• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЗХЖШ-ЫН ДАРГА ДЭСЛЭГЧ ГЕНЕРАЛ Д.ГАНЗОРИГ МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ
Нийтэлсэн: 2022-07-08 09:07:03
Үзсэн: 150

ЗХЖШ-ЫН ДАРГА ДЭСЛЭГЧ ГЕНЕРАЛ Д.ГАНЗОРИГ МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ
Нийтэлсэн: 2022-07-08 09:07:03 Үзсэн: 150



 

        Монгол Улсынхаа эрх чөлөө, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг сахин хамгаалах үйл хэрэгт хөдөлмөр зүтгэл, залуу насаа зориулсан бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчид аа!

       Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын генерал, офицер, ахлагч, цэргийн гэрээт, хугацаат албаны түрүүч, байлдагч, ажилтан албан хаагчид, хилийн чанадад үүрэг гүйцэтгэж байгаа дипломат ажилтнууд, энхийг сахиулагчид аа!

       Та бүхэндээ Тулгар төрийн 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 816, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баярын мэндчилгээг өргөн дэвшүүлье.

      Түүх шастир, төрт ёсны арвин баялаг уламжлалтай монголчууд бидний зуун зуунаар өртөөлөн залгамжилж ирсэн төдийгүй залуу хойч үедээ нандигнан өвлүүлэх учиртай үндэсний их баяр наадам ёслол төгөлдөр эхэлж байна.

      Жил бүрийн нар хур тэгширсэн дэлгэр зуны сард монгол хүмүүн бүрийн зүрх сэтгэлийг огшоож байдаг үндэсний их баяр наадам нь Монгол Улс, монгол үндэстэн, монгол хүний хувьд баяр бахдалын дээд, баясал цэнгэлийн манлай, бадран мандахын бэлгэдэл, бахархах түүх, соёлын эрхэм дээд нь билээ.

      Зуун зууны баатарлаг түүхтэй монголын ард түмний тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын төлөөх тэмцэл, хүчин чармайлтын үр дүнд 1921 оны ардын хувьсгалыг ялалтад хүргэснээр манай улс эрх чөлөө, тусгаар тогтнолоо бататган бэхжүүлж, монгол үндэстэн урагшлан хөгжих шинэ цагийг эхлүүлсэн түүхтэй.

      Нэгэн зууны тэртээ Монгол Ардын Журамт Цэрэг Шивээ Хиагтыг эзлэн авч, гамин, цагаантны цэрэгтэй зэвсэгт тэмцлийг явуулж, гайхамшигт ялалтыг авчирсан нь монгол түмний ой санамжид цаг ямагт хадгалагдаж, иргэд, залуучууд, өсвөр үеийнхэнд эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа өнө мөнхөд хадгалах ухамсар, үзэл, хүмүүжил, сэтгэлгээг төлөвшүүлэх өндөр ач холбогдолтой юм.

      Энэ хугацаанд монголын нийт ард түмэн энэхүү түүхэн ялалтын ойг үндэсний уламжлалт их баяр болгон жил бүр өргөн дэлгэр тэмдэглэсээр ирсэн бөгөөд Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүний хувьд ч Ардын хувьсгалын тэмцэл, ялалтын их түүхийг бахархан дээдэлж, ахмад үеийнхний алдар гавьяа, баатарлаг, дайчин өв уламжлал, баялаг туршлагыг нь сурталчлан таниулахад дэмжлэг үзүүлэх, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх чиглэлд онцгой анхаарал хандуулсаар байна.

      Тиймээс өнөөгийн Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн нь төрт улсынхаа эрх чөлөө, тусгаар тогтнолыг батлан хамгаалах, улс орны бүтээн байгуулалтад жинтэй хувь нэмэр оруулах, гадаад харилцаа, соёл, боловсрол, шинжлэх ухаан, техник, технологи, инновац, урлаг, спорт, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, хилийн чанадад энхийг сахиулах зэрэг бүтээлч үйл ажиллагаагаараа ямагт манлайлагч хүчин нь байсаар ирснийг баярын энэ өдөр онцлон тэмдэглэе.

      Өдгөө Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн нь хуулиар хүлээсэн үндсэн болон бусад чиг үүргүүдийг амжилттай гүйцэтгэж байгаагийн зэрэгцээ улс орныхоо стратегийн өндөр ач холбогдолтой томоохон бүтээн байгуулалтад амжилттай оролцож байгаагийн дотор сүүлийн жилүүдэд Баян-Өлгий аймаг дахь Асгатын мөнгөний орд хүртэлх сайжруулсан зам, Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт 17,5 км хатуу хучилттай авто зам, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414,6 км төмөр замын бүтээн байгуулалтын ажилд манлайлагч үүргийг гүйцэтгэсэн бөгөөд өдгөө “Зүүнбаян-Ханги” чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт, Улаанбаатар-Дархан чиглэлийн засмал замыг барих ажилд идэвхийлэн оролцож байна.

      Энэ онд бид бүхэн Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэсэн бөгөөд энэхүү ойг угтаж энхийг сахиулагчдынхаа гавьяа зүтгэл, ололт амжилтыг нэгтгэн дүгнэх, тэднийг алдаршуулан сурталчлах, түүхэн ном, гэрэл зургийн цомог, баримтат киног бүтээх, анхдагч энхийг сахиулагчдын уулзалт, эрдэм шинжилгээний хурлууд, урлагийн тоглолт, спортын уралдаан, тэмцээнүүд болон энхийг сахиулагч эмэгтэйчүүдийн олон улсын бага хурлыг зохион байгуулах зэрэг томоохон ажлуудыг хэрэгжүүлсэн юм.

      Цаашид бид бүхэн Зэвсэгт хүчний төрлийн цэрэг, нэгтгэл, анги, салбар, бие бүрэлдэхүүний үүрэг гүйцэтгэх чадавх, мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх, цэргийн сургалт бэлтгэлийг эрчимжүүлэх, гэмт хэрэг, осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ажлын хариуцлага, сахилга, дэг журмыг сайжруулах, цэргийн албыг дүрмээр хэвшүүлэх, материал, техникийн хангалтын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, цэргийн шинэчлэлийн бодлогод шинжлэх ухаан, технологи, инновацыг нэвтрүүлэх, хөгжүүлэх үйл хэрэгт бодит хувь нэмрээ оруулах болно.

      Түүнчлэн жил бүрийн үндэсний их баяр наадмын ерөнхий зохион байгуулалт, төрийн болон цэргийн ёслол, хүндэтгэлийн ажиллагаанд бид бүхэн идэвхтэй оролцож ирсний зэрэгцээ Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн хүчит бөхийн барилдаан, хурдан морьдын уралдаан, эрхий мэргэн сурчдын болон шагайн харваанд ямагт өндөр амжилт гаргасаар ирсэн амжилтаа энэ жил улам бүр бататгаж чадна гэдэгт итгэл төгс байгаагаа илэрхийлье.

     Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын генерал, офицер, ахлагч, цэргийн гэрээт, хугацаат албаны түрүүч, байлдагч, ажилтан албан хаагчид, хилийн чанадад үүрэг гүйцэтгэж байгаа дипломат ажилтнууд, энхийг сахиулагчид, бэлтгэл, чөлөөнд байгаа ахмад дайчид, тэдний гэр бүл, хүүхдүүд, төрөл төрөгсдөд энэхүү түүхэн тэмдэглэлт, тэгш ойн баярын мэндчилгээг дахин дэвшүүлж, ажил үйлсэд тань арвин их амжилт, амьдралд тань аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг бэлгэдэн ерөөе!

Монгол цэргийн яруу алдар, сүр хүч, сүлд хийморь үеийн үед мандан бадрах болтугай!

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН ДАРГА

ДЭСЛЭГЧ ГЕНЕРАЛ Д.ГАНЗОРИГ

Холбоотой мэдээ
МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2024-12-31 08:45:19 Үзсэн: 600
МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2024-08-15 14:10:16 Үзсэн: 345
МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2024-05-29 12:53:05 Үзсэн: 680
БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2024-03-18 14:08:20 Үзсэн: 307
ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2023-12-31 09:00:54 Үзсэн: 256