Эрхэм генерал, офицер, ахлагч, ажилтан албан хаагч, бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчид Та бүхэнд Зэвсэгт хүчний Ар талын 100 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье!
Өдгөөгөөс нэгэн зууны тэртээ Ардын Засгийн газраас Цэргийн яамны бүтцэд “Бэлтгэлийн хэлтэс”-ийг байгуулсан бөгөөд Бүх цэргийн бэлтгэлийн газар, Ардын цэргийн хэрэг эрхлэх яамны Арын албаны газар, Монголын Ардын Армийн Ар талыг удирдах газар, ЗХЖШ-ын Ар талын газар, Материал, техникийн газар хэмээх нэрийн дор Зэвсэгт хүчний Ар тал, материал, техник, зэвсэглэлийн бэлтгэл, хадгалалт, хангалт, ашиглалт, засвар үйлчилгээний бэлэн байдлыг хангасаар ирсэн түүхтэй.
Энэ хугацаанд дээрх хэлтэс, газар, нэгтгэл, ангиудын удирдлага, бие бүрэлдэхүүн нь төр, засгийн удирдлага, цэргийн дээд командлалаас хүлээлгэсэн үүргийг нэр төртэй биелүүлж, 1939 оны Халхын голын байлдаан, 1945 оны Чөлөөлөх дайны хүнд хэцүү нөхцөлд материал, техник, зэвсэг, галт хэрэглэлийн хангалтыг тасралтгүй зохион байгуулсны зэрэгцээ улс орны хөгжил дэвшил, бүтээн байгуулалтад жинтэй хувь нэмэр оруулсныг бид цаг ямагт өндрөөр үнэлж байдаг юм.
Тэрчлэн Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчин, Төрлийн цэргийн командлал, Барилга-инженерийн цэргийн удирдах газар, тэдгээрийн харьяа нэгтгэл, анги, салбаруудын үүрэг гүйцэтгэх бэлэн байдал, цэргийн сургалт бэлтгэлийн чанар, үр дүнг дээшлүүлэх, бие бүрэлдэхүүний ажиллаж, амьдрах орчин нөхцөл, материал, техник, зэвсэглэлийн хангалт, засвар, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр ихээхэн санаачилга, өндөр үр дүнтэй ажилласаар байна.
Зэвсэгт хүчний Ар тал, техникийн ажилтнууд нь үндсэн үүрэгт ажлаа амжилт дүүрэн гүйцэтгэхийн хамт монгол төрийн дипломат алба, дэлхий нийтийн энх тайвны үйл хэрэгт манлайлан оролцож, өнгөрсөн 20 орчим жилийн хугацаанд энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн цэргийн баг болон цэргийн алба хаагчдын материал, техникийн хангалтыг мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулсаар ирснийг баярын энэ өдөр онцлон тэмдэглэе.
Цаашид цэргийн шинэчлэлийн бодлогыг эрчимжүүлэн, мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчнийг бүрдүүлж, бэхжүүлэх төрийн бодлогыг хэрэгжүүлэх, Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчин, Төрлийн цэргийн командлал, Барилга-инженерийн цэргийн удирдах газар, тэдгээрийн харьяа нэгтгэл, анги, салбаруудын өмнө дэвшүүлсэн зорилго, зорилтуудыг амжилттай хэрэгжүүлэх, хүний хөгжлийн орчныг бүрдүүлэх, материал, техник, тээвэрлэлт, зэвсэглэлийн хангалт, хадгалалт, ашиглалт, засвар үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх үйл хэрэгт улам бүр идэвх зүтгэлтэй хөдөлмөрлөнө гэдэгт итгэл төгс байна.
Энэхүү түүхт 100 жилийн ойг тохиолдуулан бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчид, Зэвсэгт хүчний Ар талыг хөгжүүлж, бэхжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, хөдөлмөр зүтгэлээ зориулсан үе үеийн алба хаагчид, өдгөө ажиллаж буй генерал, офицер, ахлагч, ажилтан албан хаагч Та бүхэнд дахин баярын мэндчилгээг дэвшүүлж, ажил үйлсэд тань арвин их амжилт, аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг бэлгэдэн ерөөе.
Монгол цэргийн сүр хүч, сүлд хийморь мандан бадрах болтугай!
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН ДАРГА ДЭСЛЭГЧ ГЕНЕРАЛ Д.ГАНЗОРИГ