Баян-Өлгийн аймгийн Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын хамтарсан “Энхийн үйлс2022” нээлттэй хаалганы өдөрлөгийг энэ сарын 25-ны өдөр аймгийн төв талбайд зохион байгууллаа. Нээлттэй хаалганы өдөрлөгт Баян-Өлгий аймгийн Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлагууд, бие бүрэлдэхүүн, НҮБ-ын болон олон улсын бусад ажиллагаанд оролцсон энхийг сахиулагчид, аймгийн Ерөнхий боловсролын сургуулиудын багш сурагчид, ард иргэд оролцлоо.
Өдөрлөг Баян-Өлгий аймгийн засаг даргын орлогч С.Хоноев үг хэлж, энхийг сахиулагчид Икей /1921- 1939/ баатрын хөшөөнд цэцэг өргөснөөр эхэллээ. Үргэлжлүүлээд Зэвсэгт хүчний 331 дүгээр анги байлдааны зэвсэг техник, уулын цэргийн хувцас, тусгай хэрэгсэл, энхийг сахиулагчдын зурагт самбар, “Монгол цэрэгДэлхийн цэрэг” гар зургийн үзэсгэлэн, цэргийн мэргэжлийн ном, сонин, сэтгүүлийн үзэсгэлэн зэргийг дэлгэн үзүүлэхийг зэрэгцээ ангийн байлдааны салбаруудын алба хаагчид гардан тулааны үзүүлэх тоглолт, өндрөөс олс ашиглан буух үзүүлбэр үзүүлж, эмнэлгийн албаны бие бүрэлдэхүүн өдөрлөгийг үзэж сонирхсон хүмүүсийн амин үзүүлэлтүүдийг үзэж, дархлаажуулах витамин, нэг удаагийн амны хаалтыг тараалаа. Мөн аймгийн онцгой байдлын газрын алба хаагчид аврах ажиллагааны үзүүлбэр үзүүлж, Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагууд чиг үүргээ танилцуулж, анги байгууллагаа сурталчлан нээлттэй хаалганы өдөрлөгт оролцлоо.
Түүнчлэн Монгол цэрэг энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойг угтан төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын аймгийн хэмжээнд зохион байгуулсан тэмцээн уралдааны шагнал гардуулах ёслолын арга хэмжээ энэ үеэр зохион байгуулсан юм.
Эх сурвалж "Соёмбо" редакц