Туурга тусгаар Монгол Улсынхаа туг, сүлдийг өргөсөн эрхэм генерал, офицер, ахлагч, цэргийн гэрээт болон хугацаат албаны түрүүч, байлдагч, ажилтан албан хаагчид аа !
Хилийн чанадад үүрэг гүйцэтгэж байгаа Зэвсэгт хүчний энхийг сахиулагч цэнхэр дуулгатнууд аа!
Эх орноо батлан хамгаалах үйлсэд амь бие үл хайрлан тэмцэж, эрдэм ухаан, хөдөлмөр зүтгэлээ зориулсан үе үеийн эх орончид, бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчид аа!
Та бүхэнд Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын мэндчилгээг өргөн дэвшүүлье.
Өргөн түмний баяр цэнгэл болсон үндэсний их баяр наадам нь Хүннүгийн үеэс улбаатай агаад монгол цэргүүд дайн, тулалдаанд бэлтгэх, ялалт амжилтаа тэмдэглэн цэрэг эрс, хүчтэнүүд нь ид хаваа гайхуулан барилдаж, нум сумаа харван цэц мэргэнээ сорьж, хүлэг сайн морьдоо уралдуулан наадан цэнгэдэг байсан талаар судар бичигт хадгалагдан үлджээ.
Түүх, соёл, төрт ёсны өнө эртний уламжлалтай Монголчуудын сэргэн мандалтын эхийг тавьсан 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалыг ялалтад хүргэсэн түүхэн ач холбогдол нь монголчуудын олон арван жилийн мохошгүй хүсэл тэмүүлэл, тууштай тэмцлийн биелэл, их сэргэлтийн эхлэл байж, 1921 оны 7 дугаар сард Ардын хувьсгалыг хамтын эвийн хүчээр ялалтад хүргэснээр манай орон тусгаар тогтнолоо бататган бэхжүүлж, монгол үндэстэн урагшлан хөгжих шинэ цагийг эхлүүлсэн түүхтэй билээ.
Энэ цаг үед үндэснийхээ бахархалт түүхийг бүтээлцэж буй Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн хуулиар хүлээсэн үндсэн болон бусад чиг үүргүүдийг амжилттай гүйцэтгэж, улс орныхоо стратегийн өндөр ач холбогдолтой томоохон бүтээн байгуулалтад манлайлах үүрэгтэй оролцож монгол цэргийн шилдэг уламжлалаа шинэ агуулга, хэлбэрээр баяжуулсаар байна.
Энэ онд Монгол Улсын Зэвсэгт хүчин даян дэлхийн энхийн үйлсэд анхны цэргийн багаа илгээсний 20 жилийн ой тохиож буй бөгөөд түүхт ойг угтсан бүтээлч ажлуудын хүрээнд “Энхийг дэмжигч Монгол Улс” сэдэвт эрдэм шинжилгээний хурал, “Эмэгтэйчүүд, энх тайван ба аюулгүй байдал” сэдэвт семинар, “Хааны эрэлд-2023" энхийг сахиулах ажиллагааны олон улсын хамтарсан сургуулийг 26 орны 1100 гаруй цэргийн алба хаагчдыг оролцуулан өөрийн эх орондоо амжилттай зохион байгууллаа.
Энэхүү олон улсын хамтарсан сургуулийн үеэр Монгол Улсын ЗХЖШ-ын даргын урилгаар Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргын цэргийн зөвлөх генерал Бирам Диоп манай улсад албан ёсны айлчлал хийсэн нь Монгол Улсын Зэвсэгт хүчний энхийг сахиулагчдын гавьяа зүтгэлийг өндрөөр үнэлж, цаашид энхийг сахиулах ажиллагаанд цэргийн оролцоог нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд онцгой ач холбогдолтой уулзалт болж, Нэгдсэн Үндэстний байгууллага Монгол Улсыг тууштай дэмжсэн явдал болсныг баярын энэ өдөр онцлон тэмдэглэе.
Эх орон, түүх соёл, төрт ёс, тусгаар тогтнолоо эрхэмлэн дээдэлсэн эрхэм Та бүхэндээ Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын зөвлөлийн гишүүдийн өмнөөс болон хувиасаа дахин баярын мэндчилгээ дэвшүүлж, ажил албанд тань арвин их амжилт, амьдралд тань аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг бэлгэдэн ерөөе.
МОНГОЛ ЦЭРГИЙН СҮР ХҮЧ, ЗОЛБОО ХИЙМОРЬ, ЦОГ ЖАВХЛАН ҮЕИЙН ҮЕД МАНДАН БАДРАХ БОЛТУГАЙ!
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН ДАРГА ХОШУУЧ ГЕНЕРАЛ С.ГАНБЯМБА