ЭМГЭНЭЛ
ОДГЭРЭЛИЙН САЙНБАЯР
/1992-2023/
Эх орны эгэл хөвгүүн, Эх дэлхийн энхийг сахиулагч Монгол цэргийн суу алдарыг мандуулсан Зэвсэгт хүчний залуу үеийн төлөөлөл ахмад Одгэрэл овогтой Сайнбаяр нь 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүнд өвчний улмаас таалал төгсөж бидэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.
Зэвсэгт хүчин, Тусгай хүчний цэргийн шилдэг офицер ахмад О.Сайнбаяр нь 1992 онд Улаанбаатар хотод төрж, 2000-2010 онд Улсын тэргүүний 24 дүгээр дунд сургуулийг төгсөж, 2010-2014 онд Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн Цэргийн нэгдсэн дээд сургуулийг Ерөнхий цэргийн командын офицер мэргэжлээр, 2019 онд БНЭУ-д Уулын явган цэргийн дамжаанд тус тус суралцаж төгссөн байна.
Ахмад О.Сайнбаяр нь 2014-2016 онд Зэвсэгт хүчний 338 дугаар ангийн дэмжлэгийн ротын салааны захирагчаар ажлын гараагаа эхэлж, 2016-2018 онд тус ангийн дэмжлэгийн ротын ажиллагааны офицер, 2018-2020 онд Зэвсэгт хүчний 345 дугаар нэгтгэлийн ротын ажиллагааны офицер, 2020-2023 онд Зэвсэгт хүчний Тусгай хүчний цэргийн командлалын Сургалтын хэлтсийн сургалтын офицероор томилогдон офицерийн шат шатны албыг хашиж байлаа.
Тэрээр Даян дэлхийн энхийн үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулан 2016 онд Исламын Бүгд Найрамдах Афганистан улсад явагдсан ХБНГУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтарсан “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд Монгол Улсын 5 дугаар ээлжийн цэргийн багт буудагчаар, 2021-2022 онд БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын мандаттай энхийг дэмжих ажиллагаанд Монгол Улсын 11 дүгээр ээлжийн цэргийн багт салааны захирагчийн орлогчоор тус тус үүрэг гүйцэтгэсэн Зэвсэгт хүчний шилдэг офицеруудын нэг билээ.
Ахмад О.Сайнбаярыг Энхийг дэмжих ажиллагаанд Монгол цэргийн эрдэм мэдлэг, тэсвэр хатуужил, ур чадвар, хичээл зүтгэл гарган үүрэг гүйцэтгэсэн алдар гавьяаг нь Төр, засгаас өндрөөр үнэлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Энхийн төлөө медаль”, БХС-ын тушаалаар “Эх орны төлөө-III” хүндэт тэмдэг, “Нэгдсэн үндэстний байгууллагын медаль”-аар тус тус шагнасан байна.
Зэвсэгт хүчин, Тусгай хүчний цэргийн хөгжлийн төлөө хамтдаа зүтгэж байсан түүний эгэл даруу, хөдөлмөрч, хичээнгүй, хүнлэг энэрэнгүй, хамтач зан төрх нь бидний сэтгэл зүрхэнд мөнхөд дурсагдах болно.
БХЯ, ЗХЖШ, ТУСГАЙ ХҮЧНИЙ ЦЭРГИЙН КОМАНДЛАЛ,
ААВ, ЭЭЖ, АХ ДҮҮ, ХАНЬ, ҮР ХҮҮХЭД
ТӨРӨЛ ТӨРӨГСӨД НЬ