Эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг батлан хамгаалах үйлсэд залуу нас, хөдөлмөр зүтгэлээ зориулсан бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчид, тэдний бүтээлч үйл хэргийг залгамжлан Зэвсэгт хүчний хөгжил дэвшилд бодит хувь нэмрээ оруулж буй эрхэм генерал, офицер, ахлагч, цэргийн гэрээт болон хугацаат албаны түрүүч, байлдагч, ажилтан албан хаагч, хилийн чанадад үүрэг гүйцэтгэж байгаа дипломат ажилтнууд, энхийг сахиулагч цэргийн алба хаагч Та бүхэнд айлчлан ирж буй шинэ оны баярын мэндчилгээг өргөн дэвшүүлье.
Улиран одож буй 2022 он Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүний хувьд бахдам амжилт, бахархам гавьяа, бүтээлч үйл ажиллагаагаар арвин байсны дотор Та бид хамтдаа төрийн цэргийн шинэчлэлийн бодлогыг эрчимжүүлэх, гадаад харилцаа, цэргийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, стратегийн болон удирдлагын баримт бичгүүд, Цэргийн нийтлэг дүрмүүдийг шинэчлэн батлуулах, хэрэгжилтийг нь хангах, төрлийн цэргийн командлалууд, Барилга-инженерийн цэргийн удирдах газрын бие даасан үйл ажиллагааг хангах, цэргийн сургалт бэлтгэлийн чанар, үр дүнг дээшлүүлэх, бие бүрэлдэхүүний дадлага, ур чадвар, энхийг дэмжих ажиллагааны чадавх, улс орны бүтээн байгуулалтад оролцох үүрэг, оролцоог нэмэгдүүлэх, материал, техникийн хангалтыг сайжруулахад чиглэгдсэн олон талт үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлсэн юм.
Энэ онд бид бүхэн монгол цэрэг энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойг нийт ард түмний баяр болгон өргөн дэлгэр ёслон тэмдэглэсэн бөгөөд даян дэлхийд энх амгаланг тогтоох үйл хэрэгт жинтэй хувь нэмэр оруулан, өөрийн эх орон, Зэвсэгт хүчнийхээ нэр хүндийг өндөрт өргөснөөр “Монгол цэрэг-Дэлхийн цэрэг” хэмээх алдар цууг мөнхлөн дархалсан энхийг сахиулагчдынхаа гавьяа зүтгэл, ололт амжилтыг нэгтгэн дүгнэх, тэднийг алдаршуулан сурталчлах, түүхэн ном, гэрэл зургийн цомог, баримтат киног бүтээх, анхдагч энхийг сахиулагчдын уулзалт, эрдэм шинжилгээний хурлууд, урлагийн тоглолт, спортын уралдаан, тэмцээнүүд болон энхийг сахиулагч эмэгтэйчүүдийн олон улсын бага хурлыг зохион байгуулах зэрэг томоохон ажлуудыг зохион байгуулсан нь бодит үр дүнд хүрлээ.
Мөн олон улсын болон хоёр талын хамтарсан сургууль, сургалт, дадлага, уралдаан тэмцээнийг өөрийн эх оронд амжилтай зохион байгуулсны зэрэгцээ зарим орнуудад явагдсан олон улсын сургууль, дадлагад Монгол Улсын Зэвсэгт хүчний зарим бүрэлдэхүүн оролцож, бүс нутагт цэргийн итгэлцлийг бэхжүүлэх, цэргийн алба хаагчдынхаа мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх, харилцан туршлага судлах чиглэлд ихээхэн ахиц гарлаа.
Түүнчлэн Зэвсэгт хүчний үүрэг гүйцэтгэх бэлэн байдлыг алдагдуулахгүйгээр улс орны стратегийн ач холбогдол бүхий Зүүнбаян-Ханги чиглэлийн 226,3 километр төмөр замын доод, дээд бүтцийн ажил, Богд хан төмөр замын бүтээн байгуулалтын төслийн ажил, Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын бүтээн байгуулалт болон бусад бүтээлч ажлуудад бодит хувь нэмрээ оруулсны үр дүнд төр, засгийн удирдлага, иргэдийн талархлыг хүлээсэн юм.
Энэхүү шинэ оны босгон дээр бид бүхэн 2022 онд бодлогоор дэвшүүлсэн зорилго, зорилтууд, жилийн үйл ажиллагаагаа нэгтгэн дүгнэж, төр, засгийн болоод Батлан хамгаалах яамны удирдлага, нийт бие бүрэлдэхүүнд тайлагнасны зэрэгцээ Зэвсэгт хүчний тэргүүний анги, салбар, офицер, ахлагч, ажилтан, цэргийн гэрээт алба хаагч, Зэвсэгт хүчний Жанжин штабын оны тэргүүний Зохион байгуулалтын бүтцийн нэгж, шилдэг ажилтнуудаа шалгаруулан сурталчлах ажлыг зохион байгуулж байна.
Цаашид Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн хуулиар хүлээсэн чиг үүргүүдийг нэр төртэйгөөр биелүүлж, ололт амжилтаа улам бүр бататгахын зэрэгцээ ирэх онд бодлогоор дэвшүүлсэн зорилго, зорилтуудыг хамтын хүчин чармайлтын үр дүнд шинэлэг сэтгэлгээ, шинэ арга барилаар амжилттай шийдвэрлэж чадна гэдэгт итгэл төгс байна.
Бид бүхэн 2023 онд Зэвсэгт хүчний байгуулалтыг төгөлдөржүүлэх, хууль, эрх зүй, удирдлагын баримт бичгүүдийн хэрэгжилтийг хангах, цэргийн удирдлагын байгууллага, нэгтгэл, ангиудын бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох, үүрэг гүйцэтгэх чадавхыг нь нэмэгдүүлэх, хүний нөөцийн бодлого, цэргийн сургалт бэлтгэлийн болон материал, техникийн хангалтын тогтолцоог шинэчлэх, бие бүрэлдэхүүний дадлага, ур чадвар, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлийг дээшлүүлэх, дотоод хяналт шалгалтыг сайжруулах, гэмт хэрэг, осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй байдлыг чанд сахих, гадаад харилцаа, цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлд онцгой анхаарч, үр дүнд хүрсэн төрийн ажил, үйлчилгээг зохион байгуулна.
Мөн энэ оныг “Залуу офицеруудын манлайллын жил” болгон олон бүтээлч ажлыг зохион байгуулахын зэрэгцээ Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, байгууллагуудын бие бүрэлдэхүүний мэдлэг, дадлага, ур чадварыг дээшлүүлэх, ажиллаж, амьдрах орчин, нөхцөлийг нь сайжруулах, цалин хангамжийг нь нэмэгдүүлэх ажил, арга хэмжээг Улсын Их Хурал, Засгийн газар, Батлан хамгаалах яамны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэх болно.
Тэрчлэн бид бүхэн ирэх онд Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн багууд олон улсын цэргийн ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойг зохион байгуулалтын өндөр түвшинд тэмдэглэн өнгөрүүлж, үүргээ нэр төртэйгөөр гүйцэтгэсэн цэргийн багууд, цэргийн алба хаагчдынхаа гавьяа зүтгэл, амжилт ололт, туршлага, сургамжийг нэгтгэн дүгнэх, тэднийг алдаршуулан сурталчлах ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Та бүхний шинэ оны ажил үйлсэд арвин их амжилт, амьдралд тань аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг бэлгэдэн ерөөе!
Монгол цэргийн яруу алдар, сүр хүч, сүлд хийморь үеийн үед мандан бадрах болтугай!
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН ДАРГА,
БРИГАДЫН ГЕНЕРАЛ С.ГАНБЯМБА
2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр