Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Б.Дамдинсүрэнгийн нэрэмжит "Монгол туургатан" театрынхан Төв аймагт үйл ажиллагаа явуулдаг төрлийн цэргийн командлал, Зэвсэгт хүчний нэгтгэл, ангийн алба хаагчдад зориулж цэрэг-эх орны сэдэвт уран бүтээлийн тоглолтоо өргөн барилаа.
Тусгаар тогтнол, аюулгүй байдлын үнэ цэн, өнөөдрийн энх цагийг үлдээхийн төлөө цэрэг дайчид хэрхэн тэмцэлдэж, ялалтын мэдээг үлдээсэн талаарх бүрэн хэмжээний жүжгийг тайзнаа амилууллаа. Үүний зэрэгцээ энх цагт монголчууд харийн орныг зорихоос илүү эх сайхан нутагтаа аз жаргалтай амьдраасай гэдгийг хошин шогийн үзүүлбэрээр ч мөн гаргасан байв. Тайзнаа тоглогдсон бүхэн нь эх орныхоо төлөө зүтгэж яваа цэрэг дайчдаа бахадсан нь түүнийг үзэж суугаа офицер, ахлагч нарт албаараа бахархах сэтгэлийг нь өргөж, урам зоригийг нь нэмэгдүүлж чадсан юм.
Тоглолтын төгсгөлд ХЗЦК-ын Хүний нөөцийн хэлтсийн дарга хурандаа Н.Сүхбаатар Зэвсэгт хүчний алба хаагчдад бүрэн хэмжээний тоглолтыг бэлтгэн толилуулсанд талархал илэрхийлж, "Айл хүний амь нэг, саахалт хүний санаа нэг" гэдэгчлэн бүх талаар хамтран ажиллаж буй "Монгол туургатан" театрын хамт олонд уран бүтээлийн өндөр амжилт хүслээ.