• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ТЕХНИК, ТАБЕЛЬ ХЭРЭГСЛИЙН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭХ БЭЛЭН БАЙДАЛ ДЭЭШЛЭВ
Нийтэлсэн: 2020-09-02 16:54:24
Үзсэн: 441

ТЕХНИК, ТАБЕЛЬ ХЭРЭГСЛИЙН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭХ БЭЛЭН БАЙДАЛ ДЭЭШЛЭВ
Нийтэлсэн: 2020-09-02 16:54:24 Үзсэн: 441



ЗХЖШ-ын даргын тушаалаар томилогдсон Засвар үйлчилгээ, сургалтын бүлгүүд Зэвсэгт хүчний 256 дугаар ангид удаан хугацааны хадгалалтад байгаа ар талын тусгай тоноглолтой техник, табель хэрэгсэл болон хуягт танкийн техникт засвар, үйлчилгээг хийлээ. Мөн Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл, Зэвсэгт хүчний 167, 186, 256, 310, 336 дугаар ангийн ар талын табель хэрэгслийн засварчидтай сургалт явуулж, тэдний мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлсэн юм.

Энэхүү засвар, үйлчилгээний ажлын чанар байдалтай танилцаж, тооллого хийхээр ЗХЖШ-ын Ар талын газрын Материал хангалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн, хурандаа Б.Батнямаар ахлуулсан бүрэлдэхүүн 8 дугаар сарын 28, 29-ний өдөр тус ангид ажилласан юм.

Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн түүх нь Ардын хувьсгалтай нас чацуу. Тиймээс ирэх жил байгуулагдсаныхаа 100 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэхээр төлөвлөж байгаа аж. Иймд дээрх засвар, үйлчилгээний ажил нь тэрхүү их ойн өмнө хийгдэж буй томоохон ажлуудын нэг гэдэг нь тодорхой. Энэ тухай тус ангийн захирагч, хурандаа Б.Галбадрах хэлэхдээ “Танкийн тусгай хороо нь ирэх жил байгуулагдсаныхаа түүхт ойг тэмдэглэхээр шаргуу ажиллаж байна. Мэдээж энэхүү ойгоо их бүтээн байгуулалт, ололт, амжилтаар угтахаар хүн бүр дор бүрнээ сэтгэл гарган ажиллаж байгааг дурдах нь зүйтэй. Тус анги нь 1987 онд одоогийн байршилдаа шилжиж ирсэн. Бүхэл бүтэн дивиз нүүж ирж байсан учир их хөл хөдөлгөөний үед, мөн шилжилтийн нийгмийн ороо бусгаа үед ангийн зарим техникийн эд ангиуд нь тодорхой хэмжээгээр тоногдож, алга болж байсан юм билээ. Түүнээс хойш тус ангийн удаан хугацааны хадгалалтад байгаа техник, хэрэгслүүдэд нэгдсэн байдлаар өнөөдрийнх шиг өргөн хэмжээгээр засвар үйлчилгээ хийгдээгүй байсан. Тэгвэл ЗХЖШ-ын даргын тушаалаар томилогдсон Засвар үйлчилгээ, сургалтын бүлгүүд болон тус ангийн цэргийн алба хаагчид шахуу төлөвлөгөөгөөр 20 гаруй хоног ажиллан энэхүү ажлын ард гарлаа. Тэд тус хорооны үүрэг гүйцэтгэх чадварыг нэмэгдүүлэхэд ихээхэн хувь нэмрээ орууллаа" гэсэн юм.

Тус ангид хуягт танкийн засвар, үйлчилгээний болон ар талын тусгай тоноглолтой техник, табель хэрэгслийн засвар үйлчилгээний гэсэн хоёр үндсэн бүлэг ажилласан. Энэ тухай Зэвсэгт хүчний Жанжин штабын Ар талын газрын Материал хангалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн, хурандаа Б.Батням “Зэвсэгт хүчний хэмжээнд 2018 онд явагдсан цэргийн зэвсэглэл, техник, ар талын табель, хэмжих хэрэгслийн нэгдсэн тооллогын үр дүнгээр анги, нэгтгэлүүдэд удаан хугацааны хадгалалтад байгаа техник, зэвсэглэл, ялангуяа ар талын тусгай тоноглолтой техник, табель хэрэгсэлд засвар үйлчилгээ хийж, үүрэг гүйцэтгэх боломжийг нэмэгдүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзсэний үндсэн дээр энэхүү ажлыг зохион байгууллаа. Мөн анги, салбаруудад ар талын техник, табель хэрэгсэлд засвар үйлчилгээ хийх чадвартай мэргэжлийн бүрэлдэхүүн ховор байгаад үндэслэн тодорхой албан тушаалтнуудыг энэ ажилд сургаж мэргэшүүлэх хэрэгцээ шаардлага үүссэн юм. Үүгээр дан ганц тус ангийн бэлэн байдал дээшлээд зогсохгүй бусад ангийн зарим албан тушаалтнуудын мэргэжлийн ур чадвар, дадлага нь нэмэгдсэн гэдгийг онцлон тэмдэглэе. Анги, салбарууд өдөр тутам ашиглагдаж байгаа техник, табель хэрэгслүүддээ урсгал засварыг хийдэг ч удаан хугацаанд хадгалагдаж байгаа ар талын тусгай тоноглолтой техник, табель хэрэгслүүддээ засвар үйлчилгээ хийж чаддаггүй. Төсөв, хөрөнгийн байдлаас хамаарч тийм боломж ч хомс байдаг. Тиймээс бид Зэвсэгт хүчний ангиудад хийгдэж байгаагүй томоохон ажлыг эхлүүллээ. Цаашдаа бусад анги, салбарт ч энэ чиглэлийн ажлыг хэрэгжүүлж, удаан хугацаанд хадгалагдаж байгаа техник, табель хэрэгслүүдийн үүрэг гүйцэтгэх бэлэн байдлыг дээшлүүлэх чиглэлд анхаарч ажиллана” гэв.

Ингээд энэхүү бүтээлч ажилд гар бие оролцсон цэргийн алба хаагчдын сэтгэгдлээс хүргэе.

ОРОС ТЕХНИКИЙН ЧАНАР, БАТ БӨХ БАЙДЛЫГ МАГТАХ УЧИРТАЙ

Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн Хуягт техникийн инженер, ахмад Т.Батсайхан:

-Би 2010 онд Батлан хамгаалахын их сургуулийг хуягт танкийн офицер мэргэжлээр төгссөн. Зэвсэгт хүчний 167 дугаар ангид 2015 он хүртэл ажиллаад тус ангид томилогдсон.

Зэвсэгт хүчний 011 дүгээр ангийн мэргэжилтнүүд, тус ангийн хуягт техникийн засварын бүлгийн 28 алба хаагчидтай хамтран танк, явган цэргийн байлдааны машин болон танкийн чирэгчид засвар, үйлчилгээг хийлээ. Мэргэжлийн хүмүүстэй хамтран нэгэн баг болж ажилласан болохоор бид их зүйлийг сурлаа. Удаан хугацаанд хадгалагдаж байгаа техникүүд нь тус анги нүүж ирсэн буюу 1987 оноос хойш засварт ороогүй байсан учир бүх резинэн эдлэлүүд болоод зарим эд, ангиуд нь муудаж, тос, масло нь холилдсон байсныг бид засаж, үүрэг гүйцэтгэхэд бэлэн болгосон. Тайван цагийн орон тоонд ашиглагдаж байгаа техникүүддээ бид жил бүр урсгал засвар хийдэг ч энэ удаагийнх шиг бүх техниктээ засвар хийж байгаагүй. Мөн онцлоход, 30 гаруй жил хөдлөөгүй байсан дөрвөн нэгж танкийн чирэгчид засвар хийж, үүрэг гүйцэтгэхэд бэлэн болгосон. Анх засварчид маань бараг л асахгүй байх гэж бодож байсан ч эд, ангиудыг нь сэргээн засварлаад асаахад байдал шал өөр байсан. Аргагүй л орос техникийн яс чанар, бат бөх байдлыг магтах учиртай.

ТЭД ОДОО МЭРГЭЖЛИЙН БОЛСОН

Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн тоног төхөөрөмжийн засварчин, ахлагч Түвшинхишигт:

-Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн тоног төхөөрөмжийн засварын тасгаас гурван хүний бүрэлдэхүүн тус ангид ирж ажиллалаа. Бид “КП-125” чиргүүлийн тогоо, “ПП-40”, “КО-75”, “МК-30” зөөврийн тогоо, хээрийн механикжсан талхан завод зэрэг ар талын техник, табель хэрэгслүүдэд засвар хийсний зэрэгцээ Зэвсэгт хүчний зургаан ангиас ирсэн тодорхой тооны хүмүүст сурган зааварлах хичээлийг явууллаа. Суралцагчдын идэвх оролцоо сайн байлаа. Бид суралцагчдаа техник, хэрэгслийг арчиж, зүлгэхээс нь эхлээд заасан. Дараа нь тоног төхөөрөмжүүдийн үүрэг, зориулалт, ашиглалт, хамгаалалтыг нь заасан. Тэд эхэндээ ар талын табель хэрэгслүүдийг даралтын зарчмаар ажилладгийг ч мэдэхгүй байсан бол одоо мэргэжлийн түвшинд эзэмшдэг болсон.

Мэдээж, удаан хугацаанд хадгалагдаж байсан учир зөөврийн тогоонуудын түлшний насос нь бөглөрсөн, дугуйнууд нь язарч муудсан, эд ангиуд нь зэвэрсэн зэрэг олон төрлийн гэмтэлтэй байсныг бид засварлаж чадсандаа баяртай байна.

АНГИДАА ОЧООД МЭДСЭН СУРСНАА ЗААЖ ӨГНӨ

Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн автын

засварчин, дэд ахлагч М.Амармөрөн:

-Би 2018 онд ҮБХИС-ийн Ахлагчийн сургуулийг төгсөөд Өмнөговь аймагт томилогдсон. Манай гэр бүлд цэргийн мэргэжлийн хүн байдаггүй. Дунд сургуульд байхдаа Налайх дүүргээс цэрэг-спортын “Дөл” тэмцээнд удаа дараа оролцож, тэргүүлж байсан. Тиймээс сурагч байхаасаа л цэргийн дүрэмт хувцас өмсөөд жагсаалд нэгдэж, эх орондоо тангараг өргөхийг хүсдэг байлаа. Хүслээ ч биелүүлэн өөрийн хүсэл сонирхлоороо цэргийн албанд орсон. Ойрын зорилго маань үргэлжлүүлэн суралцаж, офицерын албанд дэвшин ажиллах явдал.

Тус ангид ирээд ах нараасаа их зүйлийг сурч байна. Миний хувьд ар талын табель хэрэгслийн талаарх мэдэгдэхүүн төдийлөн байгаагүй. Харин энэхүү сургалтад хамрагдсанаар иж бүрэн мэдлэгтэй боллоо. Зэвсэгт хүчинд олон жил ажилласан туршлагатай алба хаагчид техник, тоног төхөөрөмж дээр ажиллах арга зүй, дадлагын хичээлийг чин сэтгэлээсээ зааж зөвлөж байгаа нь дотно санагдсан. Цаашид ангидаа очоод ар талын мэргэжилтэй ахлагч нартаа мэдсэн сурснаа зааж өгнө гэж бодож байгаа.

БАЙНГЫН БҮРЭЛДЭХҮҮНИЙ ЭГНЭЭНД ШИЛЖИЖ, АЛБА ХААЖ ЯВААДАА БАЯРТАЙ БАЙНА

Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн Батальоны ахлах тогооч, дэд ахлагч Ж.Ялалтбаяр

-Би 2012-2013 онд Зэвсэгт хүчний 186 дугаар ангид хугацаат цэргийн алба, 2013-2017 онд цэргийн гэрээт албыг хаасан. 2015 онд БНӨСУ-д НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний 5 дугаар ээлжийн Цэргийн багийн бүрэлдэхүүнд багтаж, энхийг сахиулсандаа баярлаж явдаг. Дараа нь ахлагчийн албанд шилжээд 2019 онд Афганистан улсад явагдаж байгаа “Тогтвортой эрх чөлөө” ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн. Хугацаат цэргээс Зэвсэгт хүчний байнгын бүрэлдэхүүний эгнээнд шилжиж, алба хааж яваадаа баяртай байна.

Анх ирээд шатахуун тээвэрлэдэг "Урал АЦ-5" загварын машинд түлшийг хэрхэн соруулж, түгээх аргад суралцсан. Дараа нь зөөврийн тогоонуудыг шингэн түлшээр хэрхэн ажиллуулах, аюулгүйн ажиллагааны арга барил зэрэгт суралцсан. Багш нарын мэдлэг, чадвар өндөр байлаа. Тогооч бидний мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлсэн дээрх ажил шиг олон төрлийн ажил, арга хэмжээг Зэвсэгт хүчинд явуулж байгаасай гэж боддог.

ХИЙСЭН АЖЛАА ТООЧВОЛ ИХ

Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн Материал техникийн хангалтын салааны жолооч, дэд ахлагч Д.Рэнцэндорж:

-Би авто машины талаар мэдэхээс бус ар талын табель хэрэгслүүдийн талаар ямар ч ойлголтгүйгээр тус сургалтад хамрагдсан. Үнэхээр бодож байснаас ч их зүйлийг сурлаа, сурах ч зүйл ихтэй мэргэжил юм. “ПП-40”, “КП-125” зэрэг зөөврийн тогоог ажиллуулахад амаргүй санагдлаа. Шингэн түлшээр ажилладаг учир аюулгүйн ажиллагааг нь сайтар мөрдөж, тус төхөөрөмжийн талаар бүх талын мэдлэгтэй байхгүй бол өөрийгөө ч, өрөөлийг ч эрсдэлд оруулах магадлалтай гэдгийг мэдэж авлаа. Удаан хугацааны хадгалалтад байсан ар талын хэрэгслүүдэд өмнө нь ингэж олноор нь засвар, үйлчилгээ хийж байгаагүй. Тухайлбал, зөөврийн тогоонуудыг агуулахаас гаргалаа гэж бодоход дугуйнууд нь элэгдэж, муудсан, зарим эд ангиуд нь ашиглалтаас гарсан байх нь элбэг. Хэдий тийм ч манай бүлэг тэдгээрийн эд ангиудыг нь сэлбэж засварлаад үүрэг гүйцэтгэхэд бэлэн болгосон. Цоорсон эд ангиудыг нь гагнаж, түлшний насосыг нарийн сэтгүүрээр сэтгэж, янзалсан гээд хийсэн ажлаа тооцоод байвал их бий.

Эх сурвалж: "СОЁМБО" СОНИН, АХЛАХ ДЭСЛЭГЧ М.МӨНХЗОРИГ

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 108