• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЗХЖШ-ЫН ДАРГА ДЭСЛЭГЧ ГЕНЕРАЛ Д.ГАНЗОРИГ ХАТАНБААТАР С.МАГСАРЖАВЫН НЭРЭМЖИТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 123 ДУГААР АНГИЙН ТҮҮХТ 100 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ
Нийтэлсэн: 2022-08-19 10:54:12
Үзсэн: 165

ЗХЖШ-ЫН ДАРГА ДЭСЛЭГЧ ГЕНЕРАЛ Д.ГАНЗОРИГ ХАТАНБААТАР С.МАГСАРЖАВЫН НЭРЭМЖИТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 123 ДУГААР АНГИЙН ТҮҮХТ 100 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ
Нийтэлсэн: 2022-08-19 10:54:12 Үзсэн: 165



       Эрхэм генерал, офицер, ахлагч, цэргийн гэрээт болон хугацаат албаны түрүүч, байлдагч, ажилтан албан хаагч, хилийн чанадад үүргээ нэр төртэй гүйцэтгэж буй энхийг сахиулагч, эх орноо батлан хамгаалах үйлсэд хөдөлмөр зүтгэл, залуу насаа зориулсан бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчид Та бүхэнд Цэргийн гавьяаны улаан тугийн одонт, Ардын Хатанбаатар С.Магсаржавын нэрэмжит Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн түүхт 100 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье!

         Эдүгээгээс нэгэн зууны тэртээ Ховд хотыг чөлөөлсөн Хатанбаатар С.Магсаржавын цэргээс баруун хил хязгаарыг сэргийлэн хамгаалах үүрэгтэйгээр 300 цэргийг үлдээсэн бөгөөд Ардын эрхт Монгол Улсын Цэргийн явдлын яамны сайдын 1922 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 274 дүгээр тушаалаар тус ангийг анхлан байгуулсан түүхтэй.

       Ангийнхаа Байлдааны туганд алдар гавьяа, амжилт бүтээлийн баталгаа болсон Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоо гялалзуулсан тус ангийн нийт бие бүрэлдэхүүн эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнол, баруун хил хязгаарын халдашгүй дархан байдлыг батлан хамгаалах үүргийг нэр төртэйгөөр гүйцэтгэсээр ирсний зэрэгцээ сургалт бэлтгэл, цэргийн албаны зохион байгуулалт, сахилга, дэг журам, урлаг, спортын бахдам амжилтаараа Зэвсэгт хүчний тэргүүний ангийн алдар хүндийг улам бүр бататгасаар ирсэн дайчин уламжлалтай юм.

       Тус анги нь сүүлийн жилүүдэд цэргийн шинэчлэлийн бодлогыг эрчимтэй дэмжин хэрэгжүүлж, төр, засаг, Зэвсэгт хүчний удирдлагаас хүлээлгэсэн үүргийг амжилттай гүйцэтгэсээр ирсний дотор 2007-2008 онд Зэвсэгт хүчний цэргийн сургалт бэлтгэлээр хошуучлагч анги, 2009 онд тэргүүний дүрэмч, жагсаалч анги, 2020-2021 онд цэргийн сургалт бэлтгэлээр тэргүүний ангиар шалгарсны зэрэгцээ 2012 оны Зэвсэгт хүчний марш тактик, тусгай бэлтгэлийн тэмцээнээс байнгын бүрэлдэхүүний салаа хүрэл медаль, хугацаат цэргийн алба хаагчдын салаа, гэрээт цэргийн тасаг алтан медаль хүртсэн бахдам амжилтыг үзүүлж байлаа. Мөн 2012, 2013, 2014 онд Зэвсэгт хүчний марш тактик, тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах тэмцээнд тус ангийн гэрээт цэргийн тасаг 3 удаа дараалан тэргүүлж, шилжин явах цомыг үүрд хадгалсан нь Та бидний бахархал билээ.

       Түүнчлэн Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын дунд 2019 онд зохион байгуулсан “Центавр” болон “Цагаан сар-Монгол түмний уламжлалт их баяр” тэмцээн, 2021 оны тэргүүний ардын авьяастан хамт олон шалгаруулах урлагийн үзлэгт тэргүүн байрт шалгарч, 2022 онд тус ангийн хугацаат цэргийн алба хаагчдын салаа Зэвсэгт хүчний марш, тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль, Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит марш, тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээнээс хүрэл медаль хүртсэн амжилтаар түүхт ойгоо угтаж байгааг баярын энэ онцлон тэмдэглэе.

       Цаашид мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчнийг бүрдүүлж, бэхжүүлэх үйл хэрэгт жинтэй хувь нэмэр оруулж, эх орон, төр, ард түмнийхээ өмнө өргөсөн тангаргаа үнэнчээр биелүүлэн, мэргэжил, дадлага, ур чадвар, авьяас билгээрээ мөрдэс нэгт дайчин нөхдөө ямагт үлгэрлэн манлайлж, анги, салбаруудын өмнө дэвшүүлсэн зорилго, зорилтуудаа амжилттай шийдвэрлэж чадна гэдэгт итгэл төгс байна.

      “Ховдын домогт хороо” нэрээрээ ард түмэндээ алдаршсан төрөлх ангийнхаа түүх, дайчин алдрын нэгэн зууны ойгоо бахархал дүүрэн тэмдэглэж байгаа Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн үе үеийн удирдлага, бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчид, азай буурлууд, өнөөгийн түүхийн хуудсыг нь баяжуулан өндөр хариуцлагатай албанд зүтгэж яваа эрхэм офицер, ахлагч, ажилтан албан хаагч, түрүүч, байлдагч Та бүхний цаашдын ажил, албанд арвин их амжилт, амьдралд тань аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг бэлгэдэн ерөөе.

Монгол цэргийн сүр хүч, сүлд хийморь, яруу алдар үеийн үед мандан бадрах болтугай!

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН ДАРГА

ДЭСЛЭГЧ ГЕНЕРАЛ Д.ГАНЗОРИГ

2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр

Холбоотой мэдээ
МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2024-12-31 08:45:19 Үзсэн: 600
МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2024-08-15 14:10:16 Үзсэн: 345
МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2024-05-29 12:53:05 Үзсэн: 681
БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2024-03-18 14:08:20 Үзсэн: 307
ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2023-12-31 09:00:54 Үзсэн: 257