Ханш нээсэн хаврын энэ өдөр, гэгээн тунгалаг өглөөгөөр Зэвсэгт хүчний 150 дугаар ангийг зорилоо. Өдөр, шөнийг ялгалгүй үргэлжилдэг их хотын замын түгжрэл биднийг тосон авах нь тэр. Түгжрэл дунд гиюүрэхгүйг хичээж, жолооны ард суугаа ахлагч Г.Жавзанхорлоотой яриа өдөж ураа татна. Тэр бээр 2009 оноос Зэвсэгт хүчин, тэр дундаа элитийн батальон, хожмоо тусгай хүчний гэх тодотголтой болсон 150 дугаар ангиас ажлын гараагаа эхэлжээ. Аав, ах хоёроосоо үлгэрлэн удмаа дагасан сонголт нь энэ аж.
“Багаасаа онгоцны нисгэгч болохыг хүсэж байсан ч нэг мэдэхэд цэргийн хүн болчихсон. Тэглээ гээд муудсан зүйл байхгүй ээ. Харин ч баярладаг юм” хэмээн хийсэн сонголт нь зөв байсанд урамшсан янзтай хэлэв. Удалгүй түгжрэлээс гарч сэлүүхэн замтай золгодог юм байна. Ингээд ахлагч Г.Жавзанхорлоо биднийг ангидаа, өөрөөр хэлбэл зорьсон газарт минь саадгүй хүргэж өглөө. Энхийн их үйлсэд монгол цэргүүдийн оруулж буй гавьяаг дэлхий харж, бахдаж шагширч суугаа цагийн гинжин хэлхээстэй эл ангийг холбохгүй байхын аргагүй юм. Монгол гэдэг нэрийг хэдэнтээ дуурьсгасан энэ түүхийн жимийг дардан гэгч нь татуулсан эзэд Зэвсэгт хүчний 150 дугаар ангиар овоглогддог.
Түүх сөхвөөс, Ардын Армийг өргөтгөн зохион байгуулах, бүс нутгийн аюулгүй байдлыг сахин хамгаалах зэрэг зорилгод үндэслэн 1972 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хуралдсан БХЯ-ны коллеги, Ардын Армийн Улс төрийн газрын товчооны хамтарсан хурлын шийдвэр, Батлан хамгаалахын сайдын тус оны тушаалаар Ардын Армийн 150 дугаар анги буюу “Ардын Армийн сургуулийн тусгай батальон” Сонгино цэргийн гарнизонд байгуулагджээ. Хожмоо 1997 оны 5 дугаар сараас Мотобуудлагын мэргэжлийн тусгай батальон болж шинэчлэн зохион байгуулагдсан байдаг. Одоо тусгай хүчний цэрэг гэдэг тодотголтой болж үйл ажиллагаа, бэлтгэл сургалтаа түүнд уялдуулах болжээ.
Захирагчаар нь дэд хурандаа Б.Олзбаяр ажиллаж байна. Мөн л эл ангийн "бүтээгдэхүүн". Түүнийг ажлын ширээнийх нь ард "уях" гэж хэсэгхэн хүлээв. Захирагчийн өрөөгөөр бичиг цаас болсон хүмүүс орж гарах нь элбэг. Бидний ээлж ч ирлээ.
Цэргийн анги өдөр тутмын үйл ажиллагаа, бэлтгэл сургалтаа тасралтгүй явуулахын тулд сахилга батыг өндөр түвшинд чандлан ажиллах учиртай. Цаг барих, хариуцлагатай байх, удирдлага дор байгаа хүмүүсээ зөв үүрэг чиглэлээр хангаж ажиллах гээд нэрлээд байвал зарчмын олон шаардлага бий. Угтаа эдгээрийг бүрэн хангаснаар анги өнгөтэй өөдтэй, алба хаагчид нь сэтгэл өег байх үндэс болно. Дэд хурандаа Б.Олзбаяр өнгөрсөн оны 10 дугаар сард ажлаа хүлээн аваад шинэ хамт олонтойгоо хамгийн түрүүнд “онилсон” бай нь энэ ажил юм байна.
Тэр бээр хэлэхдээ “Төрөл бүрийн зэвсэг техниктэй харьцдаг учраас цэргийн хүний хөдөлмөр өндөр эрсдэл дагуулдаг. Тиймээс сахилга баттай байх нь нэн чухал. Тусгай хүчин гэсэн онцлог нь тасаг, салааны захирагч, орлогч дарга нарын хүлээх үүрэг, идэвх оролцоо их байгаагаас харагддаг.
Энэ ангийн бие бүрэлдэхүүний дийлэнх нь мэргэжлийн ахлагч нараас бүрддэг. Тэд хамгийн багадаа тав, түүнээс дээш 10, 20 жил ажиллаж байна. Тасаг, салааг удирдаж байгаа албан тушаалтнууд үг, үйлдлээрээ бусдадаа үлгэрлэх ёстой. Энэ голдирлоороо явбал тухайн тасаг жигдэрнэ, цаашлаад ангийн бэлэн байдалд ч ихээхэн ач холбогдолтой гэж би хувьдаа боддог юм. Тиймээс энэ талаар түлхүү анхаарч байна. Бид захирагчийн зөвлөлөөрөө хуралдаж, 2021-2022 оны сургуулийн жилийн нээлтийн үеэр сахилгын зөрчилгүй хамт олон болох, сахилгын зөрчилгүй тусгай салаа, рот шалгаруулах болзолт уралдааныг дотооддоо зарласан” гэв.
Баримт бичгийн төлөвлөлт хийх, бие бүрэлдэхүүнийхээ нийгэмд эзлэх байр суурийг бататгах үүднээс холбогдох хууль дүрэм, ялангуяа салбарынхаа хуулийг сурталчлах, алба хаагч тус бүрийн эрх үүргийг нь ойлгуулж, ухуулах зэрэг ажил энэ уралдааны хүрээнд хийгдэж байгаа аж. Ингэснээр шадар дарга нар бусдадаа эергээр нөлөөлөхийн тулд өөрсдөө боловсорч, хөгжиж байгаа гэдгийг дуулгасан.
Шинэ сургуулийн жилийн нээлтийн үеэр тус анги офицеруудынхаас гадна тасгийн захирагч болон түүнээс дээш албан тушаалын ахлагч нарын цугларалтыг мөн зохион байгуулжээ. Ийн өмнө нь тогтсон хэв маягаа бага зэрэг эвдсэнээр хүмүүсээ хэрхэн зөв удирдах, үүрэг чиглэлээр яаж хангах, ямар байдлаар нөлөөлөл үзүүлэх вэ гэдэг асуудлуудыг хөндөж, тасгийн захирагч, салааны захирагчийн орлогч, ротын ахлагч нарт манлайлагч буюу менежер байх дадал, чадваруудыг эзэмшүүлэх зорилгоор хэд хэдэн сургалт явуулаад амжжээ. Олж авсан мэдлэгээ өдөр тутмын үйл ажиллагаа, албандаа мөрдлөг болгож байгаагаа ахлагч нар хэлж байсан.
Мөн дэд хурандаа Б.Олзбаяр “Анги маань цэргийн алба, сахилга зохион байгуулалт, урлаг, спорт гээд олон талын үзүүлэлтээрээ Зэвсэгт хүчиндээ нүүр тахалсаар ирсэн. Харин нийгэм, цаг үе, цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалаад 2021 онд залуучуудын идэвх нь суларсан юм шиг ажиглагдлаа. Өнгөрөгч онд сургалт, бэлтгэл түлхүү цахимаар явагдлаа шүү дээ. Бид болзолт уралдаан, тэмцээн, хичээл сургууль, хээрийн гаралт, буудлагуудаа нэгдсэн төлөвлөгөөнийхөө дагуу явуулаад тодорхой хугацааны дараа эргээд харахад залуучуудын маань идэвх илүү сайжирсан байна. Энэ бол үр дүн. Офицер, ахлагч нарын албандаа хандах хандлага л сайжирч байвал тэр хэрээр сахилга, хариуцлага ч дээшилнэ, сургалт бэлтгэл тасралтгүй амжилттай явагдах нөхцөл бүрдэнэ. Тусгай хүчний цэргийн командлагч бригадын генерал Б.Баатар энэ ангитай хувь заяагаараа холбогдож, салааны захирагчаас штабын дарга хүртэл ажилласан. Элитийн батальон болгоход өөрийн хувь нэмрээ оруулсан хүн. Тусгай хүчний цэргийг байгуулахын тулд бид албандаа нэгэн сэтгэлээр ханддаг, сэтгэл зүтгэлтэй тийм хувь хүнийг эхлээд бэлдэх ёстой, дараа нь сургалт бэлтгэлийг нь хангуулах талаар анхаарч болно хэмээн хэлж байсныг нь мөн санаж байна” гэж онцолсон юм.
Цэргийн хүний гол хөдөлмөр бол сургалт бэлтгэл. Ялангуяа тусгай хүчний цэргүүдэд сургалт бэлтгэлийг чанартай, эрчимтэй явуулах шаардлага улам л өндөрсөнө. Нөгөө талаар тайван цагт хөлс их асгарвал, дайны цагт цус бага урсана гэсэн үзэл санаа ч бий. Энэ ангийн хувьд сахилга батыг дээшлүүлж, сургалт бэлтгэлээ чанаржуулах, үйл ажиллагаагаа улам төгөлдөржүүлэхийн зэрэгцээ ерөнхий зургаараа тусгай хүчний цэргийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах эрмэлзэлтэй байдаг нь мэдрэгдэж байв.
Дараагийн агуулга нь сургалт, бэлтгэлийн талаар. Командлалын удирдлага, сургалтын хэлтсээс өгсөн чиглэлийн дагуу тусгай хүчний арга тактик, ажиллагааг, сургалт бэлтгэл, даалгаврын жагсаалтдаа нийцүүлэн, нэгдсэн төлөвлөлтөө хийж, гүйцэтгэх үндсэн үүрэгтэйгээ уялдуулж байгаагаа ангийн удирдлагууд хэлсэн. Сайтар бэлтгэгдсэн цэргүүдээс бүлэг, тасаг, салаа, рот бүрддэг тул хүн нэг бүрийн бэлтгэлд зайлшгүй анхаарах шаардлагатай гэнэ.
Тус анги Сонгинохайрхан дүүргийн Усан спорт сургалтын төвтэй хамтран усны сургалтыг зохион байгуулж, алба хаагчдаа чадваржуулж байна. Одоо усны болон уулын гэсэн хосолмол сургалтад бие бүрэлдэхүүн хоёр ээлжээр гурван сарын хугацаатай хамрагддаг болсныг Сургалтын албаны дарга хошууч Р.Ариунбаатар хэлсэн. Уулын сургалтын тухайд өндрийн бэлтгэл, үүргэвчтэй алхалт болон байр зүйн баримжааллыг хийх, амьд гарах ухааны зэрэг сургалт багтдаг ажээ. Мөн нисгэгчгүй нисэх төхөөрөмжтэй ажиллах сургалт болон цанын хичээлийг сургалтынхаа нэгдсэн төлөвлөгөөнд тусгасан байна. Ийнхүү хичээл сургуулийг тасралтгүй явуулснаар алба хаагчдын сонирхол нэмэгдэж, сэтгэл зүйн бэлтгэлжилт дээшилж байгааг онцолж байсан.
Түүнчлэн “Нэг бүрийн бэлтгэл” шатыг офицер, ахлагч нарын алба хаасан хугацаа, мэдлэг, туршлага, ур чадварыг харгалзсаны үндсэнд зохион байгуулснаа дуулгасан. Тухайлбал, офицеруудыг нэг бүлэг, ахлагч нарыг 1-5, 6-10, 11- 15, болон 16-аас дээш жил алба хааснаар нь ангилж 4 бүлэгт хуваасан байна. Ингээд өөр өөрсдийнх нь бүлгийн онцлогт тохирсон сургалт бэлтгэлийг хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу явуулсан нь оролцоонд суурилсан сургалтын ач холбогдлыг бие бүрэлдэхүүнд түлхүү мэдрүүлжээ.
Мөн хошууч Р.Ариунбаатар “Бид энэ жилийн тухайд тасаг, салаа, ротын жигдрэлтийн онол, дадлагын хичээл, сургалтыг ангийн байрлалд хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу зохион байгуулж, Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвийн районд тасгийн байлдааны буудлагыг “Мотобуудлагын салааны маневрын хориглох байлдааны нэгдүгээр заагаас завсрын заагт гарах үеийн мотобуудлагын тасгийн ажиллагаа”, салааны байлдааны буудлагыг “Мотобуудлагын ротын маневрын хориглох байлдааны нэгдүгээр заагаас завсрын заагт гарах үеийн мотобуудлагын салааны ажиллагаа” сэдвээр тус тус амжилттай явуулж жигдрэлтийг хангалаа. Мөн “Хүч нэмэгдүүлсэн мотобуудлагын рот маневрын хориглох байлдааны нэгдүгээр заагаас завсрын заагт гарах үеийн ажиллагаа” сэдэвт мотобуудлагын ротын байлдааны буудлагатай хээрийн сургууль 95 хувь буюу “Онц” үнэлэгдсэн” гэлээ.
Сургалтын албаны даргын ажил, албаны шинжтэй яриа энд хүрээд өндөрлөв. Хошууч Р.Ариунбаатар бол удам дагасан цэргийн хүн. Түүний аав хурандаа Д.Равдан Зэвсэгт хүчиндээ тасралтгүй 26 жил ажилласан хүн байжээ. Аав нь 1990-1993 онд Зэвсэгт хүчний 256 дугаар ангид захирагчаар, том ах Р.Болдбаатар нь ротын захирагчаар ажиллаж байсан сонин тохиолыг ч хуваалцлаа. Харин хошууч Р.Ариунбаатарыг бага ахуйд нь аав, ах нь тэнгэрт дэвшжээ. Түүний удаах ах ахмад Р.Ариунболд мөн л Зэвсэгт хүчинд 21 дэх жилдээ амьдралаа зориулж яваа, ОХУ-д зохион байгуулагддаг “Олон улсын цэргийн наадам” тэмцээний “Танкийн биатлон”-ны төрөлд зургаан удаа оролцож байсан гээд нэг гэрийн цул болсон эрс халаа халаагаа авалцан эх орондоо зүтгэх нь бахархмаар.
Ангийн удирдлага сургалт бэлтгэлээс гадна алба хаагчдынхаа сэтгэл зүйн байдал, хүсэл зоригийг соргогоор мэдрэхэд анхаарч, тийш санаагаа чилээж ажилладаг. Офицер, ахлагч нарын гэр бүлийн боловсрол, санхүүгийн захиран зарцуулалт гээд алба хаах орчин нөхцөлд ямарваа нэг байдлаар нөлөөлдөг эрх ашиг бас бий. Энэ чиглэлд анхаарч Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэстэй хамтарч ажиллан, офицер ахлагч нар тогтмол зөвлөгөө, мэдээллээр хангагдах болжээ. Гэр бүл болоод хувь хүн аль алинтай нь тулж ажилладаг нь алба хаагчдад асуудлыг бодитоор харж, шийдэхэд ихээхэн үр дүнтэй байдгийг ч хэлнэ лээ.
Хуучин цагт хүн зөвхөн буу шийдэм бариад эх орноо хамгаалдаг байсан бол одоо экологийн тэнцвэрт байдлыг хангаж өөрийн амьдарч буй улс, цаашлаад байгаль дэлхийгээ аварч үлдэхэд эв санаагаа нэгтгэхийг биднээс шаардах болжээ. Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж Элитийн батальоны хамт олон болон Зэвсэгт хүчний 084 дүгээр анги Төв Аймгийн Аргалант сумын ЗДТГ-тай хамтран Эмээлтээс Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвийн чиглэлд 2500 мод тарьжээ. Тус сумын удирдлагуудтай хамтран цаашид энэ чиглэлээр хийж хэрэгжүүлэх үйл ажиллагаагаа төлөвлөж, өмнө нь тарьсан модоо ургуулах, арчилж, усалж, тордох ажлыг 150 дугаар ангийн бие бүрэлдэхүүн бие даан гүйцэтгэж байна гэсэн. Гол нь эхлүүлсэн ажлаа хожим нь дүгнэхийн тулд эзэнжүүлэх шаардлагатай, манай бие бүрэлдэхүүн тарьсан моддоо ургуулах талаар идэвхтэй байж, өөриймсөг ханддаг гэдгийг ч хэлж байв.
Тагнуулын салааны ахлагч, тасгийн захирагч сургагч ахлагч А.Баяртогтох амьдралынхаа тэн хагасаас илүү хугацааг энэ ангидаа элээж явна. Энэ хугацаанд ямар дадлага, туршлага хуримтлуулсан, юу сурч мэдсэнээ зааж, өвлүүлж залуу болон ахмад үеийн эргэх холбоог бат гагнаж яваа мэт санагдсан. Тэрээр “Аав минь Армид алба хаагаад, ахмад цолтой халагдаж байсан. Миний бахархал. Багаасаа л би энэ амьдралтай ойр өссөн дөө. Мөн айлын ганц эрэгтэй нь гээд хүүхэд байхаасаа биеэ дааж сурсан, олон төрлийн спортоор хичээллэдэг суурь сайтай байсан зэрэг нь цэргийн хүн болоход нөлөөлсөн болов уу” гэв. Сургагч ахлагч А.Баяртогтох 2003 онд “Иракийн эрх чөлөө” ажиллагааны I ээлжид үүрэг гүйцэтгэсэн бол түүний аав Афганистан Улсыг зорьж байсан гэх. Ингээд үүрэг гүйцэтгэж ирээд аав, хүү хоёул “Энхийг сахиулагч гэр бүл”-ээр өргөмжлөгдсөн сайхан түүхээ ч хуучиллаа. Сургагч ахлагч А.Баяртогтохын аав Б.Амарын хувьд зэвсгийн мэргэжлийн хүн аж.
Авьяас тэтгэвэрт гардаггүй гэдэг шиг түүнийг эх орон дуудаж, албанд нь зүтгүүлэх үе бас тохиолддог гэнэ. Сургагч ахлагч А.Баяртогтохын хувьд энэ ангиас ажлын гараагаа эхлүүлж, даль жигүүрээ ургуулсан бөгөөд одоо бууриа сэлгэх хүсэлгүй, өөр ажлын саналууд ирдэг ч түүнийг энд бие сэтгэлээр нь бүрэн уячихсан ажээ. “Би боддог юм, ангиа хөгжүүлэхийн тулд миний оруулж чадах хувь нэмэр юу байх вэ, тэр бүхнийг л хийнэ. Залуу ахлагч нараа ажиглаад байхад тэд заримдаа ажил албандаа хоноцын сэтгэлээр хандах үе харагддаг. Уг нь энэ ажил хоёр дахь гэр нь байх ёстой байхгүй юу. Амар хялбараар аливаад хүрэх гэсэн арга замаас аль болох зайлсхийх хэрэгтэй. Хүн хэцүүгээс илүү ихийг сурна шүү дээ. Одоо манай анги сахилга батыг өндөр түвшинд байлгах, цаашлаад албандаа хандах хандлагыг илүү нэмэгдүүлэхийн тулд нэлээд ажлыг хэрэгжүүлж байгаа. Гол нь залуус зорилгоо зөв тодорхойлоод, түүндээ тууштай баймаар байна” гэсэн нь түүнд ангийнхаа төлөө гэсэн эрмэлзэл ч, эмзэглэл ч байдгийн илрэл биз ээ.
Сүүлийн жилүүдэд эл ангийн гэрэлтүүлэг, гадаад үзэмж сайжирч ихээхэн өнгөө засаж байгааг хэлэх нь зүйтэй. Бүр 2021 оны ангийн “Хөдөлмөрийн аварга” Н.Гансамбуудорж гуайн талаар ч өгүүлэх ёстой. Тэр бээр 2018 оноос хойш тус ангид дизельчин цахилгаанчнаар ажиллаж байна. Уг гарвалыг нь яривал “манай тал” гэдэг шиг барилгын цэргийн ангиас л өсөж өндийсөн хүн аж. 1987-1989 онд Барилгын цэргийн 030 дугаар ангид хугацаат цэргийн алба хаагаад ахлагчийн албанд улирсан тэр бээр өөрийгөө Таван толгой дахь Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвөөр дамжсан сүүлийн цэргүүдийн нэг гэх юм билээ. Тэр бээр “Бие бялдар сайхан тэгширч, сэтгэлийн хаттай, үг даадаг болж, ялангуяа ажилд дадсан минь Барилгын цэргийн ангид очсоных юм шүү дээ. Бас иргэний хамгаалалтын чиглэлээр биднийг сайтар бэлддэг байсан.
Хуучин цагт барилгын цэргийн томоохон баазууд байсан ч зах зээлийн шуурганд өртөж үндсэндээ үгүй болсонд их халагладаг байлаа. Одоо Зэвсэгт хүчин маань Барилга-инженерийн цэргийн удирдах газартай болсон гэнэ лээ. Эргээд сэргэж байгаа юм байна гэж ойлгосон. Ер нь Зэвсэгт хүчин маань цаг үеэ дагаад өөрчлөгдөж, шинэчлэгдэж байна уу даа. Миний хувьд 1991 онд цэргийн албанаас саналаараа чөлөөлөгдсөн, энэ олон жилийн дараа буцаад ирэхэд сэтгэл ихэд догдолж байлаа. Анги хамт олон ч намайг сайхан хүлээж авсан” хэмээгээд ангийн гэрэлтүүлэг гэдэг чинь өнгө үзэмжээс гадна нэг ёсондоо хяналтын үүргийг гүйцэтгэдэг болохыг ч учирлалаа. Бас Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ний аюулгүй ажиллагааны зааварчилгаа олгодог сургалтад жил бүр хамрагддаг, би ингэж толгойгоо цэнэглэхгүй бол миний гаргасан алдаа бусдад ямар их хор хохирол учруулахыг мэдэхгүй гэх нь ёстой хариуцлагаа эхэнд тавьсан хүний амнаас унах үгс байв.
Түүний хувьд энэ ангидаа ирснээр залуу халуун насных нь дурсамж нь сэргэдэг, энд л залуустай бужигнаж байвал эрч хүчээр цэнэглэгддэг хэмээн урамшиж байсан даа.
Эх сурвалж: “Соёмбо” сонин. Дэслэгч Ц.ЭНХ-ОРГИЛ