Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн санаачлагаар Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага /ЗХЖШ, ХХЕГ, ТЕГ, ЦЕГ, ШШГЕГ/-уудын бие бүрэлдэхүүнд мэргэжлийн ур чадвар, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэл, эр зориг, авхаалж самбаа, тэсвэр хатуужлыг олгох, тасаг, салааны жигдрэлтийг хангах зорилгоор 2007, 2008, 2009, 2011, 2013 онуудад марш тактикийн аварга салаа, тасаг шалгаруулах уламжлалт тэмцээн өнөөдөр нээлтээ хийлээ.

Тэмцээнд Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага тус бүрээс байнгын бүрэлдэхүүний болон хугацаат цэргийн алба хаагчдын салаа, эмэгтэй цэргийн алба хаагчдын тасаг тус бүр 2 оролцдог бөгөөд энэ жил Зэвсэгт хүчнээс 2 бусад байгууллагаас тус бүр нэг нэг салаа тасаг оролцож байна.

Үүнд байнгын бүрэлдэхүүний 6 салаа, хугацаат цэргийн 3 салаа, эмэгтэй цэргийн алба хаагчдын 6 тасаг нийт 15 багийн 330 цэргийн алба хаагчид оролцож байгаа юм.
Марш тактикийн аварга салаа, тасаг шалгаруулах тэмцээн гарааны өмнөх ажиллагаа, марш үйлдэх гэсэн үндсэн 2 хэсгээс бүрдэж 2015 оны 06 дугаар сарын 4,5,6-ны өдрүүдэд Зэвсэгт хүчний сургалтын төвд зохион байгуулагдан явагдна.

Тэмцээний нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П.Цагаан, ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Ц.Бямбажав, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга хошууч генерал З.Болдбаатар, БХЯ, ЗХЖШ-ын болон үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлага, шүүгчид тэмцээнд оролцож байгаа байгууллагуудын удирдлага, баг, тамирчид оролцож байна.

Цэргийн алба хаагчдын бие бялдрын бэлтгэлжилтийг хангах, тэсвэр хатуужил, мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх зорилготой энэхүү тэмцээн нь цэргийн хөдөлмөрийн онцлог, түүний үр шимийг бие бүрэлдэхүүнд ойлгуулах, залуучуудыг бие бялдар, сэтгэл зүйн хувьд өв тэгш, аливаа бэрхшээлийг даван туулах чадвартай болгон төлөвшүүлэх чухал ач холбогдолтой юм. Мөн Монгол цэргийн нэрийн хуудас болсон НҮБ-ын Энхийг дэмжих ажиллагаанд Зэвсэгт хүчнээс гадна ХХЕГ, ЦЕГ, ШШГЕГ, ТЕГ-ын алба хаагчид хамтран үүрэг гүйцэтгэх болсон нь энэхүү тэмцээний үр дүнгийн нэгэн илэрхийлэл, нотолгоо билээ.

Энэ удаагийн тэмцээнд салбар байгууллага бүрээс зохион байгуулагддаг маршийн тэмцээн уралдаанд амжилттай оролцсон баг тамирчид оролцдог шилдгүүдийн дундах өрсөлдөөнт тэмцээн юм.