Ардын Армийн Зенитийн пуужингийн тусгай дивизион буюу өнөөгийн Зэвсэгт хүчний 353 дугаар ангийн 60 жилийн ойн баярыг тохиолдуулан тус ангийн хөгжил дэвшилд жинтэй хувь нэмэр оруулсан бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчид, тэдний бүтээлч үйл ажиллагааг түүчээлэн залгамжилж яваа нийт офицер, ахлагч, ажилтан албан хаагч Та бүхэнд түүхт ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье!
БНМАУ-ын АЦХЭЯ-ны сайд бөгөөд Ардын Армийн командлагчийн 1964 оны тушаалаар Ардын Армийн 028 дугаар анги буюу Зенитийн пуужингийн тусгай дивизионыг байгуулах шийдвэр гарснаар тус анги байгуулагдсан түүхтэй.
Монгол Улсын төр, засаг, БХЯ, ЗХЖШ-ын удирдлагаас Зэвсэгт хүчний Агаарын цэргийг бэхжүүлэх, орчин үеийн зэвсэглэл, техникээр хангах зорилтын хүрээнд Засгийн газрын 2011 оны тогтоолоор тус анги нь Зэвсэгт хүчний 353 дугаар анги болон байгуулагдаж, үйл ажиллагаагаа явуулж байна.
Өнгөрсөн нэгэн жарны хугацаанд тус ангийн бие бүрэлдэхүүн эх орон, төр, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэйгөөр биелүүлж, Ардын Армийн “Онц анги”-аар 21 удаа шалгарч, Зэвсэгт хүчний “Тэргүүний анги”-ийн болзлыг олон удаа бататган, байлдааны пуужингийн харвалтыг тогтмол сайнаас онц дүнтэй гүйцэтгэж ирснийг баярын энэ өдөр онцлон тэмдэглэе.
Тус ангийн бие бүрэлдэхүүн цаашид хуулиар хүлээсэн үүргээ амжилттай биелүүлэхийн зэрэгцээ мэргэжлийн цэрэгт суурилсан, чадварлаг Зэвсэгт хүчнийг хөгжүүлэх, ангийн өмнө дэвшүүлсэн зорилго, зорилтуудаа хангах үйл хэрэгт амжилт гаргана гэдэгт итгэлтэй байна.
Та бүхэнд дахин баярын мэндийг дэвшүүлж, цаашдын ажил албанд арвин их амжилтыг бэлгэдэн ерөөе!
Монгол цэргийн сүр хүч, сүлд хийморь, яруу алдар үеийн үед мандан бадрах болтугай!
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН ДАРГА ХОШУУЧ ГЕНЕРАЛ С.ГАНБЯМБА
2024 оны 08 дугаар сарын 10-ны өдөр