
Монгол Улсын Батлан Хамгаалах Яамны харьяа Цэргийн дүрэмт хувцасны “Бөртэ” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын нэгэн зууны хөгжил дэвшилд жинтэй хувь нэмэр оруулсан үе үеийн удирдлага, нийт ажилтнуудад Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүний өмнөөс болон хувиасаа түүхт ойн баярын мэндчилгээг өргөн дэвшүүлье.
1921 онд хуралдсан МАН-ын анхдугаар хурлаас Жанжин Д.Сүхбаатарын санаачилгаар Ардын журамт цэргийн хувцас, хэрэглэлийг сэлбэн засах оёдлын бүлгэмийг байгуулан улмаар 1922 оны эхээр “Бэлтгэн үйлдэх тасаг” нэртэйгээр цэргийн гар үйлдвэрийг албан ёсоор байгуулснаар одоогийн Цэргийн дүрэмт хувцасны оёдлын “Бөртэ” үйлдвэрийн тулгын чулуу тавигдсан түүхтэй.
Ийнхүү жанжин Д.Сүхбаатарын санаачилгаар үүсэн байгуулагдаж, улс гэрээ төвхнүүлэх Ардын журамт цэргүүдийн Байлдааны тугийг урласнаар түүхийн хүрдээ анхлан эргүүлсэн тус үйлдвэр Монгол Улсад аж үйлдвэржилтийг эхлүүлэх эрхэм үйл хэргийг түүчээлэн ирсэн юм.
Тус үйлдвэрийн бүтээлч хамт олон Зэвсэгт хүчний хөгжил дэвшлийн бүхий л үе шатанд цэргийн алба хаагчдыг дүрэмт хувцсаар хангах эрхэм үүргээ нэр төртэйгөөр биелүүлэн, 1939 оны Халхын голын байлдаан, 1941-1945 оны Агуу их Эх орны дайн, 1945 оны Чөлөөлөх дайны хүнд бэрх жилүүдэд төлөвлөгөө, нормоо ямагт давуулан биелүүлж ирсэн бахдам түүхтэй билээ.
Тэрчлэн улс орны бүтээн байгуулалтын түүхэн он жилүүдэд Цэргийн оёдлын үйлдвэрийн цар хүрээ, үйл ажиллагаа өргөжин, бүтээгдэхүүний хэмжээ эрс нэмэгдэж, манай орны томоохон үйлдвэр болсноор хөгжлийн шинэ шатанд гарсан амжилтыг баярын энэ өдөр онцлон тэмдэглэж байна.
Монгол Улсын төр, засгаас тус үйлдвэр, хамт олны амжилт бүтээлийг өндрөөр үнэлж Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонг хүртээсний зэрэгцээ төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Янжмаагийн нэрэмжит болгосон бөгөөд энэхүү бүтээлч хамт олны дундаас төр, түмэндээ хүндлэгдсэн олон арван хөдөлмөрийн алдартнууд, ажил үйлсээрээ манлайлагчид тодрон гарсан нь Та бидний бахархал мөн.
Сүүлийн жилүүдэд тус үйлдвэрийн хамт олон төр, засаг, цэргийн дээд удирдлагаас хүлээлгэсэн үүргийг нэр төртэйгөөр гүйцэтгэж, Зэвсэгт хүчин, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын алба хаагчдын дүрэмт хувцсыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар баталсан загвар, Батлан хамгаалахын сайдын тушаалд заасан техникийн нөхцөл, шаардлага, стандартын дагуу дэвшилтэт технологиор мэргэжлийн өндөр түвшинд үйлдвэрлэн, үндэсний ТОП-100 аж ахуйн нэгжээр шалгарч, Батлан хамгаалах яамны болон Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шилдэг аж ахуйн нэгжээр шалгарсан амжилтаар түүхт ойгоо угтаж буйд чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Та бүхний цаашдын ажил үйлсэд арвин их амжилт, амьдралд тань сайн сайхан бүхнийг бэлгэдэн ерөөе.
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН ДАРГА
ДЭСЛЭГЧ ГЕНЕРАЛ Д.ГАНЗОРИГ