ЗХЖШ-аас зохион байгуулж буй “Штабын бэлтгэл сургалтаар тэргүүлэгч анги” шалгаруулах бэлэн байдлын үзлэг амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын удирдлагын тогтолцооны бэлэн байдлыг дээшлүүлэх зорилготой энэхүү үзлэгийг ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, хурандаа Ц.Жавхланбаатараар ахлуулсан комиссын бүрэлдэхүүн хоёр сарын хугацаанд явуулсан юм.

Үзлэг хоёр үе шаттай явагдсан бөгөөд эхний шатанд комиссын бүрэлдэхүүн Зэвсэгт хүчний бүх нэгтгэл, ангиудад ажиллаж, удирдлагын байгууллага, холбооны систем, удирдлагын байруудын бэлэн байдал, үүрэг гүйцэтгэх чадавхыг нэг бүрчлэн үнэлж үнэлэлт дүгнэлт өгөв. Хоёрдугаар шатны шалгаруулалтыг нэгдүгээр шатнаас шалгарсан нэгтгэл, ангиудтай зохион байгуулсан бөгөөд хоёрдугаар шатны шалгаруулалтыг шалгалтын Команд штабын сургуулиар Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд 9 дүгээр сарын 6-8-ны өдрүүдэд зохион байгууллаа. Хоёрдугаар шатны шалгаруулалтад Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл, 014, 150, 167, 186, 256, 310, 325 дугаар ангиудын шалгаран оролцсон ба шалгалтын команд штабын сургуулиар алсын зайн марш үйлдэж, заасан районд гарах, стратегийн чиглэлд тогтоон барих байлдааны ажиллагаа зохион байгуулах үүргийг удирдлага штаб гүйцэтгэсэн юм.
Энэхүү шалтгалтын КШС-ийн явцтай Зэвсэгт хүчний Жанжин штабын нэгдүгээр орлогч дарга, хурандаа Ц.Жавхланбаатар, Зэвсэгт хүчний Жанжин штабын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар, Зэвсэгт хүчний Жанжин штабын Ар талын газрын дарга, бригадын генерал М.Эрдэнэдалай, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар нарын удирдлагууд танилцав.
Сургуулийн төгсгөлд Зэвсэгт хүчний Жанжин штабын нэгдүгээр орлогч дарга, хурандаа Ц.Жавхланбаатар, орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар нар хоёрдугаар шатанд шалгарсан бие бүрэлдэхүүнд баяр хүргээд, штабын бэлтгэл сургалтыг сайжруулах, цаашид анхаарах зарим асуудлын талаар ярилцаж, тодорхой үүрэг чиглэл өглөө.
Тухайлбал, бригадын генерал Б.Амгаланбаатар хэлэхдээ “Юуны өмнө Зэвсэгт хүчний нэгтгэл, ангийн штабын бэлтгэлийг дээшлүүлэх хүрээнд энэхүү үзлэгийг Зэвсэгт хүчний хэмжээнд зохион байгуулсан ЗХЖШ-ын удирдлага болон комиссын бүрэлдэхүүнд талархсанаа илэрхийлье. Энэхүү үзлэг нь уралдаан мэт боловч цаад талдаа удирдлага, штабын бэлэн байдлыг хангах, дээшлүүлэхэд чиглэсэн чухал ажил, арга хэмжээ болж чадлаа. Энэхүү үзлэгээр дүгнэгдсэн штабын бэлтгэлийн төвшин нь та бидний штабын бэлтгэлээ төгөлдөржүүлэх гарааны цэг гэж ойлгож байна” гээд захирагч нарыг илтгэхдээ болон тактикийн тооцоо гаргахдаа анхаарах зарим асуудлын талаар саналаа хэллээ.
Мөн хошууч генерал Ж.Бадамбазар “Хамтарсан КШС явагдаж байгаа нь манай захирагч нарт нэгнээсээ туршлага судлах том боломж гэж харж байна. ЗХЖШ-ын даргын зүгээс ч байнга өгч байгаа үүрэг нь удирдлага штабын бүрэлдэхүүний мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх тухай асуудал. Бид штабын бэлтгэжилтийг дээшлүүлэх ажил, арга хэмжээг өнөөдрийн үзлэг, шалгалтаар дуусгахгүй. Цаашид улам баяжуулж, дамжаануудыг шат шатанд хичээллүүлнэ.Энэ ажил бидний эхлэл юм байна гэж ойлгоорой. Хоёрдугаарт, манай нэгтгэл, ангиуд штабын бэлтгэлжилтээр тэргүүлэгч анги шалгаруулах энэхүү арга хэмжээнд маш их ач холбогдол өгч оролцсонд ЗХЖШ-ын удирдлагууд бид баяртай байна. Дуучин хүн өглөө бүр гаам уншиж, бэлтгэлээ хийдэг бол цэргийн алба хаагч бидний үндсэн хөдөлмөр бол штабын бэлтгэлжилт, бэлэн байдлаа дээшлүүлэх явдал юм” гээд захирагч, дарга нарыг илтгэх чадвараа сайжруулах талаар үүрэг өглөө.
Үүний дараа хурандаа Ц.Жавхланбаатар “Энэ удаагийн үзлэгт нэгтгэл, ангиудын штабын бэлтгэлжилт, бэлэн байдлыг дээшлүүлэхэд маш чухал арга хэмжээ болж чадлаа. Манай нэгтгэл, ангиуд ихээхэн ач холбогдол өгч, бэлтгэж оролцсонд талархал илэрхийлье. Цаашдаа энэ үзлэг, шалгалтыг тогтмол явуулж байх шаардлагатай юм байна гэж харж байна” гээд штабын бүрэлдэхүүнийг олон зүйл сурч мэдсэн гэдэгт итгэж байна гэсэн юм.
Энэ үеэр Зэвсэгт хүчний зарим нэгтгэл, ангиудын удирдлагуудын сэтгэгдлийг хуваалцсан юм.
ЭНЭ ҮЗЛЭГ, ШАЛГАЛТ ЖИЛ БҮР ЯВАГДАЖ ХЭВШИХ ШААРДЛАГАТАЙ
Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн захирагч, хурандаа Т.Лодойдамба:
-“Штабын бэлтгэлжилтээр тэргүүлэгч анги”-ийн үзлэг, шалгалтад амжилттай дүгнэгдсэндээ баяртай байна. Манай бие бүрэлдэхүүн багагүй хугацаанд бэлтгэж оролцсон маань ч үр дүнгээ өглөө. Хамгийн гол нь бэлэн байдлаа дээшлүүлэх, штабын бүрэлдэхүүний гар нийлэмжтэй ажиллагааг дээшлүүлж, богино хугацаанд үндэслэлтэй шийдвэр гаргах зэрэгт сайн нөлөө үзүүлсэн уралдаан байлаа. Цаашдаа жил бүр уламжлал болгон зохион байгуулж хэвшвэл нэгтгэл, ангиудын бэлэн байдал, штабын бэлтгэлжилт дээшлэхэд чухал ач холбогдолтой гэж харж байна. Бидний үндсэн үүрэг гүйцэтгэлтэй холбоотой үзлэг, шалгалт учир бие бүрэлдэхүүний ур чадвар нэлээд дээшилсэн нь хамгийн том амжилт гэж хэлнэ.
МАНАЙ АНГИЙН ШТАБЫН БҮРЭЛДЭХҮҮН ИХ ЗҮЙЛ СУРАЛЦЛАА
Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн захирагч, хурандаа С.Болдбаатар:
-Манай ангийнхны хувьд хоёрдугаар шатандаа шалгаран оролцож байгаадаа баяртай байна. Бид энэхүү уралдааныг зохион байгуулах тухай ЗХЖШ-ын даргын тушаал гарсан өдрөөс л эхэлж бэлтгэж эхэлсэн. Хээрийн удирдлагын байрны бэлэн байдлыг хангах, бэлтгэлжилтэй холбоотой бичиг баримтуудаа боловсруулж цэгцлэхээс эхлээд заагдсан удирдамжийн дагуу бүгдийг бэлтгэж оролцсон. Хоёрдугаар шатанд өгөгдсөн даалгавар маань тусгай батальоны хувьд гүйцэтгэх үүрэгтэй уялдсан сайхан сэдэв байлаа. Ялангуяа, захирагчийн ажиллагааны бодлого, шийдвэрийг үндэслэлтэй боловсруулах, штабаас боловсруулах бичиг баримтыг өгөгдсөн хугацаанд нь бэлэн болгох, тактикийн ажиллагаагаа эрсдэлүүдээ тооцож гаргах зэрэг нь манай залуу офицеруудад их зүйл сургаж, юм бодогдуулж чадсан болов уу гэж харж байна. Шалгалтын КШС-аар бусад журмын нөхөд, нэгтгэл, ангиудаасаа ч их зүйл сурч чадлаа. Цаашид энэ арга хэмжээг жил бүр үргэлжилж байгаасай гэж хүсэх байна даа.
НЭГТГЭЛ, АНГИУДЫН АЛЬ Ч НӨХЦӨЛД ХҮЛЭЭХ ҮҮРГИЙГ ТОДОТГОЖ ӨГСНӨӨРӨӨ ОНЦЛОГ БОЛСОН
Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн захирагч, хурандаа Д.Жигжидсүрэн:
-Манай ангийг түшиглэн явагдсан Дайчилгаатай команд штабын хээрийн сургууль дуусаад ердөө хоёрхон хоногийн дараа штабын бэлтгэлжилтээр тэргүүлэгч ангийн үзлэгт оролцсон. Хэдий зав бага байсан ч манай хамт олны гар нийлэмжтэй байдал, хөдөлмөрч зан өнөөдөр хоёрдугаар шатандаа шалгарах үндэслэл байлаа гэж хэлэх байна. Хоёрдугаар шатанд мотобуудлагын хороодоос гадна тусгай батальон, төрөл мэргэжил, агаарын цэргийн төлөөлөл багтсанаараа их онцлог болж чадлаа. ЗХЖШ-ын удирдлагууд болон комиссын бүрэлдэхүүн их оновчтой шийдвэр гаргажээ гэж харж байна. Байлдааны болон тайван цагт тэдний ажил үүргийн хуваарийг ч тодотгож өглөө. Бидний бусад нэгтгэл, ангиас ялгаатай онцлог нь гэвэл манай штабын бүрэлдэхүүн тактикийн ажиллагаандаа өндөр ач холбогдол өгч оролцлоо. Штабын бүрэлдэхүүний сургалт бэлтгэлийг зохион байгуулах үндсэн хэрэглэгдэхүүн нь тактик учраас тэр юм. Энэ дашрамд манай штабын бүрэлдэхүүн их зүйл сурч мэдлээ. Үүнийг дотооддоо байнга явуулах зорилго өвөртлөөд Орхон аймаг руугаа зорино оо.
ИНЖЕНЕРИЙН ХАНГАЛТЫН ҮҮРЭГ ЯМАР ЧУХАЛ БАЙДГИЙГ ХАРУУЛАХЫГ ХИЧЭЭЛЭЭ

Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн захирагч, дэд хурандаа Г.Эрдэнэбаатар:
-Төмөр замын бүтээн байгуулалтад манай цөөнгүй офицер, ахлагч оролцож байгаа хэдий ч уралдаан зохион байгуулах ЗХЖШ-ын даргын тушаал батлагдсан өдрөөс л бэлтгэж эхэлсэн. Хоёрдугаар шатанд шалгарсан маань том амжилт гэж харж байна. Бидний зарим нөхөд эзгүй байна гээд суулгүйгээр байгаа бүрэлдэхүүн маань өндөр ачаалалтайгаар ажиллаж, бэлтгэлээ бүрэн хангаж чадсан. Манай ангийнхны хувьд хоёрдугаар шатандаа инженерийн хангалтын үүрэг байлдааны ажиллагаанд ямар чухал байдгийг харуулахыг хичээлээ. Бусад нэгтгэл, ангиудаасаа ч их зүйл суралцлаа. Энэ удаагийн уралдаан ер нь тэр чигтээ туршлага, сургамж үлдээсэн их чухал арга хэмжээ болж чадлаа. Нэгтгэл, ангиуд штабын бэлтгэлжилтэндээ ахиц гаргах боломж нь энэ уралдаан байж, түүнийг дагаад хээрийн удирдлагын байрны бэлэн байдал дээшиллээ.
АГААРЫН ЦЭРГИЙН АНГИУДААСАА ШАЛГАРЧ ОРОЛЦСОН НЬ НЭР ТӨРИЙН ХЭРЭГ ЮМ
Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн захирагч, хурандаа Г.Чулуунзагд:
-Агаарын цэргийн ангиудаасаа хоёрдугаар шатандаа шалгарч үлдсэн учир аль аль талдаа маш их хичээлээ. 1090 км-ын алсаас ирсэн манай залуусын гол амин сүнс нь гар нийлэмжтэй ажиллагаа байдаг. Мэдээж бидний хувьд сургуулийн удирдлагуудаас өгөгдсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь гүйцэтгэж, амжилттай дүгнүүллээ. Нөгөө талаас мотобуудлагын хороодтой өрсөлдөнө гэдэг нэр төрийн хэрэг байлаа. Магадгүй зарим талаараа тэднээс чамлалттай байсан байж болно, гэхдээ баруун хилийн агаарын бүсийн аюулгүй байдлыг тасралтгүй хянаж яваа ангийн маань хувьд сурч мэдэх, дадлагажиж чадваржихад их чухал нөлөө үзүүлж чадлаа. Цаашдаа ангийнхаа штабын бэлтгэлжилтийг дээшлүүлэхэд онцгой анхаарна. Түрүүн ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар хэллээ. “Энэ арга хэмжээ штабын бэлтгэлжилтийг дээшлүүлэх эхлэл шүү” гэж. Түүн шиг бидний эхлэл байх болно. Хуурай замын цэргийн нэгтгэл, ангиудаас энэ чиглэлээр суралцах зүйл их байна.
БУСАД НЭГТГЭЛ, АНГИУД ИХ ХҮЧТЭЙ БАЙНА, ТЭДНЭЭСЭЭ ИХ ЗҮЙЛ СУРАЛЦЛАА
Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн захирагч, хурандаа Ж.Өсөхбаяр:
-Нэгдүгээр шатандаа удирдамжид заагдсан бүх шаардлагуудыг биелүүлж, бэлтгэлээ бүрэн хангасан. Эхний шатандаа бие бүрэлдэхүүнээ бүрэн бэлтгэсэн, хөтлөгдөх баримт бичгүүдээ цэгцэлсэн, бүтээн байгуулалтын цөөнгүй ажил ч мөн гүйцэтгэсэн. Тодруулбал, хээрийн удирдлагын болон хөдөлгөөнт удирдлагын байраа засаж, бүрэн тоноглон тохижуулсан. Хамт олны маань уйгагүй хөдөлмөрийн үр шимээр нэгдүгээр шатандаа дээгүүр ч байрт шалгарч чадсан. Харин хоёрдугаар шатандаа баримталж байгаа гол зарчим энэхүү амжилтаа бататгах юм. Манай залуус нэг хүн шиг байж, шийдвэр гаргахад цул болж чаддаг сайхан чанар амжилтын маань эхлэл гэж хэлмээр байна. Бусад нэгтгэл, ангиуд их хүчтэй байна. Тэднээсээ маш их зүйл сурч мэдлээ гэсэн юм.
Ахлах дэслэгч Д.БОЛОРМАА, гэрэл зургуудыг О.МӨНХБАТ