• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 311 ДҮГЭЭР АНГИЙН 35 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛАН МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ
Нийтэлсэн: 2021-10-14 08:59:13
Үзсэн: 106

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 311 ДҮГЭЭР АНГИЙН 35 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛАН МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ
Нийтэлсэн: 2021-10-14 08:59:13 Үзсэн: 106



        Эрхэм генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагч, ажилтан албан хаагч, хилийн чанадад үүргээ нэр төртэй гүйцэтгэж буй энхийг сахиулагч, эх орноо батлан хамгаалах үйлсэд хөдөлмөр зүтгэл, залуу насаа зориулсан бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчид Та бүхэнд Цэргийн гавьяаны улаан тугийн одонт, хошууч генерал Г.Рагчаагийн нэрэмжит Зэвсэгт хүчний 311 дүгээр анги байгуулагдсаны 35 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

         Монголын Ардын Армийг өргөтгөн зохион байгуулах явцад цэргийн сургалт бэлтгэлийн чанар, үр дүнг дээшлүүлэх, төрөл мэргэжлийн ангиудын нэгдсэн сургалт, хээрийн гаралт, полигоны дадлагыг явуулах сургалтын нэгдсэн төвтэй болох зорилгоор тус ангийг Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг Тавантолгойн районд байгуулсан түүхтэй.

        Энэ хугацаанд тус анги нь цэргийн шинэчлэлийн бодлого, дэвшүүлсэн зорилго, зорилтуудаа амжилттай хэрэгжүүлж, Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төв төдийгүй Олон улсын энхийг дэмжих ажиллагааны сургалтын төв болон өргөжиж, НҮБ-ын болон олон улсын хамтын нөхөрлөлийн өмнө хүлээсэн олон улсын энх тайван, аюулгүй байдалд дэмжлэг үзүүлэх үүргээ нэр төртэй биелүүлсээр ирсэн юм.

        Тус ангийн бүтээлч хамт олон Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, салбарууд, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн бие бүрэлдэхүүний хээрийн гаралт, полигоны дадлага, буудлага, жолоодлого, байлдааны буудлагатай болон буудлагагүй тактикийн хээрийн сургууль, цэрэгжлийн спортын уралдаан тэмцээнийг амжилттай зохион байгуулсаар байна.

        Тэрчлэн олон улсын сургууль, дамжаанууд болон энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх цэргийн багуудын ажиллагааны өмнөх бэлтгэл сургалтыг зохион байгуулалтын өндөр түвшинд явуулан, өөрийн эх орондоо төдийгүй тив, дэлхийн түвшинд өндөр үнэлэлт авсаар байгааг баярын энэ өдөр онцлон тэмдэглэе.

       Бахдам амжилт, бахархах үйл хэргээр арвин тус ангийн тулгын чулууг тулж, шинэчлэлийн замд хөтөлсөн үе үеийн захирагч, удирдлага, нийт бие бүрэлдэхүүн, ахмад дайчид Та бүхний идэвх, оролцоо, хөдөлмөр зүтгэлийг тань бид ямагт өндрөөр үнэлж, хүндэтгэн дээдэлж явдгаа илэрхийлэхэд таатай байна.

       Энэхүү түүхт ойг тохиолдуулан бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчид, тус ангид ажиллаж байсан, өдгөө ажиллаж буй офицер, ахлагч, түрүүч, байлдагч нар, ажилтан албан хаагчдадаа дахин баярын мэндчилгээг дэвшүүлж, ажлын арвин их амжилт, амьдралын сайн сайхан бүхнийг бэлгэдэн ерөөе.

Монгол цэргийн яруу алдар, сүр хүч, сүлд хийморь мандан бадрах болтугай!

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН ДАРГА

ДЭСЛЭГЧ ГЕНЕРАЛ Д.ГАНЗОРИГ

Холбоотой мэдээ
МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2024-12-31 08:45:19 Үзсэн: 600
МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2024-08-15 14:10:16 Үзсэн: 345
МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2024-05-29 12:53:05 Үзсэн: 681
БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2024-03-18 14:08:20 Үзсэн: 307
ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2023-12-31 09:00:54 Үзсэн: 257