Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын бие бүрэлдэхүүний гар нийлэмжтэй ажиллагааг бэхжүүлэх, эрүүл амьдралын хэвшил дадлыг төлөвшүүлэх зорилгоор энэ сарын 05-ны өдөр “Мөнгөн өвөл” өдөрлөг зохион байгуулагдлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчаас 2026 оныг “Залуу офицеруудын хөгжлийн жил” болгон зарласантай холбогдуулан тус командлалын ахмад цолтой алба хаагчдаас энэ өдөрлөгийг санаачлан зохион байгуулж, бүрэлдэхүүн ч өндөр ирцтэйгээр оролцож, нэгэн өдрийг өвлийн спортыг сурталчилсан уралдаан тэмцээнээр өрсөлдөж өнгөрөөв.
Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, хошууч генерал Ч.Цогтжаргал, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга бригадын генерал Ц.Буяндэлгэр, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн ахлагч, тэргүүн ахлагч Л.Мөнх-Эрдэнэ нарын удирдлагууд хүрэлцэн ирж оролцов.
Өдөрлөгийг зохион байгуулагч нар бүрэлдэхүүнийг хэлтэс тасаг албаар нь бус цолоор нь багуудад хуваарилсан нь цолтнууд болон ажилтан албан хаагчдыг нөхөрлөлийг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн юм.
Уралдаан тэмцээн “Цасны сумо”, “Олс таталт”, “Буухиа” гэсэн төрлөөр явагдаж, бүжиг, мэндчилгээ, загварын тайз зэрэг чөлөөт үзүүлбэрийг ч алба хаагчдад нээлттэй явууллаа. Хэдий жавар тачигнасан өдөр таарсан ч сүүлийн жилүүдэд цасны баяраа хийж амжаагүй хамт олны хувь энэ нь асуудал биш бөгөөд уралдаан тэмцээн бүр ширүүн өрсөлдөөн дунд явагдаж, багийн нэгдсэн дүнгээр хошууч нарын баг тэргүүлж цом өргөсөн бол дэд хурандаа нарын баг дэд байрт, тэргүүн ахлагч, сургагч ахлагч нарын баг гутгаар байрт тус тус шалгарсан юм.
Хуурай замын цэргийн командлагч хошууч генерал Ч.Цогтжаргал командлалын ахмад цолтнуудаас “Мөнгөн өвөл” өдөрлөгийг санаачлан зохион байгуулж байгаад талархал дэвшүүлж, энэ эрчээ алдалгүй нөхөрлөлөөрөө үргэлж манлайлж, залуу офицер, ахлагч нарт үлгэр дууриалал, ахлах офицерууддаа түшиг тулгуур болж ажиллахыг захилаа.
Өдөрлөгийн төгсгөлд ахмад цолтой алба хаагчдаас командлалын байрны орой дээр манддаг Төрийн далбааг шинээр бүтээлгэснээ гардуулж, сүүлийн үед бестселлер болоод буй “Сүүлчийн нүүдэлчид” номын дээжээс бэлэглэсэн юм.