Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалаас Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн нэгтгэл, ангийн захирагч нарынхаа цугларалтын төгсгөлд тэдэнд зориулж бэлэг бэлддэг уламжлалтай. 2025 онд захирагч нартаа “Аз хур” номын дэлгүүртэй хамтран бестселлер бүтээлээс бүрдсэн хайрцаг дүүрэн ном гардуулж, бүрэлдэхүүнийг номтой нөхөрлөхөд нь дэмжлэг үзүүлж байсан бол энэ удаа соёл хүмүүжлийн ажилд нь ашиглах караоке тоног төхөөрөмжийг Зэвсэгт хүчний 186 дугаар ангиас бусдад нь бэлэглэв. Зэвсэгт хүчний 186 дугаар анги ирэх 6 дугаар сард түүхт 90 жилийнхээ ойг тэмдэглэхтэй холбогдуулан соёл хүмүүжлийн иж бүрэн тоног төхөөрөмж, өсгөгч, гитаруудыг тус ангийн захирагч хурандаа С.Ариунболдод гардуулж өглөө.

Хуурай замын цэргийн командлагч хошууч генерал Ч.Цогтжаргал энэ үеэр хэлэхдээ “Зэвсэгт хүчний 186 дугаар ангид ажиллахад байлдагч Ү.Цэрэнтогтох их сайхан гитар тоглож өгсөн. Тэр үед байлдагчдаа “Командлагч нь гоё гитар явуулна аа” гэж амласан ёсоороо гурван гитарыг гардуулж байна. Хамтлагаа байгуулж, соёл урлагаар дамжуулан дайчдаа соён гэгээрүүлж, төлөвшүүлэхэд анхаараарай” гэсэн юм.