Эх орныхоо зүүн бүсийн аюулгүй байдлыг сахин хамгаалж яваа Зэвсэгт хүчний 327 дугаар ангийнхны гол имидж нь спортлог байдал. Монгол Улсын марафон гүйлтийн цөөнгүй рекордыг тус ангийн офицер, ахлагч, ажилтан албан хаагчид л эзэлдэг гэдгийг та мэдэх үү. Жудо, самбо, чөлөөт бөхөөр ч ялгаагүй аймаг бүсийн аварга цаашлаад улсын аварга, олон улсын тэмцээнүүдэд ч амжилт дүүрэн оролцдог хамт олон. Спортлог, авьяаслаг, хөдөлмөрч хамт олны гурван алба хаагчийг гэр бүлийнх нь хамтаар энэ удаагийн дугаартаа онцолж байна.
ЖУДО БӨХИЙН УЛСЫН АВАРГА, БАЙЛДАГЧ Ж.БУЯНДЭЛГЭРИЙНХ

Бидний хамгийн эхэнд онцлох алба хаагч бол цэргийн гэрээт алба хаагч, байлдагч Ж.Буяндэлгэр. Байлдагч Ж.Буяндэлгэрийн ажлыг нь тарахтай зэрэгцэн гэрт нь хамт очлоо. Цэргийн гэрээт алба хаагчдын алба хаах хууль, эрх зүйн орчин, нийгмийн хамгааллыг нь ЗХЖШ-аас шат дараатай дээшлүүлж буй учир тэд яг л байнгын бүрэлдэхүүн шиг ажлын 8 цагаар ажиллаад гэртээ харьдаг болсон нь энэ. Гэрийн гадаа нь очиход дөнгөж ой шүргэж байгаа гэмээр бяцхан хүү “Аав аа!” гэсээр тэнтэр тунтар алхсаар ирсэн нь түүний хүү Б.Жаргалбаяр ажээ. Ж.Буяндэлгэрийнх нь аавын гэрээс өрх тусгаарлаад дөнгөж 10 хонож байсан бөгөөд цоо шинэ өргөө цагаан гэр барьжээ. Түүний гэргий П.Минжинсор “Ханиа өнөөдөр гэрээ овоо сайхан төвхнүүллээ. Хардаа, чи минь” гэсээр инээмсэглэл дүүрэн угтав.
Ж.Буяндэлгэр Дорнод аймгийн Цагаан-Уул сумын харьяат, хугацаат цэргийн албаа 2016-2017 онд Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл хаасан байна. Тэр жудо, самбо бөхөөр хичээллэдэг ба үзүүлсэн амжилт ч арвин гэдэг нь гэрийнх нь хойморьт өлгөсөн медалийн тооноос тун тодорхой харагдаж байв. Жудо бөхөөр гэхэд 2010 онд аймгийн аварга, 2011, 2012 онуудад залуучуудын улсын аваргад хүрэл медаль, 2013 онд улсын аварга, 2014 онд улсын аваргын хүрэл, 2015 онд мөнгө, ӨМӨЗО-ны Хөх хотод зохион байгуулагдсан “Монгол туургатан” олон улсын тэмцээнд алтан медалийн эзэн болжээ. Самбо бөх болон багаар үзүүлсэн амжилтууд ч цөөнгүй байна. Энэ бол хугацаат цэргийн албаа хаахаас өмнөх амжилт. Хаасны дараах амжилт гэвэл 2017 онд самбо бөхөөр аймгийн аварга, 2020 онд насанд хүрэгчдийн улсын аваргын тусгай байранд шалгарсан байна. Спортын нэгдүгээр зэрэгтэй энэ залуу хүүгээ төрөхөд нь Жаргалбаяр гэдэг нэр хайрласан нь Улсын заан Н.Жаргалбаярыг дэмждэгтэй холбоотой ажээ. Цэргийн гэрээт албанд 2020 оны 5 дугаар сард элсэн орсон ба “Цэргийн гэрээт албанд өөрийн хүсэлтээр орсон. Хугацаат цэргийн албаа хаасныхаа дараа цэргийн алба маань байн байн бодогдож, өөрийгөө цэргийн л хүн болох ёстой гэдгийг анзаарсан. Цэргийн албанд дэндүү дассан нь минь тэр. Тэгээд Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн удирдлагуудад цэргийн гэрээт албанд элсэх хүсэлтээ өгөхөд тодорхой шалгалтуудыг аваад эгнээндээ дуртайяа нэгдүүлсэн шүү. Одоо ч би баярлаж явдаг. Цэргийн гэрээт албанд нэгдсэнээр өөртөө олон зорилт төлөвлөгөө тавиад ажиллаж байна. Хамгийн эхний зорилт бол цэргийн гэрээт албаа үлгэр жишээ хаачхаад ахлагчийн албанд улирах. Хоёр дахь нь жудо, самбо бөхөөрөө улсын аварга болон тив дэлхийд амжилт үзүүлэх. Гурав дахь нь хайртай гэр бүлээ хэнээс ч дутахгүй авч явах юм” гэлээ. Түүний гэргий П.Минжинсор оёдлын чиглэлээр суралцаж төгссөн үйлд уран бүсгүй юм байна. Тэрээр “Цэргийн гэрээт албаны нөхцөл, бололцоог нь дээшлүүлж байгаа Зэвсэгт хүчний удирдлагуудад баярлалаа. Одоо манай хань ажлын найман цагаар ажиллачихаад бусад цагаа хайртай гэр бүлдээ зарцуулж байгаа. Ханиа цэргийн албандаа илүү сайн амжилттай яваасай гэж хүсдэг дээ” гэсэн юм.
ДӨРӨВ ДЭХ ҮЕИЙН СУМЫН ЗААН, АХЛАХ АХЛАГЧ Э.МӨНХДОРЖ

Дараагийн онцлох спортлог залуу бол Зэвсэгт хүчинд алба хаагаад зургаа дахь жилдээ болж байгаа, сумын заан, Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн гардан тулааны багш, ахлах ахлагч Э.Мөнхдорж.
Ахлах ахлагч Э.Мөнхдорж нь гэр бүлээсээ дөрөв дэх үеийн сумын заан. Удам дамжсан бөх. Түүний өвөө Н.Равдан болон түүний ах Н.Дорж, залгуулаад түүний аав Р.Энхбаатар 2003 онд сумын заан цол хүртсэн бол ахлах ахлагч маань 2020 оны Улсын Үндэсний их баяр наадмаар Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд урамтай сайхан барилдаж, сумын заан цол хүртсэн юм. Тэрээр үндэсний бөхөөр 2017 оноос хичээллэж байгаа бөгөөд түүнээс өмнө сагсан бөмбөг, гар бөмбөг, хөл бөмбөг, боксоор дагнан бэлтгэл, сургалтаа базаадаг байж. Тухайлбал, гар бөмбөгөөр улсын аваргын хүрэл медаль, хөл бөмбөгөөр бүсийн хүрэл медаль, сагсан бөмбөгөөр аймгийн гурван удаагийн аварга, шилдэг тоглогчоор шалгарсан амжилттай. Мөн л спортын нэгдүгээр зэрэгтэй. Аавынхаа ятгалгаар 2017 оноос үндэсний бөхөөр хичээллэж эхэлснээс хойш 2019 онд сумын начин, 2020 онд сумын заан цол хүртсэн нь энэ. Тэрээр ангийнхаа Б.Пүрэвсайхантай хамтран хичээл сургалт, бэлтгэлээ базаадаг бөгөөд хоёул энэ жил Дорнод аймгийн хоёр суманд зэрэг түрүүлж, сумын заан цол хүртсэнээ хуучлаад ангийн удирдлага, хамт олон нь спортод элэгтэй учир, үргэлж дэмжиж ирсэн гэв. Хамгийн сүүлд гэхэд ЗХЖШ-ын Сургалтын хэлтсийн Биеийн тамир, спортын тасгийн дарга, хурандаа Д.Цог-Эрдэнэ БНӨСУ-д үүрэг гүйцэтгэх бие бүрэлдэхүүнээс биеийн тамирын шалгалт авч байхдаа “Энэ Зэвсэгт хүчний 327 дугаар ангийнхан чинь бие бялдартаа сүрхий бэлдэж гээч. Биеийн тамирт нэг нь ч унасангүй” хэмээх үг түүнд маш том урам зориг өгсөн гэнэ. Учир нь тус ангиас энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэхээр шалгарсан бие бүрэлдэхүүнээ бие тамирын шалгалтад нь унахгүй байх бэлтгэл, сургалтыг ахлах ахлагч Э.Мөнхдорж үргэлж явуулсан ирсэн байна. Өдгөө тэрээр ангийнхаа тодорхой тооны бүрэлдэхүүнийг гар тулаанаар хичээллэж сурахад нь гол анхаарлаа хандуулж байгаа бөгөөд бэлтгэл сургалтынхаа хажуугаар ҮБХИС-д Ерөнхий цэргийн эчнээгээр суралцаж байгаа ажээ.Тэрээр хамт олныхоо тухай “Манай удирдлага, бие бүрэлдэхүүн үргэлж нэг хүн шиг байж чаддаг, хамт олонч нийтэч. Нэгнээ сэтгэлийн үгээр их сайхан дэмждэг дээ. Энэ үг намайг өдий зэрэгтэй амжилт үзүүлэхэд их нөлөөлдөг шүү” гэв.
Хүүгийнхээ яриаг анхааралтай чагнаж суусан түүний аав Р.Энхбаатар ах “Петровис” компанид ээлжийн түгээгчээр ажилладаг байна. Тэрээр хоёр жилийн цэргийн алба хаасан бэлтгэл үүрэгтэн. Хүүгээ цэргийн хүн болоход нь ихэд баярласан, өдгөө бүр сайн яваад нь бүр ч их баярлаж явдгаа хуучлаад цэргийн алба эрчүүдийг зөв хүн болгон төлөвшүүлэхэд асар үүрэгтэй салбар хэмээн онцолсон. Харин түүний хань, ахлах ахлагчийн ээж Ө.Ганзул боловсролын салбарт насаараа ажиллаж байгаа эмэгтэй байна. Орос хэлний багш гэнэ. Тэд хоёр хүүтэй. Том хүү Жамсранжав ч гэсэн ялгаагүй спортоор хичээллэдэг, сагсан бөмбөгөөр аймгийн хоёр удаагийн аварга ажээ. “Өөрийгөө сумын заануудын дунд амьдрах их сайхан хувь тохиолтой гэж боддог. Гэхдээ хүү маань энэ амжилтад цадаж болохгүй. Улсын цолтон болоосой гэж хүсдэг. Цэргийн алба нь спортоор хичээллэдэг хүүхдүүдийг улам л хөгжүүлдэг сайхан алба юм” хэмээгээд ач хүү, дөрвөн настай Ж.Өнөмөнхөө харснаа “Манай эрх хүү бөхийн удмыг маань үргэлжлүүлдэг л байгаа даа” хэмээн өхөөрдөн инээмсэглэлээ.
ЗУРГАА БОЛОН 12 ЦАГИЙН МАРАФОН ГҮЙЛТИЙН РЕКОРД ЭЗЭМШИГЧ Б.САРАНГУА

Төгсгөлд нь онцлох гэр бүл бол тус ангийн ажиллагааны офицер, ахлах дэслэгч Б.Ганхүүгийнх. Б.Ганхүү 2013 онд ҮБХИС-ийг Ерөнхий цэргийн командын офицер мэргэжлээр төгсөж, ажлын гараагаа Зэвсэгт хүчний 150 дугаар ангид мотобуудлагын салааны захирагчаар эхлүүлжээ. Тэрээр хань Б.Сарангуа, хоёр охин Бүжин, Ану-Үжингийн хамт амьдардаг ба түүний аав Батзориг хилийн цэрэгт насаараа ажилласан хурандаа гэнэ. Аав, ээжийгээ дагаж хилийн цэргийн ангиудад “амьдарч” явсны хувьд цэргийн алба түүнд хамгийн ойрхон, дотно санагдаж, энэ мэргэжлийг сонгоход нь нөлөөлж. 2015 онд БНӨСУ-д үүрэг гүйцэтгэж байхдаа сийлбэр хийж сурсан, өдгөө ажлынхаа цаг заваар ташуур, хусуур хийж, ойр дотнын хүмүүстээ бэлэглэдэг гэнэ. Баримталдаг гол зарчим ажлыг цаг хугацаанд хийж гүйцэтгэх гэсэн. Тэгвэл түүний спортлог хань Б.Сарангуа нь Монгол Улсын хэт холын буюу 6 болон 12 цагийн рекорд эзэмшигч, олон улсын хэмжээний мастер бүсгүй.

Зэвсэгт хүчний 327 дугаар ангид нярваар ажилладаг энэ бүсгүй хүүхэд байхаасаа л хөнгөн атлетикаар хичээллэж, үзүүлсэн амжилт бишгүй их бөгөөд 2018 оноос хэт холын марафон гүйлтээр дагнан хичээллэж байгаа гэнэ. 2018 онд Залуучуудын улсын аваргын 50 км гүйлтийн тэмцээнд хүрэл медаль хүртснээс хойш энэ спортоор хичээллэх шангаа татаж. Улмаар Олон улсын хэт марафон гүйлтийн 225 км-ын уралдаанд тэргүүн байр, 24 цагийн залуучуудын хэт холын марафон гүйлтийн тэмцээнд 156 км зайг туулж, спортын мастерын болзлоо хангажээ. Үргэлжлүүлээд 2019 онд амжилтаа ахиулан 12 цагийн марафон гүйлтэд 123.5 км зайг туулж, Монгол Улсын дээд рекордыг шинэчлэн тогтоосон байна. Тэр мөн 6 цагийн марафон гүйлтийн рекордын эзэн. Цаашдаа өөрийн тогтоосон рекордуудаа шинэчилж, олимпд оролцох зорилго тавин бэлтгэл, сургалтаа базааж байгаа ажээ.
Аймаг бүс нутагтаа төдийгүй олон улсын уралдаан тэмцээнд эх орон, Зэвсэгт хүчнийхээ алдар нэрийг цуурайтуулж яваа ийм л спортлог хамт олны цөөхөн хэсгээс дурдахад ийм буюу.

Ахлах дэслэгч Д.Болормаа