Зэвсэг хүчний 150 дугаар ангийн “Гэр бүлийн зөвлөл” болон сургалтын албанаас санаачлан бие бүрэлдэхүүний ар гэрт боловсролын дэмжлэг үзүүлэх зорилгоор 11-16 насны, 15 ажилтан, алба хаагчдын хүүхдүүдэд “Солонгос хэл”-ний анхан шатны дамжааг 2022 оны 06 сарын 28-наас эхлэн 45 хоногийн хугацаатай хичээллүүлж байна.
Тус дамжаанд суралцаж байгаа хүүхдүүдэд цэргийн албаны онцлог, мөн чанарыг таниулах, цэрэг-эх оронч үзэл, хүмүүжил төлөвшүүлэх зорилгоор “Дайчин алдрын танхим”-тай танилцуулах, “Скат” буудлагын төхөөрөмжөөр ажиллуулах болон бусад соёл, олон нийтийн ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөөд байна.
Тус ангийн удирдлага болон сургалт зохион байгуулж буй бүрэлдэхүүнд энэхүү сургалтад хүүхдүүдээ хамруулж байгаа алба хаагчид хүүхдийн зуны амралтыг үр бүтээлтэй өнгөрүүлэх, хүүхдүүдэд гадаад хэл эзэмшүүлэхэд дэмжлэг үзүүлсэн чухал ач холбогдолтой ажил, арга хэмжээг зохион байгуулж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байсан юм.
Цаашид Зэвсэгт хүчний 150 дугаар ангид “Англи хэл”, “Орос хэл” болон бусад хэлээр дамжаа хичээллүүлэх боломжтой бөгөөд алба хаагчдынхаа ар гэр, тэдний үр хүүхдүүдэд анхаарал хандуулсан, бие бүрэлдэхүүний нийгмийн асуудалд дэмжлэг үзүүлсэн чухал ач холбогдолтой ажлуудыг эхлүүлээд байна.
хошууч Э.Батжаргал