
Монгол Улсын нийт ахмадууддаа болон эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг батлан хамгаалах үйл хэрэгт мэдлэг боловсрол, мэргэжлийн ур чадвар, хөдөлмөр зүтгэл, залуу насаа зориулсан бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчид Та бүхэндээ Олон улсын болон Монголын ахмадын өдрийн баярын мэндчилгээг өргөн дэвшүүлье.
Монгол Улсын Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн хуулиар хүлээсэн үндсэн болон бусад чиг үүргүүдийг амжилттай биелүүлэхийн зэрэгцээ улс орныхоо стратегийн ач холбогдол бүхий бүтээн байгуулалт, даян дэлхийн энхийн үйлсэд бодит хувь нэмрээ оруулан төр, засгийн удирдлага, иргэдийнхээ гүн талархлыг хүлээсээр байна.
Эх орныхоо хөгжил дэвшил, Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний түүхийн бүхий л үе шатанд бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчид, азай буурлуудын маань оруулсан хувь нэмэр асар их бөгөөд Та бүхнийхээ бахдам амжилт, бахархам үйл хэргийг бид бүхэн ямагт өндрөөр үнэлдэг юм.
Өнгөрсөн хугацаанд Зэвсэгт хүчний бүтээсэн түүх, гаргасан амжилт, дэвшүүлсэн бодлого, зорилт, хэрэгжүүлсэн үйл ажиллагаа нь өөрийн дадлага, туршлага, хөдөлмөр зүтгэл, ухамсарт амьдралаа зориулсан үе үеийн ахмад дайчдын болон өдгөө мөр зэрэгцэн албаа нэр төртэйгөөр хааж байгаа нийт бие бүрэлдэхүүний хамтын хөдөлмөрийн бодит үр дүн гэдгийг баярын энэ өдөр бахархан тэмдэглэе.
Бид бүхэн цаашид ахмад, дунд, залуу үеийн хамтын ажиллагаа, харилцан шүтэлцээг хангаж, Та бүхнийхээ амжилт ололт, ажлын дадлага, туршлагыг олон нийтэд сурталчлан дэлгэрүүлэхийн зэрэгцээ залуучууд, өсвөр үеийнхэнд өвлүүлэн төлөвшүүлэхэд анхаарч ажиллах болно.
Монгол эх орны ноён нуруу, түшиг тулгуур, хүүхэд, залуучуудынхаа нөмөр нөөлөг, бахархал хүндлэл нь болсон нийт ахмадууд Та бүхэндээ эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхний өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье!
Монгол цэргийн сүр хүч, сүлд хийморь үеийн үед мандан бадрах болтугай!
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН ДАРГА
ДЭСЛЭГЧ ГЕНЕРАЛ Д.ГАНЗОРИГ