Эх орноо батлан хамгаалагч, эрхэм хамтран зүтгэгчид, мөрдөс, зорилго нэгт дайчин нөхөд Та бүхэндээ болон таны гэр бүлд шинэ жилийн баярын мэнд дэвшүүлье. Хүн бүрийн сэтгэлд хүүхэд ахуй наснаас нь хоногшиж үлдсэн гэгээн сайхан дурсамжууд он солигдох торгон мөч, шинэ жилийн баяртай салшгүй холбоотой. Өнгөрсөнд бүтээсэн ололт амжилтууд үргэлж шинэ бүхэнд тэмүүлэх урам зориг, эрч хүчийг хайрлаж байдаг.
Өвөг дээдэс, ахмад үеэсээ өвлөн авч өнөө цагт үйл хэргийг нь залгамжлан эх орон, ард түмнийхээ эрх чөлөө, тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн, аюулгүй байдлыг батлан хамгаалах хүндтэй бөгөөд, хариуцлагатай үүргийг хэрэгжүүлж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний хувьд ололт амжилт дүүрэн нэгэн оныг түүх болгон мөнхөлж байна.
Хуульд заасан үүрэг, бодлогоор дэвшүүлсэн зорилт бүрийг ханган хэрэгжүүлэхийн төлөө эгэл жирийн түрүүч, байлдагч, энхийн үйлст цэнхэр дуулгатан, энгийн тодотголтой ажилтан албан хаагчид, мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчний гол цөм болсон ахлагч нар, мэдлэг, ур чадвартай генерал, офицерууд бүгд нэгэн цул болж, нэгдмэл санаа зорилготойгоор мэрийн хөдөлмөрлөж, энэхүү түүхийг хамтдаа бичилцлээ.
Зэвсэгт хүчний үйл ажиллагааны чиг үүргийг илүү нарийвчлах, алба хаах орчин нөхцөл, зэвсэглэл, техникийн ашиглалт, хангалтыг сайжруулах, үүрэг гүйцэтгэх бэлэн байдлыг дээшлүүлэх, цэргийн сургалт бэлтгэлийн агуулга, арга хэлбэрийг боловсронгуй болгох, алба хаагчдын хариуцлага, ёс зүй, сахилга бат, албандаа хандах эерэг хандлагыг нэмэгдүүлэхэд чиглэсэн олон талт арга хэмжээг амжилттай хэрэгжүүлж, тодорхой ахиц дэвшил, үр дүнд хүрлээ.
Зэвсэгт хүчний гадаад хамтын ажиллагаа өргөжиж, түнш орнуудын цэргийн итгэлцэл, алба хаагчдын харилцан дадлага, туршлага солилцох боломж улам нэмэгдсэний зэрэгцээ энхийг сахиулах ажиллагааны оролцоо, тэр дундаа удирдлагын түшинд үүрэг гүйцэтгэх болон эмэгтэй энхийг сахиулагчдын тоо өсөн нэмэгдлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар 2024 оныг “Ахлагчийн жил” болгон зарлаж, өргөн хүрээтэй олон ажил, арга хэмжээг төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудыг хамруулан зохион байгуулсан нь төрийн цэргийн нэгдмэл байдлыг хангах, ахлагчийн албаны хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсан цогц арга хэмжээ болсныг тэмдэглэхэд таатай байна.
Дэлхий дахины цэрэг, улс төрийн байдал улам бүр ээдрээтэй төвөгтэй болж буй энэ цаг үед бид Төрийн Батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчнийг хөгжүүлэх хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлж, бэлэн байдал, сургалт бэлтгэл, үүрэг гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлэх шаардлага өсөн нэмэгдэж байна.
Иймд ирж буй шинэ он бидний хувьд Зэвсэгт хүчний үүрэг гүйцэтгэх бэлэн байдлыг дээшлүүлэх жил байх болно.
Зэвсэгт хүчний бодлогоор дэвшүүлсэн зорилго, зорилтуудыг ханган хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулахыг Та бүхэнд уриалж, аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе!
Монгол цэргийн суу алдар мөнхөд бадартугай.
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН ДАРГА ХОШУУЧ ГЕНЕРАЛ СҮНРЭВИЙН ГАНБЯМБА