
Монгол Улсын Батлан хамгаалахын сайдын 1991 оны тушаалаар Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургуулийн бүрэлдэхүүнд “Цэргийн хөгжмийн байнгын дамжаа” нэртэйгээр байгуулагдсан өнөөгийн Цэргийн хөгжмийн коллежийн 30 жилийн ойг тохиолдуулан үе үеийн удирдлага, эрдэмтэн багш нар, ажилтан албан хаагч, нийт төгсөгчдөд баярын мэндчилгээ дэвшүүлье!
Түүхэн энэ хугацаанд тус сургууль нь 50 гаруй бакалаврын боловсролтой хөгжмийн удирдаач, 400 орчим цэргийн хөгжимчин, 18 соёлын ажилтныг мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэснээс гадна зайны сургалтаар 100 гаруй хөгжимчдийг сургаж төгсгөсөн байна.
Эдгээр мэргэжлийн хөгжимчид нь ЗХЖШ-ын Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим болон Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын үлээвэр найрал хөгжмийн гол цөмийг бүрдүүлэн үндсэн үүргээ нэр төртэйгөөр гүйцэтгэж байна. Түүний зэрэгцээ төрийн болон цэргийн ёслол, хүндэтгэлийн ажиллагаанд оролцох, нийслэл, аймаг, орон нутагт Зэвсэгт хүчин, нэгтгэл, ангийн үйл ажиллагааг сурталчлах, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх, бие бүрэлдэхүүний авьяас, чадварыг хөгжүүлэх, урлагийн тоглолтуудыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх чиглэлээр идэвх санаачилгатай ажиллаж байгааг баярын энэ өдөр онцлон тэмдэглэе.
Цаашид төрөлх сургуулийнхаа түүх, дайчин замналаа баяжуулан, мэргэжлийн өндөр ур чадвар бүхий цэргийн хөгжимчдийн тоо, чанарыг нэмэгдүүлэх, орчин үеийн дэвшилтэт технологи бүхий сургалтын материаллаг баазыг бэхжүүлэх чиглэлд онцгой анхаарч ажиллана гэдэгт итгэл төгс байна.
Та бүхний цаашдын ажил үйлсэд арвин их амжилтыг бэлгэдэн ерөөе.
Монгол цэргийн сүр жавхаа, сүлд хийморь үеийн үед мандан бадрах болтугай!
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН ДАРГА,
ДЭСЛЭГЧ ГЕНЕРАЛ Д.ГАНЗОРИГ
2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр