
Монгол цэргийн түүхийг баяжуулан дархалж яваа үе үеийн артиллеричид, ахмад дайчид болон одоо алба хааж буй нийт бие бүрэлдэхүүн Та бүхэнд орчин цагийн Зэвсэгт хүчинд Артиллерийн цэрэг үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье.
1921 оны 3 дугаар сард жанжин Д.Сүхбаатарын санаачилга, шууд удирдлагаар Оросын 1902 оны загварын 76 мм-ийн хоёр буутай анхны их бууны салааг байгуулснаар орчин цагийн артиллерийн цэргийн анхны суурь тавигдсан түүхтэй. Улмаар Хиагт хотыг гамингаас чөлөөлөхөд Рэнцэнгийн удирдсан их бууны салаа Гэсэр сүмийн баруун хойд талд галт байрыг эзлэн жанжин Д.Сүхбаатарын дохиогоор анхны галыг гамин цэргүүдэд явуулснаар ардын хувьсгалыг ялалтад хүргэх эхлэл байлаа.
Тэрчлэн жанжин Д.Сүхбаатарын санаачилгаар 1921 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Ардын журамт цэргийн 1 дүгээр морьт бригадын бүрэлдэхүүнд анхны их бууны хороог байгуулжээ. Энэхүү анхны их бууны хороог байгуулсан түүхэн өдрийг баталгаажуулан Батлан хамгаалах яамны сайдын 1988 оны 168 дугаар тушаалаар жил бүрийн 11 дүгээр сарын 15-ны өдрийг орчин цагийн Зэвсэгт хүчинд Их буут цэрэг байгуулагдсан өдөр хэмээн тогтоосон юм.
Их буучид маань 1939 оны Халхын голын байлдаан, 1945 оны Чөлөөлөх дайнд оролцож, олон арван баатарлаг хөвгүүдийг эгнээнээсээ төрүүлсний дотор БНМАУ-ын баатар Дашийн Данзанваанчиг, Лувсандоржийн Гэлэгбаатар, Бутачийн Цог, Ванчиншаравын Шарав нарын гавьяат үйлсийг бид мартах учиргүй.
Тэрчлэн дайны дараах МАХЦ-ийг цомхотгон зохион байгуулах болон улс орны бүтээн байгуулалт, Зэвсэгт хүчний шинэчлэлд артиллеричдын гүйцэтгэсэн үүрэг, оруулсан хувь нэмэр их гэдгийг баярын энэ өдөр онцлон тэмдэглэе.
Артиллеричдын хувьд өөрийн эх орондоо төдийгүй дэлхий нийтийн энх тайван, амар амгалангийн үйлсэд гар бие оролцож, 2003 оноос Афганистан улсад артиллерийн мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх, зэвсэглэл, техник, багаж хэрэгслийг засварлах, артиллерийн батарейнуудыг байлдааны үүрэг гүйцэтгэх чадвартай болгох зорилгоор сургалтын хөдөлгөөнт багийг илгээсэн бөгөөд нийт 13 ээлжийн бие бүрэлдэхүүн үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн юм.
Ингэснээр Монгол Улсын Зэвсэгт хүчнээс гадаад оронд өөрийн эзэмшсэн үндсэн мэргэжлээрээ сургалт, засварыг явуулсан анхдагч төрлийн цэрэг нь артиллеричид болсон бөгөөд өөрсдийн дадлага, ур чадварыг дээшлүүлэх, бусад орны цэргийн алба хаагчидтай харилцан туршлага солилцох боломж бүрдэж, эх орон, Зэвсэгт хүчин, түүний дотор Артиллерийн цэргийн түүх, дайчин уламжлалыг сурталчилсан түүхэн үйл явдал байлаа.
Артиллерийн мэргэжлийг эзэмшиж, Зэвсэгт хүчний хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж буй Та бүхэн өвөг дээдсийнхээ халуун амь, бүлээн цусаар гэрээслэн үлдээсэн Монгол Улсынхаа халдашгүй дархан байдлыг батлан хамгаалах үүргээ нэр төртэй биелүүлэн, эх орныхоо бүтээн байгуулалт, энхийг дэмжих ажиллагаанд идэвхтэй оролцож, нэгэн зууны ололт амжилтаа улам бататган, бэлэн байдал, цэргийн алба, сургалт бэлтгэлээр ямагт манлайлна гэдэгт итгэл төгс байна.
Та бүхэндээ дахин баярын мэндчилгээ дэвшүүлж, ажил үйлсэд тань арвин их амжилт, амьдралд тань аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг бэлгэдэн ерөөе!
Монгол цэргийн сүр жавхаа, сүлд хийморь үеийн үед мандан бадрах болтугай!
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН ДАРГА,
ДЭСЛЭГЧ ГЕНЕРАЛ Д.ГАНЗОРИГ