
НҮБ-ЫН ЭНХИЙГ ДЭМЖИХ БОЛОН ОЛОН УЛСЫН ЦЭРГИЙН БУСАД
АЖИЛЛАГААНД ОРОЛЦСОН БОЛОН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ БУЙ МОНГОЛ УЛСЫН ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ОФИЦЕР, АХЛАГЧ, ГЭРЭЭТ ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИД АА!
Даян дэлхийн энхийн манаанд зогсож, эх орон, ард түмнээ төлөөлөн төр засгаас даалгасан хариуцлагатай үүргийг нэр төртэй биелүүлж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид-Цэнхэр дуулгатан Та бүхэнд ЗХЖШ-ын даргын зөвлөлийн өмнөөс болон хувиасаа Олон Улсын Энхийг сахиулагчдын өдрийн цогтой халуун мэндийг хүргэж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Ойрхи Дорнодод үүссэн хямралт байдал, зэвсэгт мөргөлдөөнийг намжаах, хяналтдаа авах зорилгоор НҮБ-ын Аюулгүйн зөвлөл анхны энхийг сахиулах ажиллагааг тус бүс нутагт зохион байгуулахаар 1948 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаар шийдвэрлэснээс хойш НҮБ-ын мандат дор дэлхиин янз бүрийн бүс нутагт нийт 71 ажиллагаа явуулсан бөгөөд өнөөдрийн байдлаар 16 ажиллагаанд 100 мянга гаруй цэнхэр дуулгатан үүрэг гүйцэтгэж байна.
Монгол Улс энхийг эрхэмлэсэн төрийн гадаад бодлогыг хэрэгжүүлж даян дэлхийн хүн ардын сайн сайхны төлөө энхийн үйлст өөрийн хувь нэмрээ оруулан Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн 2002 оноос эхлэн энхийг сахиулах ажиллагаанд оролцох болсноор нилээдгүй хугацаа өнгөрч, энэ хугацаанд 11000 гаруй цэргийн алба хаагчид дэлхийн халуун цэгүүдэд үүргээ амжилттай гүйцэтгэж ирсэнийг тэмдэглэн хэлэхэд таатай байна.
Манай цэргийн алба хаагчид цагийн байдлын хүнд нөхцөлд үүрэг гүйцэтгэхдээ мэргэжлийн өндөр ур чадвар гарган, бие бялдрын хөгжил, хэлний түвшин, сэтгэл санааны бэлтгэлжилт, сахилга зохион байгуулалтаараа ямагт дээгүүр байж, Монгол Улсын Зэвсэгт хүчний дайчин замнал, нэр хүндийг өндөрт өргөж яваад Монголын төр засаг, ард түмэн үргэлж талархаж байдаг билээ.
Та бүхнийг эх орон ард түмнийхээ өмнө хүлээсэн үүрэг, төр засаг, цэргийн удирдлагаас өгсөн захиа даалгаврыг нэр төртэй биелүүлж, үүргээ амжилттай гүйцэтгэн, цэргийн шинэчлэлийн үйл явцад өөрийн хувь нэмрээ оруулж байгаад сэтгэл хангалуун байна.
Энэхүү баярт өдрийг тохиолдуулан эх орныхоо өмнө өргөсөн тангарагтай цэрэг эрсийн маань үүрэг гүйцэтгэх боломжийг бүрдүүлэн тэдний найдвартай ар тал болж, сэтгэл зүрхээрээ үргэлж хамт байдаг та бүгдийн ар гэрийнхэн, ах дүү, төрөл төрөгсөд, найз нөхөд, хамт олон та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Дэлхий нийтийн энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах үйл хэрэгт энхийг сахиулагч та бүхний оруулж буй хувь нэмэр, бахархам үйлс өдрөөс өдөрт улам бүр арвижин батжиж, Монгол цэргийн сүр хүч, цог золбоо үеийн үед мандан бадрах болтугай.
МОНГОЛ УЛСЫН ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН ДАРГА
ДЭСЛЭГЧ ГЕНЕРАЛ Ц. БЯМБАЖАВ