
Эх орноо батлан хамгаалах эрхэм үйлсэд хүчин зүтгэж, өнөөдрийн хөгжлийн төлөө хөдөлмөр зүтгэлээ бүрэн зориулсан үе үеийн ерөнхий цэргийн ахмад дайчид, залгамж халааг нь нэр төртэй гүйцэтгэж яваа эрхэм генерал, офицер, ахлагч та бүхэндээ орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 101 жил, шинэ цагийн мотобуудлагын цэрэг түүхт 66 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье!
Зуун зууны баатарлаг түүхтэй Монгол эх орныхоо тусгаар тогтнолын баталгаа нь болж, эрх чөлөөт ард түмнийхээ энх амгалан байдлыг өнө мөнхөд батлан хамгаалж, аюулгүй байдлыг бэхжүүлэх болон бүтээн байгуулалт, хөгжил дэвшлийн үйлст үнэлж баршгүй хувь нэмэр оруулан, Монгол цэргийн түүхэн амжилтыг баяжуулж ирсэн Та бүхний гавьяат үйлс, суу алдрыг баярын энэ өдөр бахархан тэмдэглэхэд таатай байна.
Зэвсэгт хүчний хөгжлийн өнөөгийн болон цаашдын хөгжлийн дүр төрх, бидний хамтдаа бүтээсэн ололт, амжилт маань улс орныхоо аюулгүй байдал, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын баталгаа байх, дэлхий дахинаа Монгол Улсын Зэвсэгт хүчний нэр хүндийг улам бүр өргөх нь мөрдэстэй бүхний үүрэг гэдгийг ямагт санаж байхыг онцлон тэмдэглэе.
Цаашид Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, салбарын бие бүрэлдэхүүний үүрэг гүйцэтгэх чадавх, мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх, цэргийн сургалт бэлтгэлийг эрчимжүүлэх, ажлын хариуцлага, сахилга, дэг журмыг сайжруулах, цэргийн албыг дүрмээр хэвшүүлэх, материал, техникийн хангалтын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, цэргийн шинэчлэлийн бодлогод шинжлэх ухаан, технологи, инновацыг нэвтрүүлэх, хөгжүүлэх үйл хэрэгт манлайлан ажиллана гэдэгт итгэл төгс байна.
Зэвсэгт хүчний шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэх үйл хэрэгт цаг ямагт манлайлан, хувь нэмрээ оруулж буй Хуурай замын цэргийн нийт бие бүрэлдэхүүн, үе үеийн ахмад дайчид Та бүхэндээ дахин баярын мэндчилгээ дэвшүүлж, ажил үйлсэд тань арвин их амжилт, аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг бэлгэдэн ерөөе.
Монгол цэргийн яруу алдар үеийн үед мандан бадрах болтугай!
МОНГОЛ УЛСЫН ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН ДАРГА
ДЭСЛЭГЧ ГЕНЕРАЛ Д.ГАНЗОРИГ