• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЗХЖШ-ЫН ДАРГА ДЭСЛЭГЧ ГЕНЕРАЛ Д.ГАНЗОРИГ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 150 ДУГААР АНГИЙН 50, "ЭЛИТИЙН БАТАЛЬОН"-Ы 25 ЖИЛИЙН ОЙГ ТОХИОЛДУУЛАН МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЭВ
Нийтэлсэн: 2022-10-20 12:13:44
Үзсэн: 335

ЗХЖШ-ЫН ДАРГА ДЭСЛЭГЧ ГЕНЕРАЛ Д.ГАНЗОРИГ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 150 ДУГААР АНГИЙН 50, "ЭЛИТИЙН БАТАЛЬОН"-Ы 25 ЖИЛИЙН ОЙГ ТОХИОЛДУУЛАН МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЭВ
Нийтэлсэн: 2022-10-20 12:13:44 Үзсэн: 335



         Зэвсэгт хүчний 150 дугаар анги үүсэн байгуулагдсаны 50, Мотобуудлагын мэргэжлийн тусгай батальоны 25 жилийн ойн баярыг тохиолдуулан тус ангийн бахдам түүх, бахархам гавьяаг бүтээхэд жинтэй хувь нэмрээ оруулсан үе үеийн удирдлага, ахмад ажилтнууд, өдгөө тэднийхээ үйл хэргийг түүчээлэн өндөр хариуцлагатай албанд зүтгэж яваа эрхэм генерал, офицер, ахлагч, ажилтан албан хаагч Та бүхэнд түүхт ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье!

         Зэвсэгт хүчний 150 дугаар анги нь 1972 онд “Сургуулийн тусгай батальон” нэртэйгээр үүсэн байгуулагдаж, хожмоо сургуулийн хороо, мотобуудлагын хорооны зохион байгуулалтад шилжин, үйл ажиллагаагаа явуулж ирсэн ба энэ хугацаанд нийт 25 мэргэжлээр 13800 гаруй бага дарга нарыг сургаж, бэлтгэсний үр дүнд Ардын Армийн нэгтгэл, анги, салбаруудын хөгжилд бодит хувь нэмэр оруулсан түүхэн гавьяатай юм.

        Улмаар Монгол Улсын “Төрийн цэргийн бодлогын үндэс” баримт бичигт тодорхойлсон “Цомхон, чадварлаг, мэргэжлийн чиг баримжаатай Зэвсэгт хүчинтэй болох” зорилтын хүрээнд дээрх ангийн түүх, дайчин уламжлалыг сэргээн, 1997 онд Мотобуудлагын мэргэжлийн тусгай батальоныг шинээр байгуулсан нь цаг үеэ мэдэрсэн түүхэн шийдвэр байлаа.

        Монголын ард түмэндээ “Элитийн батальон” хэмээн хүндлэгдсэн тус ангийн удирдлага, нийт бие бүрэлдэхүүн өнгөрсөн 25 жилийн хугацаанд төр, засаг, цэргийн дээд удирдлагаас хүлээлгэсэн үүрэг даалгавруудыг нэр төртэйгөөр биелүүлж, цэргийн сургалт бэлтгэлийг эрчимжүүлэн, Зэвсэгт хүчний тэргүүний алдрыг удаа дараа бататган хамгаалж, цэрэгжлийн спортын болон нийтийн биеийн тамирын уралдаан тэмцээнд бусад нэгтгэл, ангиудыг ямагт манлайлсаар ирсэн юм.

        Тэрчлэн тус ангийн хамт олон НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын цэргийн ажиллагаанд анхлан үүрэг гүйцэтгэгчдийн тэргүүн эгнээнд зүй ёсоор нэрлэгдэж, “Монгол цэрэг-Дэлхийн цэрэг” хэмээх өндөр хариуцлагатай нэр хүндийг хүртэх, бататгах ариун үйл хэрэгт манлайлагч нь байсны зэрэгцээ олон улсын хамтарсан сургалт, дадлагад амжилт дүүрэн оролцож, зохион байгуулагчдын зүгээс өндөр үнэлгээ авсаар ирснийг баярын энэ өдөр онцлон тэмдэглэе.

        Цаашид мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчнийг бүрдүүлж, бэхжүүлэх үйл хэрэгт бодит хувь нэмрээ оруулан, мэргэжил, ур чадвар, дадлага, туршлагаараа мөрдэс нэгт дайчин нөхдөө ямагт үлгэрлэн манлайлж, дэвшүүлсэн зорилго, зорилтуудаа амжилттай шийдвэрлэж чадна гэдэгт итгэл төгс байна.

        Монгол цэргийн сүр хүч, сүлд хийморь, яруу алдар үеийн үед мандан бадрах болтугай!

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН ДАРГА

ДЭСЛЭГЧ ГЕНЕРАЛ Д.ГАНЗОРИГ

Холбоотой мэдээ
МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2024-12-31 08:45:19 Үзсэн: 600
МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2024-08-15 14:10:16 Үзсэн: 345
МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2024-05-29 12:53:05 Үзсэн: 681
БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2024-03-18 14:08:20 Үзсэн: 307
ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2023-12-31 09:00:54 Үзсэн: 257