• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЗХЖШ-ЫН ДАРГА БРИГАДЫН ГЕНЕРАЛ С.ГАНБЯМБА БИЛГИЙН ТООЛЛЫН XVII ЖАРНЫ УСАН ТУУЛАЙ ЖИЛИЙН САР ШИНИЙН БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЭВ
Нийтэлсэн: 2023-02-20 13:13:38
Үзсэн: 298

ЗХЖШ-ЫН ДАРГА БРИГАДЫН ГЕНЕРАЛ С.ГАНБЯМБА БИЛГИЙН ТООЛЛЫН XVII ЖАРНЫ УСАН ТУУЛАЙ ЖИЛИЙН САР ШИНИЙН БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЭВ
Нийтэлсэн: 2023-02-20 13:13:38 Үзсэн: 298



          Эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг батлан хамгаалах үйл хэрэгт мэдлэг боловсрол, мэргэжлийн ур чадвар, хөдөлмөр зүтгэл, залуу насаа зориулсан ахмад дайчид, ахмадууддаа болон эрхэм генерал, офицер, ахлагч, цэргийн гэрээт, хугацаат албаны түрүүч, байлдагч нар, ажилтан албан хаагчид, хилийн чанадад үүрэг гүйцэтгэж байгаа дипломат ажилтнууд, энхийг сахиулагчид Та бүхэндээ билгийн тооллын XYII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн сар шинийн баярын мэндийг дэвшүүлье!

         Улиран одож буй “Сайжруулагч” хэмээх усан бар жил нь Зэвсэгт хүчний хувьд стратегийн удирдлага, төлөвлөлтийн баримт бичгүүд болон “Цэргийн нийтлэг дүрмүүд”-ийг шинэчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчаар батлуулж, үйл ажиллагаандаа хэрэгжүүлсэн, Зэвсэгт хүчний төрлийн цэргийн командлал, Барилга-инженерийн цэргийн удирдах газрын бие даасан ажиллагааг хангах үйл хэрэгт өндөр амжилт гаргасан бүтээлч үйл ажиллагаа, бахдам амжилтаар арвин байлаа.

         Мөн Зэвсэгт хүчний тайван цагийн үндсэн хөдөлмөр болсон цэргийн сургалт бэлтгэлийн чанар, үр дүн дээшилж, гадаад харилцаа, цэргийн хамтын ажиллагаа улам өргөжин, Нэгдсэн Үндэстний Байгууллагын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй цэргийн алба хаагчдын мэргэжил, ур чадварт ахиц гарсан төдийгүй бие бүрэлдэхүүний нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн ажлуудыг амжилттай хэрэгжүүлсэн үр өгөөжтэй жил болсныг онцлон тэмдэглэе.

          Түүнчлэн Сар шинийн баярын босгон дээр Бүгд Найрамдах Турк Улсад хүчтэй газар хөдлөлтийн улмаас гучин мянга гаруй хүний амь нас эрсдэж, гэмтэж бэртэгчдийн тоо үлэмж өссөн хүнд хэцүү нөхцөлд Монгол Улсын Зэвсэгт хүчний Цэргийн хоёрдугаар шатны хээрийн эмнэлгийг тухайн улсын Хатай мужийн Антакья хотод дэлгэж, олон зуун хүнд эмнэлгийн тусламж үйлчилгээг мэргэжил, ур чадварын өндөр түвшинд үзүүлснийг төр, засгийн удирдлага, иргэд өндрөөр үнэлж байна.

         Түүний зэрэгцээ Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн улс орны стратегийн ач холбогдол бүхий Зүүнбаян-Ханги чиглэлийн 226,3 километр төмөр замын доод, дээд бүтцийн ажил, Богд хан төмөр замын бүтээн байгуулалтын төслийн ажил, Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын бүтээн байгуулалт, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн болон бусад засвар, тохижилт, үйлчилгээний ажилд бодит хувь нэмрээ оруулсныг баярын энэ өдөр бахархан тэмдэглэж байна.

         Айлчлан ирж буй туулай жилдээ төрийн цэргийн шинэчлэлийн бодлогыг эрчимжүүлэн, Зэвсэгт хүчний өмнө дэвшүүлсэн зорилго, зорилтуудыг амжилттай шийдвэрлэх үйл хэрэгт улам их амжилт гаргана гэдэгт итгэл төгс байгаагаа илэрхийлье.

        Ахмадуудаа ачилж, балчраа тэтгэн, буурлуудаа хүндэтгэж, буян ерөөлийг нь сонсохын зэрэгцээ үгийн сайныг хэлэлцэж, үйлийн сайныг урладаг билэг оюун төгс монгол түмний өргөн дэлгэр тэмдэглэсээр ирсэн энэхүү уламжлалт баярыг тохиолдуулан ЗХЖШ-ын даргын зөвлөлийн гишүүдийн өмнөөс болон хувиасаа дахин баярын мэндчилгээ дэвшүүлж, элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин сайхан, хосоороо заяа түвшин, хотлоороо амар мэнд байхын өлзийтэй ерөөлийг өргөн айлтгая.

        Та бүхэн минь Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН ДАРГА

БРИГАДЫН ГЕНЕРАЛ С.ГАНБЯМБА

Холбоотой мэдээ
МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2024-12-31 08:45:19 Үзсэн: 600
МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2024-08-15 14:10:16 Үзсэн: 345
МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2024-05-29 12:53:05 Үзсэн: 681
БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2024-03-18 14:08:20 Үзсэн: 307
ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2023-12-31 09:00:54 Үзсэн: 256