Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн салааны захирагч дэслэгч Б.ӨСӨХБАЯР:
Тусгай хүчний цэргийн гэрээт алба хаагчдын сургалтын явц дунд шатандаа шилжиж байна. Цэргийн алба хаагчийн мэдлэг, байнгын бэлтгэл сургуулилт, ямар ч сорилтод бэлэн байх чадвар бол улс орныг батлан хамгаалах үндсийн үндэс юм. Энэ зарчмыг баримталж сургагч багшийн үүргээ гүйцэтгэж байна. Цэргийн гэрээт алба хаагчид маань өөрсдийн хүсэлтээр ирж байгаа учир сургалт бэлтгэлдээ илүү идэвх чармайлттай, заасан зүйлийг хурдан ойлгож, албандаа хурдан дасаж байгаа.
Цэргийн гэрээт албыг их дээд сургууль төгссөн, хятад, англи, турк хэлний мэдлэгтэй, боловсролтой цэргийн алба хаагчид сонгон ирж байгаа нь сайшаалтай хэрэг бөгөөд тусгай хүчний цэргийн ангиуд мэдлэг чадвар өндөр, бие бялдрын өв тэгш хөгжилтэй, спортлог, цэргийн хэргийн мэдлэг ур чадвартай хүний нөөцөөр хүрээгээ тэлж байгаад баяртай байна. Цэргийн гэрээт албыг сонгосон нийт түрүүч нартаа сургалтаа амжилттай дүүргээд өөрсдийн мэдлэг чадвараа дайчлан, тулгарсан бэрхшээл саадыг шантралгүй даван туулж, өргөсөн тангарагтаа үнэнчээрзүтгэхийг хүсье. Тусгай хүчний цэргийн командлалын нэр хүндийг өндөрт өргөж яваарай залуус минь !
Эх сурвалж "Соёмбо" сонин