"Монгол цэргийн өдөр"-ийг угтаж ЗХЖШ, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлал болон Агаарын цэргийн командлалын бие бүрэлдэхүүний дунд "Цол бүхэн сайхан" тэмцээнийг хурандаа Б.Алтанхуяг даргатай ЗХЖШ-ын Хүний нөөцийн хэлтсийнхэн жил бүр зохион байгуулдаг уламжлалтай билээ. Цолоороо бахархах "Цол бүхэн сайхан" арга хэмжээ нь гар бөмбөгийн тэмцээн болон буудлага гэсэн хоёр төрлөөр явагддаг юм. Тэгвэл гурав дахь жилдээ зохиогдож буй энэ арга хэмжээний гар бөмбөгийн тэмцээний аваргууд өнөөдөр тодорлоо.
"Генарал", "Хурандаа" 1 болон 2, "Дэд хурандаа" 1 болон 2, "Хошууч", "Ахмад", "Ахлах дэслэгч, дэслэгч", "Ахлагч" гэсэн 9 багын 100 гаруй тамирчин хурд хүчээ сорин өрсөлдснөөс Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын штабын дарга, хурандаа С.Дашзэвэг ахлагчтай "Хурандаа-1" баг нэгдүгээр байр, ЗХЖШ-ын Сургалтын хэлтсийн мэргэжилтэн, ахмад З.Бат-Оргил ахлагчтай "Ахмад" баг хоёрдугаар байр, ЗХЖШ-ын Захиргаа удирдлагын хэлтсийн дарга, хурандаа Д.Номт ахлагчтай "Хурандаа-2" баг гуравдугаар байр эзэллээ. Шагналыг Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар, ЗХЖШ-ын Хүний нөөцийн хэлтсийн дарга, хурандаа Б.Алтанхуяг нар гардуулан өгч, баяр хүргэсэн юм. Мөн энэ үеэр хурандаа Б.Алтанхуяг энэхүү тэмцээнийг зохион байгуулахад бүх талаар тусламж дэмжлэг үзүүлдэг ЗХЖШ-ын Сургалтын хэлтсийн Биеийн тамир, спортын тасгийн дарга, хурандаа Д.Цог-Эрдэнэд талархал гардуулж өгч байв.
Эх сурвалж: "Соёмбо" сонин


