Бүгд Найрамдах Солонгос Улсын Хуурай замын цэргийн сургуулийг Ерөнхий цэргийн командын офицер мэргэжлээр суралцаж төгссөн дэд ахлагч Р.Дашдаваа Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга тушаалаар Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн мотобуудлагын ротын салааны захирагчаар томилогдон албан тушаалын зэрэглэлийн “Дэслэгч” цолоо гардан авлаа.
Тусгай хүчний цэрэгт мөр зэрэгцэн алба хаахаар томилогдсон Р.Дашдаваагийн “Дэслэгч” цолыг 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Тусгай хүчний цэргийн командлагч бригадын генерал Б.Баатар командлалын бие бүрэлдэхүүний өмнө гардуулан өгч, цаашдынх нь ажилд амжилт хүслээ.
Дэслэгч Р.Дашдаваа нь 2010-2016 онд Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн Тэмүүжин-Өрлөг сургуулийн тэргүүний сурагчаар шалгарч байсан бөгөөд ахлах түрүүч цолтой суралцаж төгсөөд 2017-2022 онд БНСУ-ын Хуурай замын цэргийн сургуулийг амжилттай дүүргэжээ. Хуурай замын цэргийн сургуульд суралцах хугацаандаа тэрээр Сөүл хотноо уламжлал болгон зохион байгуулагддаг цэрэгжлийн спортын тэмцээн уралдаанд идэвхи, санаачлагтай амжилттай оролцож иржээ.
Эх орноо батлан хамгаалах эрхэм үйлсэд хоёргүй сэтгэлээр хүчин зүтгэх чин хүсэл оргилсон, хийж бүтээх тэмүүллээр дүүрэн, эрч хүчтэй залуу офицертоо Тусгай хүчний цэргийн командлалын удирдлага, бие бүрэлдэхүүний зүгээс ажилд нь амжилт, амьдралд нь эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Хошууч Э.Батжаргал