• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2023-06-05 14:00:20
Үзсэн: 178

БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2023-06-05 14:00:20 Үзсэн: 178



БАТЛАН ХАМГААЛАХЫН МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨВИЙН УДИРДЛАГА, БИЕ БҮРЭЛДЭХҮҮНД

      Монгол Улсад Мэргэжлийн ахлагч бэлтгэх төвийн анхны шанг татаж, Ахлагчийн сургуулийг үүсгэн байгуулах, хөгжүүлж бэхжүүлэх үйлсэд залуу нас, хөдөлмөр зүтгэлээ зориулсан бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчид, үе үеийн удирдлага, даргалах бүрэлдэхүүн, ажилтнууд, тэдний бүтээлч үйл ажиллагааг түүчээлэн, эрхэлсэн албандаа өндөр амжилт гаргаж буй эрхэм офицер, ахлагч нар, ажилтнууддаа болон нийт төгсөгчид, суралцагчдад түүхт 30 жилийн ойн баярын мэндчилгээг дэвшүүлье.

      Монгол орон даяар 1990-ээд оны эхэн үеэс улс төр, нийгэм, эдийн засгийн асар их өөрчлөлт гарсны дотор төрийн цэргийн шинэчлэлийн бодлогын хүрээнд тухайн үеийн Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын удирдлага, Цэргийн их сургуулийн эрдэмтэн, судлаач, багш нарын идэвхтэй оролцоо, бүтээлч үйл ажиллагааны үр дүнд Монголын ардын цэрэгт төрөл мэргэжлийн ахлагч нарыг сургаж бэлтгэх, тэдний мэргэжлийг дээшлүүлэх үүрэг бүхий ахлагч бэлтгэх төвийг Цэргийн их сургуулийн харьяанд байгуулж, мэргэжлийн танхимуудыг түшиглэн хичээллүүлэх тухай Батлан хамгаалахын сайдын тушаал 1993 оны 5 дугаар сарын 31-ний өдөр батлагдаж, тус сургуулийн 30 жилийн түүхийн хуудас бичигдэж эхэлсэн түүхтэй.

      Мэргэжлийн ахлагч бэлтгэх үндсэн үүрэг бүхий Ахлагчийн сургуулийг төгсөгчид нь Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүний гол цөмийг бүрдүүлэн, хуулиар хүлээсэн үндсэн болон бусад чиг үүргүүдийг амжилттай биелүүлэхэд идэвх зүтгэл гарган ажилласны зэрэгцээ даян дэлхийн энхийн үйлсэд үүргээ нэр төртэйгөөр гүйцэтгэн, улс орны стратегийн ач холбогдол бүхий бүтээн байгуулалтад манлайлах үүрэгтэй оролцсоор ирснийг бид бүхэн өндрөөр үнэлдэг юм.

      Түүнчлэн олон ахлагч нар Зэвсэгт хүчний Жанжин штаб, төрлийн цэргийн командлал, удирдах газар, нэгтгэл, ангиудын удирдлагын түвшинд дэвшин ажиллаж байгаа бөгөөд тус сургуулийн шаталсан сургалтад хамрагдсан ахлагч нар нэгтгэл, ангиудын штаб, батальон, рот, салааны түвшинд амжилт дүүрэн хөдөлмөрлөснөөр төрөлх сургуулийнхаа нэр хүндийг өндөрт өргөж яваа нь Та бидний бахархал билээ.

      Тус сургуульд ажиллаж байсан эрдэмтэн багш нар болон даргалах бүрэлдэхүүнээс олон тооны генерал, офицерууд Зэвсэгт хүчний Жанжин штаб, төрлийн цэргийн командлал, удирдах газар, нэгтгэл, ангиудад дэвшин ажиллаж Зэвсэгт хүчний хөгжилд бодит хувь нэмрээ оруулж буйг баярын энэ өдөр онцлон тэмдэглэе.

Өдгөө Зэвсэгт хүчний ахлагчийн албыг шинэчлэх, хөгжүүлэх хөтөлбөрүүдийг 2006, 2015, 2022 онд батлуулж хэрэгжүүлснээр ахлагчийн бүрэлдэхүүний албаны хөгжилд ахиц дэвшил гарч байна.

       Цаашид мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчнийг хөгжүүлж бэхжүүлэх үйл хэрэгт жинтэй хувь нэмэр оруулан багшлах, даргалах бүрэлдэхүүний болон төгсөгчдийн дадлага, ур чадварыг улам бүр нэмэгдүүлж, сургалтын материаллаг баазыг бэхжүүлэх, дэвшүүлсэн зорилго, зорилтуудаа бүтээлчээр хэрэгжүүлэх үйлсэд улам их амжилт олно гэдэгт итгэл төгс байна.

         Та бүхнийхээ цаашдын ажил албанд арвин их амжилт, аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг бэлгэдэн ерөөе.

                                  Монгол цэргийн яруу алдар, сүр хүч, сүлд хийморь үеийн үед мандан бадрах болтугай.

                                                           ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН ДАРГА

                                                                БРИГАДЫН ГЕНЕРАЛ С.ГАНБЯМБА

Холбоотой мэдээ
МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2024-12-31 08:45:19 Үзсэн: 600
МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2024-08-15 14:10:16 Үзсэн: 345
МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2024-05-29 12:53:05 Үзсэн: 680
БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2024-03-18 14:08:20 Үзсэн: 306
ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2023-12-31 09:00:54 Үзсэн: 256