дэмжих ажиллагааны шинэчлэлийн ажлыг эхлүүлж, Монгол Улсын цахим хөгжлийн бодлогод нийцүүлэн сонгон шалгаруулалтыг нээлттэй, ил тод явуулах зорилгоор БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх цэргийн багийн сонгон шалгаруулалтыг анх удаа цахимаар зохион байгуулсан ба цаашид цэргийн багийн бие бүрэлдэхүүн, штабын офицер, цэргийн мэргэжилтнүүдийн сонгон шалгаруулалт, бүртгэлийг цахим хэлбэрт бүрэн шилжүүлэхээр ажиллаж байна.

      Энэ оны 6 дугаар сард НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Цэргийн зөвлөх генерал Бирами Диоп манай улсад айлчлах үеэр Монгол Улсын Зэвсэгт хүчин санаачлан “НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй энхийг сахиулагчид болон тэдний гэр бүлд дэмжлэг үзүүлэх жишиг төсөл”-ийг НҮБ-тай хамтран хэрэгжүүлэхээр тохиролцсон. Энэ ажлын хүрээнд Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Бүгд Найрамдах Гана Улсад 2023 оны 12 дугаар сард зохион байгуулагдсан НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд цэрэг илгээгч орнуудын сайд нарын хуралд оролцох үеэр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Энхийн ажиллагаа хариуцсан зөвлөх, Энхийн ажиллагааны газрын дарга Пиерри Лакруад энэхүү жишиг төслийг өргөн барьсан юм.

      Улиран одож буй энэ оны 9 дүгээр сард Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын залуу офицеруудын чуулганыг амжилттай зохион байгуулсан ба уг чуулганыг угтсан олон бүтээлч ажлуудыг амжилттай хэрэгжүүлсний дотор дээрх байгууллагуудын шилдэг офицер шалгаруулах тэмцээнд Зэвсэгт хүчний офицерууд тэргүүн байрт шалгарсан нь бид бүхний бахдам амжилтын нэг байлаа.

      Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын алба хаагчдын ёс зүй, бие бялдрын бэлтгэлжилтийн түвшин тогтоох үзлэгийн нэгдсэн дүнгээр Зэвсэгт хүчний Жанжин штаб, Зэвсэгт хүчний 150 дугаар анги тэргүүн байрт шалгарсныг баярын энэ өдөр бахархан тэмдэглэе.

      Энэ оны 7, 8 дугаар сард нийслэл Улаанбаатар хотод олон хоногоор үргэлжилсэн гэнэтийн хүчтэй аадар борооны улмаас учирсан үер усны гамшгийн хөнөөлийг багасгах, хор уршгийг арилгах, сэргээн босгох ажиллагаанд 1600 орчим цэргийн алба хаагч дэмжлэг үзүүлж, иргэдийн талархлыг хүлээсэн юм. Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн энэ өдрүүдэд өвөлжилт хүндэрсэн аймаг, сумын нутаг дэвсгэрт зам гаргах, малчдад туслах, өвс, тэжээлийг тээвэрлэн хүргэх үүргийг нэр төртэйгөөр гүйцэтгэж байна.

      Бид бүхэн 2024 онд Батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчний дунд хугацааны хөгжлийн зорилтыг хангах, цэргийн мэргэжлийн нэгдмэл удирдлагыг хэрэгжүүлэх замаар бэлэн байдал, сургалт бэлтгэл, үүрэг гүйцэтгэх чадавхыг дээшлүүлэх зорилгыг дэвшүүлсний зэрэгцээ энэ оныг “Ахлагчийн албыг дэмжих жил” болгон олон бүтээлч ажлыг хэрэгжүүлэх болно.

       Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн хуулиар хүлээсэн чиг үүргүүдийг нэр төртэйгөөр биелүүлж, ололт амжилтаа улам бүр бататгахын зэрэгцээ ирэх онд бодлогоор дэвшүүлсэн зорилго, зорилтуудаа хамтын хүчин чармайлт, идэвх зүтгэл, бүтээлч санаачилгатай ажиллагааны үр дүнд амжилттай шийдвэрлэж чадна гэдэгт итгэл төгс байна.

                        Та бүхний ажил үйлсэд арвин их амжилт, амьдралд тань аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг бэлгэдэн ерөөе!

                                     Монгол цэргийн яруу алдар, сүр хүч, сүлд хийморь үеийн үед мандан бадрах болтугай!

                                            ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН ДАРГА ХОШУУЧ ГЕНЕРАЛ С.ГАНБЯМБА