Сурвалжлагчаар ажилласан 10 гаруй жилийнхээ хугацаанд бараг хамгийн анх удаа байхдаа инээсээр, баярласаар, бахархсаар мэдээ бичиж байна. Журмын нөхөд нь офицерынхоо бяцхан охины амь нас, эрүүл мэндийн төлөө яаж хичээж, яаж нэгдэж, нэгдээд цугласан хандиваа гардуулахдаа яаж баярлаж байгааг нь харах завшаан өнөөдөр тохиов. Учир нь юу гэвээс Зэвсэгт хүчний 350 дугаар захирагчийн нэгдүгээр орлогч, дэд хурандаа Б.Ууганбаяр, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн дуудлага хүлээн авагч, ахлагч С.Ганзаяа нарын тархины үрэвсэл өвчнөөр шаналж байгаа бяцхан охины эмчилгээнд 33 сая төгрөг цуглуулснаа тус ангийн захирагч, хурандаа Ж.Сүх-Очир өнөөдөр ёслол төгөлдөр гардуулан өгөв.
Хурандаа Ж.Сүх-Очир “Бяцхан охин У.Маргад бол бидний охин, манай ангийнхны гүнж. Ангийнхаа офицер, ахлагч, ажилтан албан хаагчийн хүүхдүүдийг өөрийн үр хүүхдүүд шиг хайрлаж явдаг юм. Ядрахад түшээд авах нөхөд, дэмжээд босгох хамт олон бол Зэвсэгт хүчний 350 дугаар ангийнхан гэмээр байна. Хамт олны минь сэтгэл шингэсэн энэхүү хандив бяцхан охинд маш том нэмэр болно гэдэгт эргэлзэхгүй байна. Манай Ууганаа, Ганзаяа хоёрт туслаж байгаа мөрдэс нэгт нөхдөдөө, сайхан сэтгэлт олон түмэндээ маш их баярлалаа” хэмээсээр хандиваа гардууллаа.
Ийнхүү сайхан сэтгэлт иргэд, Зэвсэгт хүчин, Онцгой байдлын мөрдэстэй бүхэн бяцхан охины төлөө их, бага гэлтгүй сэтгэлийн хандиваа илгээсээр байна. Бяцхан охины эмчилгээний 450 сая төгрөгөөс 100 сая төгрөг нь одоогоор бүрдээд байна.
Сэтгэлийн хандив илгээж байгаа Зэвсэгт хүчний дайчид нөхөд, Онцгой байдлын журмын нөхөд, түшээд босгох эрхэм найз нөхөд, ах дүү хамаатан садан, сайхан сэтгэлт иргэн Та бүхэндээ маш их баярлалаа хэмээн бяцхан охины аав, ээж уламжилсаар байна.
Бяцхан охины эрүүл мэндээс шалтгаалан хагалгааг 5 дугаар сарын эхээр хийхээр төлөвлөсөн учир үлдсэн эмчилгээний зардлаа богино хугацаанд бүрдүүлэх бодит шаардлага офицер, ахлагчийн гэр бүлд нь үүсээд байгаа юм. Иймд сайхан сэтгэлтэй хэн бүхнийг хандивын аянд нэгдэхийг уриалж байна. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай!
ХАНДИВЫН ДАНС
ХААН БАНК: 5073035840
ГОЛОМТ БАНК: 4305125348
Данс эзэмшигч: Ээж-Сэргэлэн Ганзаяа
Харилцах утас С.Ганзаяа 88376062