
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга Дорнод аймагт ажилласантай холбогдуулан Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар Зэвсэгт хүчний 327 дугаар ангид 9 дүгээр сарын 12-14-ний өдрүүдэд ажиллаж байна. Бригадын генерал Б.Амгаланбаатар тус ангийн хуулиар хүлээсэн үндсэн болон тайван цагийн үүрэг гүйцэтгэх бэлэн байдал, бэлтгэлжилт, цэргийн сургалт бэлтгэл, сэтгэл зүйн хангалт, цэргийн алба зохион байгуулалт, сахилга хариуцлагын байдал, зэвсэглэл, цэргийн техникийн ашиглалт, хадгалалт, арчлан хамгаалалт, ар тал ахуйн хангалт гэсэн хэд хэдэн чиглэлээр ажиллаж, бие бүрэлдэхүүнтэй уулзаж, үүрэг чиглэл өглөө. Тухайлбал, тэрээр хэлсэн үгэндээ “Манай Зэвсэгт хүчний 327 дугаар ангийнхан бие бүрэлдэхүүний болон техникийн бэлэн байдлыг дээшлүүлэх, алба хаагчдынхаа ажиллаж амьдрах орчин нөхцөлийг нь сайжруулах хүрээнд цөөнгүй ажил хийсэн байна. Сургалт бэлтгэлийн хүрээнд ч хийсэн ажил бишгүй байгаатай танилцлаа. Та бүхний санаачилсан энэ ажил, хөдөлмөрийн талаар ЗХЖШ-ын дарга болон бусад удирдлагууддаа байнга илтгэж, тэд ч сайн үнэлгээ, дүгнэлт өгч байгааг хэлэх нь зүйтэй байх. Одоо цаашдаа өвөлжилтийн бэлтгэл ажлаа эрчимжүүлэхэд анхаар. Орон нутагтаа Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэхэд мөн анхаарч ажилла. Ялангуяа цэрэг дайчдын талаар эерэг сэтгэгдэл түгээхэд орон нутгийн удирдлага, төрийн болон төрийн бус байгууллагатай нягт хамтран ажилла. Дорнод аймагтаа сахилга хариуцлага, үүрэг гүйцэтгэлтээрээ төрийн байгууллагын манлайлал нь Зэвсэгт хүчний 327 дугаар анги байх ёстой шүү” гээд алба хаагчдыг хөдөлмөрийн аюулгүй байдлыг сахихад онцгой анхаарч ажиллах талаар үүрэг өглөө.
Бригадын генерал Б.Амгаланбаатарыг дагалдаж Хуурай замын цэргийн командлалын Материал техникийн хэлтсийн дарга, хурандаа Д.Батзориг ажиллаж байгаа бөгөөд тэрээр тус ангийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг нь шалгаж байгаа юм.

Ахмад Н.Мөнх-Од (Зэвсэгт хүчний 327 дугаар анги)