• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

Ц.Буянтогтох: МАНАЙ ЦЭРГИЙНХЭН СУМАНДАА СОДОН ШҮҮ ДЭЭ
Нийтэлсэн: 2022-03-01
Үзсэн: 81

Ц.Буянтогтох: МАНАЙ ЦЭРГИЙНХЭН СУМАНДАА СОДОН ШҮҮ ДЭЭ
Нийтэлсэн: 2022-03-01 Үзсэн: 81



Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын уугуул, Зэвсэгт хүчний 331 дүгээр ангийн захирагч хурандаа Ц.Буянтогтох 1985-1989 онд ЦНДС-ийн Ерөнхий цэргийн ангид суралцан төгссөн. Зэвсэгт хүчний 065, Зүүнбаян дахь Ардын Армийн 132, 032 дугаар ангид салаа салбарын захирагч, албаны дарга, Зэвсэгт хүчний 015 дугаар ангид захирагчийн нэгдүгээр орлогч, штабын даргын алба хааж байгаад Баян-Өлгий аймгийн Сагсай суманд Уулын тусгай батальон буюу Зэвсэгт хүчний 331 дүгээр анги байгуулагдахад захирагчаар нь томилогдоод таван жил гаруй ажиллаж байна. Тэр бээр Зэвсэгт хүчинд 38 жил алба хаажээ.

Таван жилийн түүхтэй ангиа цаасан дээр төлөвлөхөөс эхлээд өнөөг хүртэл барьж байгуулан тохижуулж, хөгжүүлж яваа юм байна ...

-Миний бие 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр тус ангийн захирагчаар томилогдож, 7 дугаар сарын 29-нд манай анги Улаанбаатар хотоос Баян-Өлгий аймгийн чиглэлд дөрөв хоногийн цуваа үйлдэж, Сагсай суманд нүүж очин үйл ажиллагаагаа эхэлж байлаа. Төлөвлөлтийн бичиг баримтаас эхлээд л ангиа босгох, хөгжүүлж бэхжүүлэх гэж өнөөг хүртэл зүтгэж явна даа. Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн Уулын тусгай рот байсныг шинэчлэн зохион байгуулж манай анги байгуулагдсан. Манай аймаг өндөр уулстай, бас нуур, гол ихтэй. Нутгийн ард түмэн исламын шашин шүтдэг, урианхай, тува, дөрвөд зэрэг үндэсний цөөнх оршин суудаг зэргээрээ онцлогтой. Манай анги уулархаг газар оронд байлдааны ажиллагаа явуулах сургалтыг зохион байгуулах, уулын техник хэрэгслүүдийг ашиглах, уулын ажиллагаанд хүмүүсийг сургах, уулын нөхцөлд уламжлалт байлдааны ажиллагаатай өөрийн онцлогийг тусгасан, хослуулсан арга хэлбэрээр ажиллагаа зохион байгуулах зэрэгт бие бүрэлдэхүүнээ сургаж, бэлтгэж ажилладаг. Өнгөрсөн жилээс гэрээт цэрэгтэй болсон. Таван жил гэдэг багагүй хугацаа. Энэ хугацаанд бид ангийн штабын 3 давхар барилга, уурын зуух, 40 айлын орон сууц, ангийн хашаа, жагсаалын талбай, дэд бүтэц зэрэг маш олон бүтээн байгуулалтыг хийсэн. Цаашдаа ч хийж бүтээхээр төлөвлөсөн зорилго зорилт, шийдвэрлэх асуудал, ажил төрөл өрнүүн байна. Барилга барих ажлыг Зэвсэгт хүчний 340 дүгээр ангийн барилгачин дайчидтайгаа хамтраад хийж байна. Барилга байгууламжийг богино хугацаанд чанартай барьж байгуулж, ажиллаж амьдрах нөхцөл бололцоогоо бүрдүүлээд л явж байна даа.

Улиран одсон 2021 онд танай анги үүсэн байгуулагдсаны таван жилийн ой тохиосон юм байна. Нэгэн жилийн хийсэн бүтээсэн ажил үйлсээ дүгнэж цэгнэвэл бас чамгүй биз?

-Тийм ээ, хэдийгээр цар тахалтай байсан ч бид таван жилийн ойгоо дотооддоо тэмдэглэж өнгөрүүлсэн. Ойгоо угтсан нэлээд олон ажлыг бид Гүйцэтгэлийн төлөвлөгөөндөө тусгаж, хэрэгжүүлсэн. Тэдгээрээс офицер, ахлагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхээр “20 гэр хороолол” төслийг хэрэгжүүлсэн нь томоохон ажлын нэг байлаа. Энэхүү ажлыг хэрэгжүүлэхэд ЗХЖШ, Тусгай хүчний командлалын удирдлагууд дэмжиж ажилласан. Манай анги 5 га газарт 20 гэр хашаа бүхий хороолол байгуулсан бөгөөд өнөөдөр тэнд 50 шахам хүн амьдарч байна. Бид албан тушаалын 40 айлын байр, 20 гэртэй хороолол бий болгосон ч алба хаагчдын орон байрны асуудал бүрэн шийдэгдээгүй л дээ. Цаашдаа орон сууцны хороолол барих төслийг 2024 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөөндөө тусгачихсан явж байгаа. Шат дараалан шийднэ дээ. Алслагдсан аймаг суманд байрлаж байгаа Зэвсэгт хүчний анги байгууллагын офицер, ахлагчдын ар гэр, ялангуяа, хүүхдийн сургууль, цэцэрлэгийн асуудал их хүнд байдаг.

Энэ талаар бас та бүхний хийсэн ажил, байгуулсан цэцэрлэг тухайн үедээ үлгэр жишээ болж, хэвлэл мэдээллээр өргөн сурталчлагдаж байсан санагдаж байна ...

-Тийм ээ, аймгийн төвийн хоёр өрөө орон сууцны байрыг бид цэцэрлэг болгон тохижуулахад тухайн үеийн Батлан хамгаалах яам, ЗХЖШ-ын удирдлага дэмжин тусалж, хүүхдийн тоглоом зэрэг шаардлагатай зүйлсийг биечлэн хүргэж байсан. Тэр цэцэрлэгийн маань үйл ажиллагаа тогтмолжсон, одоохондоо ковидын нөхцөл байдлаас шалтгаалан үйл ажиллагаа нь түр завсарласан байгаа. Одоо Зэвсэгт хүчний 340 дүгээр анги маань 150 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг барьж байна. Алсдаа сайхан өргөжнө дөө.

Төрлийн цэрэг хүрээгээ тэлсээр Монгол Улс маань таван төрөл мэргэжлийн цэрэгтэй боллоо. Та бүхэн Тусгай хүчний цэргийн төлөөлөл ...

-Тийм ээ, манай анги өмнө нь Хуурай замын цэргийн командлалын харьяанд байгаад Тусгай хүчний цэргийн командлалд ороод нэг жил болж байна. Бид уулын нарийн мэргэжилтэн бэлтгэхээс гадна буудагч, техникч, цэргийн бусад нарийн мэргэжлээр ахлагч нараа бэлтгэх олон талын сургалтаас гадна жижиг бүлгийн байлдааны ажиллагааны арга хэлбэрээр сургалтаа зохион байгуулдаг. Түүнээс гадна бид гадаадын цэргийнхэнтэй Уулын цэргийн хамтарсан бэлтгэл сургуулилтыг хийж байгаа. Тухайлбал, манайхтай ижил чиглэлээр ажилладаг ХБНГУ-ын Уулын 23 дугаар бригадтай хамтарсан сургалтыг Зэвсэгт хүчний 311 дүгээр анги буюу Таван толгойн сургалтын нэгдсэн төв, Богд уул болон Горхи-Тэрэлжийн чиглэлд хоёр удаа зохион байгууллаа. Энэ жил 45 алба хаагч хамрагдсан ахисан шатны сургалтыг зохион байгуулж, 10 сургагч багшийг бэлтгэлээ. Манай сургагч багш нар тэдний уулын техник, багаж хэрэгслийг ашиглах талаар түлхүү ажиллаж байгаа. Тэднээс суралцах зүйл маш их бий. Германы сургагч багш дэд хурандаа Швеглер манай аймагт биечлэн ирж, газар оронд уулын сургалтын гурван цэгийг байгуулсан. Тэнд манай сургагч багш нар бусад бүрэлдэхүүнтэйгээ 7-14 хоногоор хээр гарч бэлтгэл сургуулилтаа зохион байгуулдаг.

Тусгай хүчнийхэн маань сэтгэл зүй, бие бялдар, бэлэн байдлын хувьд энхийг сахиулах ажиллагаанд хамгийн сайн бэлтгэгдсэн хүмүүс байдаг байх ...

-Энэ таван жилийн хугацаанд бие бүрэлдэхүүний маань 60 гаруй хувь нь энхийг сахиулах ажиллагаанд оролцсон. Цаашдаа ч энэ хувь хэмжээ өснө гэдэгт итгэлтэй байгаа. Өнгөрсөн жил Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс манайд Бялдаржуулах танхим байгуулахад дэмжлэг үзүүлсэн. Ингэснээр манай алба хаагчид өдөр тутмын бэлтгэл сургуулилт, дасгал хөдөлгөөн хийх нөхцөл боломж бүрдсэн сайхан үйл явдал боллоо. Бид бүрэлдэхүүнийхээ бие бялдар, эрүүл мэндэд онцгойлон анхаардаг. Аймгийн нэгдсэн эмнэлэгтэй хамтраад, бие бүрэлдэхүүнээ үзлэгт бүрэн хамруулж, эрүүл мэндийн зэрэглэлээ тогтоолгосон. Эрүүл мэндийн хувьд асуудал үүсвэл Цэргийн төв эмнэлэг, Аймгийн нэгдсэн эмнэлэгтэй хамтран хүмүүсээ эрүүлжүүлэх ажлыг шат дараалан хэрэгжүүлж байна.

Сагсай сум маань хотоос мянга гаруй километр алслагдсан, хилийн бүс нутаг. Ер нь анги байгууллагын хувьд аймаг орон нутагтайгаа хэр холбоотой ажилладаг вэ?

-Хотоос 1720 километр алслагдсан, баруун өмнөд талаараа БНХАУ, баруун хойд талаараа ОХУ-тай хиллэдэг Сагсай суманд ажиллаж, амьдарч байгаа бид орон нутгийн удирдлагуудтай болон нутгийн иргэдтэй маш сайн ойлголцож, хамтран ажилладаг. Шинээр байгуулагдсан манай ангийн хувьд уулын полигон, тавиулан, Олон улсын сургалт явуулах полигон, хашаа байшингийн төслийн газрын асуудал тулгамдаж байлаа. Тиймээс өнгөрсөн жил аймгийн Засаг даргын тамгын газар, Иргэдийн төлөөлөгчдийн хуралтайгаа зөвшилцөж, дээрх газрын асуудлаа шийдүүлсэн.

Та энэ нутгийн хүн юм байна. Удирдлагын томилгоо ч үүнийг харгалзан үзсэн болов уу?

-Энэ нутагт төрж өссөн, газар орны байдал, нутгийн хэл, ёс заншлыг мэдэх хүний хувьд давуу тал байсан болов уу. Тийм ч учраас энэ асар их үүрэг хариуцлага, итгэлийг дааж ажиллахыг хичээдэг дээ. Анх томилогдоход юм юм л бодогдсон. Нэг талаараа төрсөн нутагтаа шинэ цэргийн анги байгуулагдахад захирагчаар нь томилогдсон, нөгөө талаар орон нутагт, бүр суманд Зэвсэгт хүчний анги байгуулагдсанд орон нутгийн иргэд их талархалтай хүлээн авсан. Манай анги байгуулагдсан цагаасаа зуд, үер, цасан шуурга зэрэг байгалийн гамшгийн үед нутгийн ард иргэдэд тусалж, дэмжиж ирсэн. Иргэн-цэргийн харилцаа улам бэхжиж байгаа. Түүнээс гадна гадаадад сургууль төгсөөд ирсэн удирдлагын бүрэлдэхүүний чадварлаг сайхан залуучуудаа газар орон, нутгийнханд таниулах, урлаг, соёлын үйл ажиллагаа, спортын уралдаан тэмцээнд идэвхтэй оролцож, сум орон нутгийнхаа нэрийг гаргах ажилд манай анги байгууллагынхан манлайлан оролцдог. Бид орон нутагтаа үлгэр жишээ байхыг хичээдэг. Хүнтэй зөв харьцах, биеэ зөв авч явах зэрэг наад захын асуудал дээр хүмүүсээ хөгжүүлдэг. Анх очиж байх үеийнхээс сумын иргэдийн харилцаа хандлага, хашаа байшингаа барих, амьдарч буй орчноо тохижуулах зэрэгт нааштай үр дүнгүүд гарсаар байгаа. Бид бие биеэсээ суралцсаар л явна. Манай цэргийнхэн чинь сумандаа содон харагдана шүү дээ. Гүйж харайх, дасгал сургуулилт хийх, үгүй ядахдаа л бэлтгэлийн жигдэрсэн хувцас, биеэ авч яваа байдлаараа ялгарна. Анх манайхны өглөөний гүйлт энэ тэрийг сумын төвийнхөн их сонирхдог байсан. Одоо хамтдаа гүйх, туухай өргөж дасгал хийх зэргээр суралцаж байгаа. Бид сумын сургуулийн спорт заалыг засварлан, тохижуулж өгсөн нь хүүхэд, өсвөр үеийнхний бие бялдрын хөгжилд бодитой хувь нэмэр болсон.

Мөн бид өнгөрсөн жил Баруун хязгаарт үлээвэр хөгжмийн салаа байгууллаа. ЗХЖШ-ын Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн удирдаач, Урлагийн гавьяат зүтгэлтэн хурандаа Ч.Гансүх биечлэн ирж, 12 дугаар анги төгссөн орон нутгийн хүүхдүүдээс сонгон шалгаруулж, хөгжмийн салаа байгуулж, жил гаруй хугацаанд сургалт үргэлжлээд, сая тайлан тоглолтоо амжилттай хийсэн нь хөдөө орон нутагт цэргийнхний хийсэн соёл урлагийн томоохон ажил байлаа. Энэ дашрамд нэг хөгтэй хийгээд сургамжтай явдлаа ярих уу.

Тэгээч, та ...

-Анги нүүж очоод долоо л хонож байлаа. Гавьяат агрономич Рыстан биднийг гэртээ урилаа. Ажил амжихгүй байсаар товлосон цагаасаа бүтэн цаг хожимдож очсон. Казакууд хүндтэй зочиндоо жамбас буюу сүүж заавал чанаж өгдөг. Тэр ёсоороо чанаж л дээ. Харин сүүжний мах нь яснаасаа мултарчхаж, түүнийгээ бэр нь аавдаа казахаар хэлж байна. Аав нь энэ хүмүүс мэдэх юм биш, бусдыг нь гаргачих аа гээд хоорондоо казахаар ярилцаж байна. Түмпэнтэй махаа бидний өмнө авчраад тавихаар нь би казахаар “Жамбасгүй махыг идэх үү, яах вэ” гээд тоглоом шоглоомоор хэлтэл тэгнэ чинээ санаагүй хүмүүс их сандарсан. Түүнээс хойш жамбасгүй маханд гар хүрдэггүй хүн гэж хэл соёл, ёс жаяг мэддэгээр минь нутгийнхан үнэлсэн гэдэг.

Энэ онд хийхээр төлөвлөсөн ажил үйлсээсээ хуваалцаач ...

-Энэ жил бид морьт механикжсан салбар байгуулах төлөвлөгөөтэй ажиллаж, морь мал, эмээл тоног төхөөрөмж худалдаж авах зэрэг ажлуудаа амжуулж байна. Мөн уулын сургалтын цэгүүдээ тохижуулах, тавиулангаа барих, орон сууцны асуудлаа цэгцлэх, хашаа байшингийн төслөө үргэлжлүүлэх зэрэг ажил биднийг хүлээж байна. Энэ бүхнийг хийж амжуулахад мэдээж хөрөнгө мөнгөний асуудал чухал нөлөөтэй. Бид малын суурь, туслах аж ахуйтай. Өнгөрсөн жил мал махны үнэ өртөг өндөр байсан учир 100-аад толгой малыг хямдруулсан өртгөөр бие бүрэлдэхүүндээ өгсөн бөгөөд хуримтлагдсан хөрөнгөөрөө морьт механикжсан салбарынхаа ажлыг эрчимжүүлж байна. Мөн ангиа ногоон хотхон болгох төлөвлөгөөтэй байгаа.

Ногоон хотхон гэснээс таныг Зэвсэгт хүчний анги байгууллагуудыг мод тарихыг уриалдаг, мод бэлэглэдэг, басхүү түүнийгээ заавал ургуулахыг чухалчлан захидаг гэж хэдэнтээ сонссон юм байна.

-Би мод тарих дуртай. Тэр чиглэлээрээ “Ч.Галсан” сантай хамтарч ажилладаг. Ангийн байршилд мод үржүүлгийн газартай. Манайх Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд 6000 мод, Сагсай сумын иргэдэд 5000 модыг хашаандаа тарих зориулалтаар үнэ төлбөргүй өгснөөс гадна Зэвсэгт хүчний анги байгууллагууд болон хувь хүмүүст мод бэлэглэдэг, хандивладаг, өгсөн модондоо хяналт тавьдаг, мөн заавал ургуулахыг шаарддаг. Ангийн маань байршилд одоо 10 000 орчим мод ургаж байна. Зүүнбаянгийн анги, Өмнөговийн 167 дугаар ангид өгсөн модод маань их сайхан ургаж байна гэсэн. Хуурай замын цэргийн командлалд 4000 мод, Төв аймгийн 334 дүгээр ангид 1000 мод бэлэглэсэн маань их сайхан ургаж байгаа юм билээ. ҮБХИС-ийн 100 жилийн ойгоор 2000 мод бэлэглэснийг тэд сургалтын полигондоо тарьсан гэсэн, очиж үзнэ дээ. Манайхаас мод авсан хүмүүс маань ургаж буй явцыг нь гэрэл зургаар тайлагнадаг. Хобби маань ингэж сайхан өргөн дэлгэр ажил болж байгаад баярладаг. Тарьж байгаа модтойгоо ярихад хачин сайхан ургадаг юм шүү дээ. Энэ дашрамд хэлэхэд, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн хэрэгжиж байгаад бид тун талархалтай байгаа.

Мөн энэ жилээс уулын зэрлэг сонгиныг тарьж ургуулахаар ажиллаж байна. Ботаникийн хүрээлэнтэй хамтран хөрсний судалгаа шинжилгээ хийж байна. Модоо үрээр бус суулгацаар ургуулах, зэрлэг жимсний моднуудыг нутагшуулах туршилт судалгаа хийж байгаа. Манай баруун Алтай чинь тошлой, үхрийн нүд зэрэг жимс жимсгэнэ ихтэй. Хашаандаа жимс жимсгэнэ ургуулсан нутгийн иргэдтэй санаа оноо солилцож байгаа. Манай Сагсай сум маань ус, чийг ихтэй, хөрсний шимийн хувьд мундаг. Доошоо 50 м ухахад л ус гардаг. Өндөр уулын дунд байдаг учраас зундаа халуун, өвөлдөө дулаахан, хавартаа их салхитай. Ер нь цаг уурын хувьд догшин ширүүн газар. Байгаль нь их догшин. Тиймээс хайрхандаа сүү өргөж, хамт олон, амьдрал ахуйгаа даатгадаг даа. Ангийн бие бүрэлдэхүүний шүтээн овоо ч бий. Түүнийгээ жил бүр зуны эхэн сарын шинийн 3, 8-нд тахидаг. Одоо бүр Бүх цэргийн овоо гэж аймаг орон нутгийн хүчний байгууллагын удирдлагууд, төрийн цэргийн байгууллагууд хамтдаа тахидаг болсон. Баруун Алтайн лус савдаг нь эмэгтэй байдаг учир архи дарс өргөдөггүй, сүү, будаа өргөдөг. Аргадаад явчихаар ажил үйлс бүтэж байх шиг санагддаг.

Таны өрөөний хоймрыг чимэх энэ сүрлэг хайрхан эрхгүй нүдэнд тусаж байна шүү.

-Монгол Улсын хамгийн өндөр уулс төрийн тахилгат Алтай таван Богдын зураг. Монгол Алтайн нурууны төгсгөл, Цэнгэл хайрхан, Цамбагарав хайрхан, Хан Хөхий хайрхан гээд Баруун Алтай нь байгалийн сайхан цогцолсон газар. Хилээрээ асар их модтой. Ууланд ангийнхантайгаа явахад үнэхээр сайхан. Хамт олныхоо өмнөөс, эх сайхан Монгол эх орныхоо өмнөөс уулс хайрхандаа даатгаад явах ч сүрлэг, огшмоор шүү дээ. Ажил үйлс маань тэгш дүүрэн, амжилт бүтээлтэй яваа нь энэ их хайрхны хийморь сүлд шүү дээ. Энэ дашрамд хэлэхэд, манай анги Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит цомын төлөөх явган аяллын тэмцээнд түрүүлж, цомыг нь хүртсэн. Мөн Зэвсэгт хүчний аварга шалгаруулах гар бөмбөгийн тэмцээний дэд байрын шагналт төдийгүй энэ таван жилийн хугацаанд ангиас маань 7 спортын мастер төрсөн шүү дээ.

Алслагдсан хөдөө нутагт гэр орноосоо хол байгаа хүмүүсийн хувьд ангийн захирагч байна гэдэг удирдлагаас гадна аав шиг нөмөртэй, ээж шиг халамжтай байх эрхэм чанарыг шаарддаг болов уу?

-“Ангийн хамгийн ахмад настан, Зэвсэгт хүчинд олон жил ажилласан захирагч хүний хувьд дүрэмд заасан үүргээ биелүүлнэ, хариуцлагаа ухамсарлана, удирдлагын тушаалыг биелүүлнэ, үүрэг даалгавраа өгнө. Бусад цагт би та нарын аав, ээж, ах эгч нь байна” гэж хамт олондоо би хэлдэг. Бид ажлын байрандаа хамтдаа ажиллаж, хамтдаа хөгжиж дэвшиж байна. Энэ нь бие биедээ хяналт тавих, анхаарал хандуулахад их хялбар байдаг. Хүмүүстэйгээ сайн ярилцаж, сэтгэлдээ нууцлах зүйлгүй байлгахыг хичээдэг дээ. Гэр бүл, гэр орноосоо алс хол байгаа хүмүүсийн сэтгэл их эмзэг байдаг. Нутгийн хүний хувьд тэднийг ээлжээр машиндаа хамт авч явж, нутаг орныг таниулна. Хүн амьтантай танилцуулна. Мал хуйтай болохыг захина. Би ангийн алба хаагчдадаа баярлаж явдаг. Анхны цэгээс нэгэн үйлс, нэгэн зорилгын төлөө өнөөг хүртэл хамт зүтгэж явна. Манайхан маш бүтээлч хүмүүс. Миний хамгийн үнэ цэнтэй, эрхэм хүмүүс бол эд нар маань шүү дээ.

 

Д.ГҮНЖИЛМАА

"Соёмбо" сонин

Холбоотой мэдээ
ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2023-12-21 Үзсэн: 48573
МЭРГЭН БАЙЖ ЧАДЛАА
Нийтэлсэн: 2023-10-09 Үзсэн: 151