Монгол төрийн тэргүүн зэргийн дээд шагнал буюу “Чингис хаан” одонт Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн, бэлтгэл болон чөлөөнд байгаа генерал, офицер, ахлагч, цэргийн гэрээт, хугацаат албаны түрүүч, байлдагч, ажилтан албан хаагч Та бүхэндээ дэлхийн түүхэн дэх гарамгай цэргийн удирдагч, их эзэн богд Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, "Монгол бахархлын өдөр"-ийн баярын мэндчилгээг өргөн дэвшүүлье.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны зарлигаар Эзэн богд Чингис хааны мэндэлсэн огноог Билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн хэмээн тогтоож, жил бүр "Монгол бахархлын өдөр" болгон өргөн дэлгэр тэмдэглэсээр ирсэн билээ.
Энэхүү түүхэн тэмдэглэлт өдөр нь өнө эртний түүхтэй эх орныхоо төрт ёс, түүх, соёл, зан заншил, дайчин уламжлалыг иргэд, залуучууд, өсвөр үеийнхэнд өвлүүлэх, тэдэнд эх оронч үзлийг төлөвшүүлэх, дэлхий дахинд сурталчлан таниулах өндөр ач холбогдолтой юм.
Билгийн тооллын арван долоодугаар жарны усан бар жилийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өлзий дэмбэрэлтэй энэ өдрийг тохиолдуулан Зэвсэгт хүчний хуулиар хүлээсэн үндсэн болон бусад чиг үүргүүдийг нэр төртэйгөөр биелүүлэхийн зэрэгцээ улс орны стратегийн ач холбогдол бүхий бүтээн байгуулалт, даян дэлхийн энхийн үйлсэд үнэлж баршгүй хувь нэмрээ оруулж буй Та бүхний бахдам амжилт, бүтээлч үйл ажиллагааг ямагт өндрөөр үнэлж явдгаа бахархан тэмдэглэе.
Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн өнгөрсөн онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн одон-“Чингис хаан” одонг хүртэж, сүлд хийморь, сүр хүч, оройн дээд шүтээн болсон Жанжин тугийнхаа байранд хүндэтгэн залсан нь Та бидний өнө мөнхийн бахархлыг төрүүлэхийн зэрэгцээ төр, засгаас бидэнд хүлээлгэсэн өндөр хариуцлага, төрийн их хүндэтгэл гэдгийг гүнээ ухамсарлаж байна.
Цаашид ололт амжилтаа улам бүр бататгаж, цэргийн сургалт бэлтгэлийн чанар, үр дүн, бие бүрэлдэхүүний манлайлал, ажлын хариуцлага, мэргэжлийн ур чадвар, сэтгэл зүйн бэлтгэлийг дээшлүүлж, сахилга, дэг журмыг бэхжүүлэн, бүтээлч сэтгэлгээгээр идэвх санаачилгатай ажиллана гэдэгт итгэл төгс байна.
Та бүхнийхээ ажил үйлсэд арвин амжилт, аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг бэлгэдэн ерөөе!
Монгол цэргийн яруу алдар, сүр хүч, сүлд хийморь үеийн үед мандан бадрах болтугай!
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН ДАРГА
БРИГАДЫН ГЕНЕРАЛ С.ГАНБЯМБА
2022 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр