Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалах нэр хүндтэй бөгөөд өндөр хариуцлагатай үйлсэд эрдэм мэдлэг, оюун ухаан, хөдөлмөр зүтгэлээ зориулж байгаа эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтан алба хаагчид Та бүхэнд “Эрүүл мэндийн ажилтны өдөр”-ийн баярын мэндийг өргөн дэвшүүлье.
Бүх цэргийн зөвлөлийн 1921 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 5 дугаар тогтоолоор Монгол Ардын журамт цэрэг болон иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлэх “Монгол-Түвдийн эмнэлгийн хороо”-г байгуулах шийдвэр батлагдсанаар Монгол Улсад орчин цагийн анагаах ухаан үүсэж хөгжих түүхэн эхлэл тавигдсан юм.
Монгол Улсад энэхүү өдрийг “Эрүүл мэндийн ажилтны өдөр” болгон тэмдэглэсээр ирсэн бөгөөд эх орон, төр, ард түмнийхээ өмнө өргөсөн хос тангарагтаа үнэнчээр зүтгэж байгаа цэргийн эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтэн, нийт ажилтнуудын хувьд чухал тэмдэглэлт баярын өдөр байдаг билээ.
Монгол Ардын журамт цэрэг харийн түрэмгийлэгчдээс эх орноо чөлөөлж, тусгаар тогтнолоо сэргээн мандуулах, 1939 оны Халхын голын байлдаан, 1945 оны Чөлөөлөх дайн болон 1948-1951 оны Баруун хилийн тулгаралтад эх орныхоо тусгаар тогтнолыг бататгаж, дэлхийн улс орноор тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлэх түүхэн нөхцөлийг бүрдүүлэхэд цэргийн эмнэлгийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн оруулсан хувь нэмэр өндөр байсныг түүх гэрчилдэг.
Өнөө цагт Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, байгууллагад ажиллаж байгаа цэргийн эмч, эмнэлгийн ажилтнууд маань алба хаагчдынхаа эрүүл энхийн төлөө хичээн зүтгэхийн зэрэгцээ НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын хүмүүнлэгийн ажиллагаанд үүргээ нэр төртэй гүйцэтгэж, хүн төрөлхтөний энхийн үйлсэд хувь нэмрээ оруулж байгааг баярын энэ өдөр онцлон дурдахад таатай байна.
Түүнчлэн улс оронд нүүрлэсэн гамшиг осол, цар тахлын үед гамшгийн хор хөнөөлийг бууруулах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх зэрэгт хос тангарагтан Та бүхэн тэргүүн эгнээнд үүргээ үлгэр жишээчээр биелүүлж, ард түмнийхээ бахархал болж байдагт баяр хүргэе.
Цэргийн эмч, сувилагч, эмнэлгийн ажилчид Та бүхэнд баярын мэндийг дахин дэвшүүлж, цаашдын ажил үйлсэд арвин их амжилт, аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН ДАРГА ХОШУУЧ ГЕНЕРАЛ С.ГАНБЯМБА