Жил бүр уламжлал болон явагддаг Зэвсэгт хүчний марш, тактикийн аварга салаа, тасаг, оны мэргэжлийн аварга офицер, ахлагч шалгаруулах тэмцээн нь жилээс жилд хурц ширүүн өрсөлдөөнтэй болж, Зэвсэгт хүчний анги, байгууллагуудын цэргийн сургалт бэлтгэлийн чанар, үр дүнг бодитоор илтгэн харуулдаг марш тактикийн аварга шалгаруулх тэмцээний нээлтийн ажиллагаа амжилттай зохион байгууллагдаа. Арга хэмжээнд Улсын Их хурлын гишүүн Н.Энхболд, ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Ц.Бямбажав, БХЯ, ЗХЖШ-ын удирдлага, тэмцээний шүүгчид, Зэвсэгт хүчний ангиудын удирдлага, баг, тамирчид оролцлоо.
Цэргийн алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, авхаалж самбаа, тэсвэр хатуужлыг сорьсон Зэвсэгт хүчний марш тактик, тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор Зэвсэгт хүчний 25 анги, байгууллагын 900 гаруй цэргийн алба хаагчид жигдрэн жагсаад байна.

Энэ жилийн марш тактикийн тэмцээний онцлог нь оны мэргэжлийн аварга ахлагчийн төрлийг шинээр бий болгосон, офицеруудын онолын мэдлэгийн түвшинг дээшлүүлэхэд ач холбогдол өгч, тасгийн захирагч нарын оролцоог нэмэгдүүлсэн, хяналтын төхөөрөмжийг нэвтрүүлсэн зэргийг дурдаж болох юм.
Тэмцээний зохион байгуулалт улам сайжирч, шүүлтийн үйл ажиллагаанд шинэ технологи нэвтрүүлэн шуурхай, ил тод, нээлттэй байдлыг хангаж байгаа нь марш тактикийн тэмцээнд оролцогчдын идэвхи, чармайлт, баг тамирчдын амжилтад эерэгээр нөлөөлөх чухал хүчин зүйл болж байгаа юм.
Цэргийн алба хаагчдын бие бялдрын бэлтгэлжилтийг хангах, тэсвэр хатуужил, мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх зорилготой энэхүү тэмцээн нь цэргийн хөдөлмөрийн онцлог, түүний үр шимийг бие бүрэлдэхүүнд ойлгуулах, залуучуудыг бие бялдар, сэтгэл зүйн хувьд өв тэгш, аливаа бэрхшээлийг даван туулах чадвартай болгон төлөвшүүлэх чухал ач холбогдолтой юм.

Энэ удаагийн тэмцээнд амжилттай оролцсон баг тамирчид Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит марш тактикийн тэмцээнд Зэвсэгт хүчнээ төлөөлөн оролцох хариуцлагатай үүрэг хүлээгдэж байгаа билээ.
