• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2017-07-06 11:54:00
Үзсэн: 106

МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2017-07-06 11:54:00 Үзсэн: 106



    Монголын тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 811 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ойн баярыг тохиолдуулан нийт ахмад дайчид, Монгол Улсын төрийн цэргийн байгууллагуудын генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагч, ажилтан албан хаагч, хилийн чанадад үүрэг гүйцэтгэж байгаа энхийг сахиулагчид Та бүхэнд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

    Монгол Улсын зэвсэгт хүчин хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, дэвшүүлсэн зорилго, зорилтоо бүрэн дүүрэн хэрэгжүүлж, ажил хөдөлмөр, амжилт бүтээлээр дүүрэн түүхт ойнуудаа угтлаа. Зэвсэгт хүчний үе үеийн дайчид 1921 оноос Монгол Улсын нутаг дэвсгэрийг гадаадын цэргийн түрэмгийллээс бүрэн чөлөөлж, улсын хилийг хамгаалах, 1939 оны Халхын голын дайн, 1945 оны Чөлөөлөх дайнд ялалт байгуулан, 1940-1948 онуудад баруун хилийг гадны зэвсэгт халдлагаас хамгаалахад эрэлхэг зориг, баатарлаг үйлс байгуулсныг бид мартахгүй.

    Улс орны хөгжлийн 90 гаруй жилийн түүхэн хугацаанд манай Зэвсэгт хүчний гүйцэтгэсэн үүрэг, хүрсэн амжилтыг Монгол Улсын төр өндрөөр үнэлж ЗХЖШ-ыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Сүхбаатарын одон”-гоор шагнасан нь Зэвсэгт хүчний үе үеийн удирдлага, ахмад дайчид, генерал, офицер, ахлагч байлдагчдын хүч хөдөлмөр, хичээл зүтгэлийн үр дүн юм. Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, улсын хилийн халдашгүй дархан байдлыг хамгаалах, иргэний аюулгүй байдлыг хангах үүрэгтэй төрийн цэргийн байгууллагууд хамтын ажиллагаагаа бэхжүүлж, хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэйгөөр биелүүлсээр байна.

    Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн эх орноо батлан хамгаалах цэргийн тангарагтаа үнэнч байж, мэргэжлийн ур чадвараа тасралтгүй дээшлүүлэн, батлан хамгаалах шинэчлэлийн бодлогын хүрээнд мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчнийг бүрдүүлж, хөгжүүлэх төрийн бодлого, зорилтыг хэрэгжүүлэхэд бүхий л хүч бололцоо, мэргэжлийн ур чадвараа дайчлан албаа сайн хааж байгааг тэмдэглэхэд таатай байна. Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэдэл, монгол түмний төрт ёсны уламжлал, түүх, соёлын илэрхийлэл Үндэсний их баяр наадмаараа амар амгалан, түвшин сайхан баярлахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье!

Та бүхэн хийморь золбоотой сайхан наадаарай.

 

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН ДАРГА, ДЭСЛЭГЧ ГЕНЕРАЛ Д.ДАВАА

Холбоотой мэдээ
МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2024-12-31 08:45:19 Үзсэн: 600
МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2024-08-15 14:10:16 Үзсэн: 345
МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2024-05-29 12:53:05 Үзсэн: 681
БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2024-03-18 14:08:20 Үзсэн: 307
ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2023-12-31 09:00:54 Үзсэн: 257