• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

“МОНГОЛ ЦЭРГИЙН ЖАВХАА” ХИЙМОРЬ ӨӨДӨӨ БАЙНА
Нийтэлсэн: 2016-04-29 14:15:48
Үзсэн: 113

“МОНГОЛ ЦЭРГИЙН ЖАВХАА” ХИЙМОРЬ ӨӨДӨӨ БАЙНА
Нийтэлсэн: 2016-04-29 14:15:48 Үзсэн: 113



“Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”-д “Монгол Улсын оршин тогтнохуйн аюулгүй байдлын үндэс нь тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хил хязгаарын халдашгүй байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хангах явдал мөн” болохыг тунхаглан зарласан. Тиймээс ч зуун зууны баатарлаг түүхтэй, туурга тусгаар эх орны минь эрх чөлөө, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын билэг тэмдэг нь, эв нэгдэлт ард түмний маань энх амгалан оршихуйн баталгаа нь Монгол цэрэг байсаар ирсэн ба өдгөө ч манай улсын хөгжил, дэвшилд энэ салбарын гүйцэтгэх үүрэг, түүхэн ач холбогдол улам бүр өссөөр байна.

Монгол Улсын Зэвсэгт хүчин хуулиар хүлээсэн эх орноо батлан хамгаалах үндсэн чиг үүргээ үнэнчээр биелүүлж, тайван цагийн бэлтгэлийг сайтар хангахын хамтаар эх орныхоо бүтээн байгуулалтад өөрийн жинтэй хувь нэмрээ оруулж, үйлдвэрлэлийн осол, байгалийн гамшгаас хүн ам, эд баялгийг авран хамгаалахад дэмжлэг үзүүлэх, НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд оролцох гээд олон үүргийг тайван цагт нэр төртэй гүйцэтгэж ирсэн.

Өнөөдөр Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид дэлхийн халуун цэгүүдэд НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд мэргэжил, ур чадварын өндөр түвшинд туйлын хариуцлага, сонор сэрэмжтэйгээр үүргээ нэр төртэй гүйцэтгэж, “дэлхийн цэрэг” болсныг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болон гадаад орнуудын төр, цэргийн өндөр албан тушаалтнууд зүй ёсоор хүлээн зөвшөөрөөд байна. Энэ цэргийн багийн дийлэнх бүрэлдэхүүнийг Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид бүрдүүлж ирсэн ба үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын бие бүрэлдэхүүн олноор хамрагдах болж, Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд өндөр ачаалалтайгаар ажиллагааны өмнөх сургалт, дадлагад хамрагдсанаар тэдний мэргэжлийн ур чадвар улам бүр өссөөр байгаад бид бахархал дүүрэн ханддаг юм.

Тэрчлэн Монгол орны өнцөг булан бүрт манай цэргийн алба хаагчид олон арван барилга, зам, гүүрийг барьж, байгуулах зэрэг бүтээн байгуулалтын ажлыг мэргэжлийн өндөр түвшинд  гүйцэтгэж, өмнөх уламжлалыг сэргээж чадсан нь иргэд, олон түмний талархлыг зүй ёсоор хүлээх болсон.

Ийм нөхцөлд Монгол Улсын төр, засгаас батлан хамгаалах салбарын хууль тогтоомжийг улам бүр боловсронгуй болгох, цэргийн байгуулалтыг бэхжүүлэх, эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэх, бие бүрэлдэхүүний нийгмийн хамгааллыг сайжруулах зэрэг олон талт ажил, арга хэмжээг хэрэгжүүлж, өнөөгийн Монгол цэргийн гүйцэтгэж буй үүрэг, нэр хүнд, түүхэн ач холбогдлыг өндөрт өргөсөөр байна.

Энэ бүхний нэг тод илрэл нь Нийслэлийн Засаг даргын захирамжаар зохион байгуулж байгаа “Монгол цэргийн жавхаа” уралдаан юм. Энэхүү уралдааныг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл санаачлан Нийслэлийн ЗДТГ-аас “Найрсаг Улаанбаатар хөтөлбөр”-ийн хүрээнд 4 дэх жилдээ зохион байгуулж байгаа асар өндөр ач холбогдол бүхий уралдаан болон өрнөж буйгаараа онцлогтой.

Дээрх уралдааныг Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах Ерөнхий газар, Онцгой байдлын Ерөнхий газартай хамтран зохион байгуулдаг бөгөөд тэдгээрийн харьяа Улаанбаатар хотын бүх анги, байгууллагууд хамрагддагаараа өргөн цар хүрээтэй.

Уралдааны ажлын хэсгийг өдөр тутмын ажлын ачаалал маш өндөр байдаг, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга ахалж, орлогчоор нь ЗХЖШ-ын орлогч дарга, Улаанбаатар цэргийн хүрээний дарга томилогдож, гишүүдэд БХЯ, ЗХЖШ, ХХЕГ, ОБЕГ, Нийслэлийн ЗДТГ-ын олон албан тушаалтнууд багтсанаас харахад энэхүү уралдаанд ямар их ач холбогдол өгсөөр ирснийг тод хамруулах жишээ гэж тодорхойлж болно.

“Монгол цэргийн жавхаа” нэрийн дор Улаанбаатар цэргийн хүрээнд байрлах анги, байгууллагуудын дунд тэргүүний тохижилттой, жагсаалч анги, байгууллага шалгаруулах уралдаан ийнхүү амжилттай явагдаж, өнгөрсөн долоо хоногт дөрөв дэх удаагийн уралдааны нэгдүгээр шатны шалгаруулалтыг явуулж, урьдчилсан байдлаар дүнгээ гаргаад байна.

Манай ард түмэн “Улсын сүр цэрэгтээ, цэргийн сүр жагсаалдаа” гэж байнга ярих дуртай. Үнэндээ ч нэгэн тугийн дор нэгдэж, дэлхийн хуурай газрыг бүхэлд нь эзэлж, Монгол гэдэг нэр алдрыг ертөнцийн чихнээ цуурайтуулж явсан буурал түүхийг залгамжлан яваа төрийн цэргийн байгууллын анги, байгууллагуудын дунд энэхүү уралдааныг уламжлал болгон зохион байгуулж байгаад баярлаж, бахархах хүн маш олон байдаг.

Эл уралдааны нээлтийн ажиллагаа бүрт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч өөрийн биеэр оролцож, өнөөгийн Зэвсэгт хүчин, Хил хамгаалах болон Онцгой байдлын байгууллагын оролцоо, идэвх чармайлтыг  өндрөөр үнэлж, Нийслэлийн өнгө, төрхийг өөрчлөх, ногоон байгууламжийг төгөлдөржүүлэх, байгууллага, бие хүний соёлыг төлөвшүүлэх, тохижилт, үйлчилгээг бүрдүүлэх, эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэх, бие бүрэлдэхүүний бие бялдар-сэтгэл зүйн бэлтгэл, жагсаалч ажиллагааг сайжруулахад жил ирэх тутам өндөр амжилт олж байгааг бахархан тэмдэглэж, бахдан магтаж байхыг сонсоод ихэд баярлаж суусансан.

Дээрх уралдааны нээлт, хаалтын ажиллагаанд Монгол Улсын Их хурал, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд болоод БХЯ, ЗХЖШ, ХХЕГ, ОБЕГ-ын дарга, удирдах албан тушаалтнууд, нийт бие бүрэлдэхүүний төлөөлөл тогтмол оролцож байгаа нь түүний ач холбогдлыг улам бүр өргөж буй тод томруун жишээ гэдэгт эргэлзэх юун билээ.

Өнөө цагт нийслэл, хотынхоо соёл, хөгжил, дэвшилд бодитой хувь нэмэр оруулж, эрүүл, аюулгүй, тэргүүний тохижилттой байгууллагын тоог нэмэгдүүлэх шаардлагатайг нэг талаас олж харсан хэрэг, нөгөө талаас үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын онцлог, ач холбогдлыг өндрөөр үнэлсэн хэрэг, ямартаа ч энэхүү уралдаан анги, байгууллага бүрийн тохижилт, соёлжилт, гар нийлэмжтэй ажиллагаанд бодит хувь нэмрээ оруулж чадсан гэдгийг бахархал дүүрэн нотолж чадна.

Миний бие танил хүн бүртэйгээ мэндлэхэд “Монгол цэргийн жавхаа” уралдаандаа бэлтгээд тун завгүй явна гэдэг үгийг олонтаа сонсч явсны хувьд энэхүү уралдааны ач холбогдол асар өндөр байна даа хэмээн ихэд бахархдагсан. Бидний очсон анги, байгууллага бүр гадна орчноосоо эхлээд ямар их тохижилт хийснийг, эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэх талаар ямархан ажил, арга хэмжээг хэрэгжүүлж чадсаныг, ногоон байгууламжийг жинхэнэ утгаар хөгжүүлж, мод, бут, цэцэг нэг бүрийг эзэн хариуцагчтай болгосныг, цэргийн дүрэмт хувцасны зөв хэрэглээ, цэргийн алба хаагчдын жагсаалч, дүрэмч ажиллага хэрхэн сайжирсныг төвөггүйхэн мэдрэх болсон. Энэ бүхэн “Монгол цэргийн жавхаа” уралдааны ач холбогдлын нэгээхэн хэсэг нь гэж дүгнэхэд болно. Нөгөө талаар анги, байгууллагын шалган нэвтрүүлэх цэгээс эхлээд гадна, дотнох бүх тохижилт, байр, танхим, албаны өрөө, бүр гар нүүр угаах, бие засах өрөөний төхөөрөмж, соёл, үйлчилгээний стандартыг Монгол Улсад мөрдөж байгаа стандартын дагуу шаардах болсон нь уралдааны нарийн “шүүлтүүр”-ийн нэг онцлог болоод байна.

Иймээс Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагаас санаачлан иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх, цэргийн алба хаагчдын ажиллаж, амьдрах эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэх, цэргийн алба хаагчдын бие бялдрын түвшин, цэргийн албаны үнэлэмжийг дээшлүүлэх, цэргийн жагсаалаар дамжуулан иргэдэд эх оронч, үндэсний бахархалт үзлийг бий болгох нь уралдааны нэг зорилго нь болсоор ирсэн. Нөгөө талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар баталсан “Цэргийн нийтлэг дүрмүүд”-ийн заалтыг хэрэгжүүлэн, анги, байгууллагын тохижилт, бие бүрэлдэхүүний дүрэмч, жагсаалч ажиллагаа, бие бялдрын стандартыг хангуулж, гадаад үзэмжийг дээшлүүлэн, Зэвсэгт хүчний үйл ажиллагаа, цэргийн ёслол, хүндэтгэлийн арга хэмжээг иргэд, олон нийтэд сурталчлах зорилгыг агуулсан нь уралдааны ач холбогдлыг улам бүр өргөж байна.

Аливаа уралдаан өөрийн дэвшүүлсэн зорилго, зорилтдоо тулгуурлан зайлшгүй тавигдах шаардлагатай байдаг ба өнгөрсөн хугацаанд уг уралдаанаар тавьсан нийтлэг шаардлага нь “Нийслэлийн иргэдэд Батлан хамгаалах төрийн үйлчилгээг сурталчлан, Нийслэл, дүүргийн ЗДТГ-аас хэрэгжүүлж байгаа ажлыг дэмжин, иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлж, Улаанбаатар хотыг хөгжүүлэхэд санаачлагатай ажилласан байх”, “Анги, байгуулагаа тохижуулан алба хаагчдын ажиллаж, амьдрах эрүүл, аюулгүй орчинг бүрдүүлсэн байх”, “Анги, байгууллагууд бие бүрэлдэхүүний хувцаслалт, гадаад үзэмжийг сайжруулан, цэргийн дүрэмт хувцсаар бүрэн хангагдсан байх”, “Цэргийн ёслол, хүндэтгэлийн арга хэмжээг дүрмийн дагуу зохион байгуулж, дүрэмч, жагсаалч, ёсолж, хүндэтгэх ажиллагааг анги, байгууллагад бүрэн хэвшүүлэх”-эд чиглэгдэж ирсэн юм.

Уралдаан анх зохион байгуулагдсан жилдээ тэргүүний жагсаалч анги, байгууллага шалгаруулахыг эрхэм болгосон бол дараагийн жилд тэргүүний тохижилттой анги, байгууллагыг голчлох, удаахь жилд нь бие бүрэлдэхүүний бие бялдрын стандартыг хангасан байдалд өндөр ач холбогдол өгч ирсэн. Харин энэ жилийн хувьд өмнөх гурван шалгуурыг онцлохын хамт бие бүрэлдэхүүний эрүүл мэнд, эрүүл, аюулгүй орчинг бүрдүүлж байгаа байдалд гол ач холбогдол өгөх онцлогтой.

Харин уралдааны төгсгөлийн шатанд жил бүр “Иргэн-цэргийн бахархлын өдөр”-ийг ёслол төгөлдөр зохион байгуулж ирсэн хэн бүхний үгүйлэх чухал арга хэмжээний нэг болж, сэтгэлд хоногшжээ.

Энэ жил “Монгол цэргийн жавхаа” уралдаан нь хоёр үе шаттай өрнөх ба уралдааны эхний шатны шалгаруулалтаар тодорсон 9 анги, байгууллага 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс 5 дугаар сарын 15-ны өдрүүдэд уралдааны удирдамжийн дагуу хоёрдахь шатны шалгаруулалтад бэлтгэж, дүгнүүлэх юм.

Мөн уламжлал ёсоор 5 дугаар сарын 28-ны өдөр “Их эзэн Чингис хааны талбай”-д жагсаалын тоглолт, дуут жагсаалыг дүгнэн шалгаруулалтын дүнг гаргаж, шагнал гардуулах ёслолын ажиллагааг зохион байгуулах ба шалгарсан ангиуд оролцсон “Монгол цэргийн жавхаа-2016” үзүүлэх тоглолт, иргэн-цэргийн бахархлын өдрийг зохион байгуулахаар төлөвлөжээ. Энд тодруулахад аливаа жагсаалыг дуугүйгээр төсөөлөхийн аргагүй агаад жил бүр заавал дуулах жагсаалын 10 дууг шинээр баталж, нийт бие бүрэлдэхүүн дуулах болсон төдийгүй, тэдний жагсаалын дууны урын сан улам бүр баяжиж буй нь уг уралдааны ач холбогдлын нэгээхэн хэсэг гэхэд хилсдэхгүй.

Уралдааны шагнал ч асар өндөрт тооцогдох ба эхний жил эхний гурван байр эзэлсэн ангид мөнгөн шагнал, дараа жилд нь иж бүрэн үлээвэр найрал хөгжмийн зэмсэг, гуравдахь жилд биеийн тамирын иж бүрдэл өгч байсан нь төсөв, мөнгөний хүндрэлтэй нөхцөлд цөөн боловч анги, байгууллагад үр нөлөөгөө өгсөн томоохон шагналд тооцогдоно. Харин энэ жилийн хувьд эхний гурван байр эзэлсэн ангийн эмнэлэгт эмнэлгийн хэрэгсэл олгох онцлогтойн дээр тусгай байранд шалгарсан ангид мөнгөн шагнал, шагналт байр эзэлсэн анги, байгууллага бүрт бие бялдрын стандарт хэмжигч олгохоор уралдааны болзолд тусгажээ.

Энд дахин бахархан өгүүлэхэд “маш өндөр шагналтай” гээд байгаагийн цаана жил бүр эхний гурван байр эзэлсэн анги, байгууллагын захирагч нарт орон сууц олгосон бөгөөд энэ жилийн хувьд ч энэхүү орон сууц олгох шагнал уламжлал ёсоор жинхэнэ эзэддээ хүрэх юм. Өнгөрсөн 3 жилийн хувьд Улаанбаатар цэргийн хүрээний Зэвсэгт хүчний болон Хилийн цэргийн ангиуд эхний гурван байруудад шалгарч, өдгөө 9 ангийн захирагч “шагналын” гэгдэх орон сууцтай болжээ. Тодруулбал, энэхүү өндөр болзолтой уралдааны нийлбэр дүнгээр 2013 онд Зэвсэгт хүчний 032, 150, 084 дүгээр анги, 2014 онд Зэвсэгт хүчний 120, Хилийн цэргийн 0151, Зэвсэгт хүчний 353 дугаар анги, 2015 онд Зэвсэгт хүчний 016, Хилийн цэргийн 0252, Зэвсэгт хүчний 326 дугаар ангиуд тус бүр эхний гурван байранд шалгарснаар дээрх ангиудын захирагч нар орон сууцны эзэд болсон нь юутай бахархал билээ. Харин уралдааны болзолд анги, байгууллагын захирагч, дарга нь өнгөрсөн жилүүдийн уралдаанд эхний 3 байранд шалгарч, орон сууц авч байсан бол тухайн ангийн штабын даргад олгоно гэж заасан нь хэн бүхэнд нээлттэй, бас нэгэн боломж гэдэг нь ойлгомжтой.

Ер нь цэргийн хөдөлмөр нь өөрийн гэсэн онцлогтой, хууль, цэргийн дүрмүүд, заавраар тогтоосон нарийн дэг журамтай, хуульд зааснаар зарим эрхийн хязгаарлалттай, илүү цагаар, бүтээлчээр хөдөлмөрлөх, цэргийн мэргэжилд заавал сурах үүрэгтэй онцгой алба. Гол нь цэргийн хөдөлмөр өөрөө нэгтгэн удирдах зарчимд тулгуурласан багаар ажиллах чадварын тод томруун илрэл байх учиртай. Иймээс захирагчийн гаргасан шийдвэрийг “албан тушаалтан бүр заавал биелүүлэх хуультай” байхын хамт захирагч гаргасан шийдвэрээ хууль, шүүхийн өмнө шууд хариуцах өндөр хариуцлагатай алба байдаг. Тиймээс захирагч байх нь нэг талаас нэр төрийн хэрэг боловч, нөгөө талаас асар их хариуцлага, мэргэжил, ур чадвар, менежмент хариуцсан албан тушаал болох нь хэнд ч ойлгомжтой.

Ийм нөхцөл байдлыг сайтар үнэлж, Нийслэлийн ЗДТГ-аас зоригтой шийдвэр гаргаж, төсөв, хөрөнгө хүндрэлтэй энэ жилүүдэд өөрийн мэдлийн санхүүжилтээр өндөр урамшуулалтай, өргөн ач холбогдолтой уралдааны болзлыг гаргаж, энэ ажил нь олон нийтийн талархал, дэмжлэгийг ихэд хүлээх болсонд бахархахаас өөр яахав.

Энэ уралдааны эцсийн үр дүнд анги, байгууллага бүр өөрийн гадна, дотно орчны тохижилтдоо ихээхэн анхаарал хандуулж, цэргийн ёслол, хүндэтгэлийн арга хэмжээ, дүрэмч, жагсаалч ажиллагаа, анги, салбарын жигдрэлт улам бүр сайжирч, бие бялдрын стандарт шаардлага хэрэгжиж, цэргийн хотхоны эрүүл, аюулгүй байдал бүрэн хангагдах болсон нь хэн бүхний нүдэнд ил тод харагдана. Энд ганцхан жишээ дурдахад л өнгөрсөн жил Нийслэл, дүүргүүдийн ЗДТГ-аас Улаанбаатар хотын бүх аж ахуйн нэгж, байгууллагуудын дунд “Тэргүүний тохижилттой, ногоон байгууламжтай байгууллага” шалгаруулах уралдааныг зарлаж дүгнэсэн ба уралдааны дүнгээр нийслэл болон дүүрэгт Батлан хамгаалахын Их сургууль тэргүүлж, өргөмжлөл хүртсэн нь ч энэ уралдааны нэг шалгуурыг бүрэн хангасны бодит жишээ гэж болно.

Зэвсэгт хүчний ангиудад сургуулийн жилийн нэгдүгээр үеийн сургалтын үр дүнг тооцох, хээрийн гаралт, полигоны дадлагаар мэргэжлийн ур чадвараа ахиулах, анги, салбаруудын нэгдсэн жигдрэлтийг хангах, байгаль орчныг хамгаалах, ногоон байгууламжийг төгөлдөржүүлэх, цаг үеийн төлөвлөгөөт нөр их ажлыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэх гээд тасралтгүй үргэлжлэх үйл ажиллагааны явцад “Монгол цэргийн жавхаа”-гаар амьсгалсан ангиудын тохижилт, өнгө, үзэмж, нүүр царай, цэргийн алба хаагчдын сүр жавхаа улам бүр өнгөжин гялалзаж байгааг харахад сэтгэлд нэн бахдалтай.

Энэ бүхний цаана “иргэд, залуучуудад цэрэг-эх оронч үзлийг төлөвшүүлэх, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх, цэргийн албаны үнэлэмжийг дээшлүүлэх” төрийн бодлого жинхэнэ утгаар хэрэгжиж байгаагийн нэг тод илрэл болж байгаа гэдгийг улам бүр нотлон харуулах буй заа.

Эцэст нь энэхүү уралдааныг Нийслэлийн ЗДТГ-аас цаашид ч үргэлжлүүлэн зохион байгуулж, төрийн цэргийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх, цэргийн албаны үнэлэмжийг дээшлүүлэх үйл хэрэгт бодит хувь нэмэр оруулсаар байх болно гэдэгт итгэл төгс байгаагаа илэрхийлэхийг зорьсон юм.

Тийм ээ! “Монгол цэргийн жавхаа” улам бүр сүр жавхлантайг илтгэсэн өдрүүд үргэлжилж, Монгол цэргийн цог золбоо, сүлд хийморь өөдөө байна.

МСНЭ-ийн шагналт сэтгүүлч Батжаргалын Отгонбаяр

Холбоотой мэдээ
ЦЭРЭГЖЛИЙН ГИМНАСТИКИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2023-02-02 12:52:00 Үзсэн: 287
ТУУХАЙ ӨРГӨЛТИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2023-01-26 14:14:00 Үзсэн: 316
“АЛДАР”-ЫН ТАМИРЧИД БОКСЫН ТӨРӨЛД ИЛҮҮРХЭВ
Нийтэлсэн: 2022-09-19 14:59:43 Үзсэн: 218
"АЛДАР"-ЫН ТАМИРЧИД БУУДЛАГЫН ТӨРӨЛД ТЭРГҮҮЛЖЭЭ
Нийтэлсэн: 2022-09-16 14:49:08 Үзсэн: 184
МОНГОЛ ЦЭРЭГ ДЭЛХИЙН ДЭЭД АМЖИЛТЫГ ТОГТООВ
Нийтэлсэн: 2022-08-27 08:46:28 Үзсэн: 237