
Энэ удаа та бидний дунд чимээгүй л хөдөлмөрлөж яваа хоёр залуухан ахлагчийг “танилцуулах” гэж байна. Чимээгүй гэсний учир нь тэд хариуцсан үүрэг хариуцлагаа цаг хугацаанд нь биелүүлээд явдаг атлаа спортоор чамгүй амжилт үзүүлж, Зэвсэгт хүчний сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнээс шилдэг тоглогчоос эхлээд Улсын аваргын алтан медалийг энгэртээ гялалзуулсан залуус юм. Хамгийн сонирхолтой нь тэд насан багийн найзууд бөгөөд өдгөө хамтдаа алба хааж байгаа, аав нар ч мөн Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлд мөр зэрэгцэн алба хаагаад гавьяаныхаа амралтад зэрэг шахуу гарцгаасан байна.
Сагсан бөмбөгийн спортоор аймаг орон нутаг, Зэвсэгт хүчиндээ багагүй амжилт үзүүлж яваа ахлагч С.Цэрэнпунцаг нь Хуурай замын цэргийн командлалын Удирдлагын байрын ротын зохицуулагч. Зэвсэгт хүчинд алба хаагаад 6 жил болж байгаа, Төв аймгийн Зуунмод хотын унаган хүүхэд нь гэнэ. Сагсан бөмбөгөөр 2010 оноос идэвхтэй хичээллэж эхэлсэн бөгөөд өсвөр насны хүүхдүүдийн дунд зохион байгуулагдсан улсын хэмжээний тэмцээнд оролцож, багш нараасаа урмын үг сонссон нь энэ спортоор хичээллэх хөшүүрэг нь байсан гэнэ. Арван жилийн дунд ахлах ангийн сурагч байхдаа аймгийнхаа өсвөр үеийнхний лигт, оюутан болоод ХААИС-ийн оюутны лигт, харин өдгөө “Brother hood” хэмээх Төв аймгийн лигт тоглодог юм байна. Түүний Зэвсэгт хүчинд оролцоогүй тэмцээн гэвэл тун цөөхөн. Марш тактикийн аварга шалгаруулах тэмцээн, гурван төрөлт, гардан тулаан, сагсан бөмбөг, гар бөмбөг гээд эхнээс нь нэрлэвэл нэлээдгүй жагсаалт гарах ажээ.
Ахлагч залуу маань ажлын гараагаа Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлээс эхэлсэн нь түүний аавынх нь залуу нас энэ районд өнгөрсөнтэй холбоотой гэнэ лээ. Түүний аав Д.Сүхбат тус нэгтгэлд насаараа ажилласан сургагч ахлагч бөгөөд өдгөө гавьяаныхаа амралтыг эдэлж байгаа бол ээж С.Амарсанаа нь Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт эх барих эмчээр ажилладаг байна. Ээж нь хүүдээ “Миний хүү чинь ээжийнхээ эх барьсан дүү нарынх нь тоогоор өндөр ах шүү” гэж хэлдэг нь хамгийн сайхан санагддаг гэнэ лээ. Аав, ээжээрээ үргэлж бахархаж, тэднийхээ санаа сэтгэлийг зовоохгүй амьдралаа аваад явахыг зорьдог нь түүний яриа бүрээс андашгүй мэдрэгдэж байв. Тэрээр энэ хугацаанд Зэвсэгт хүчний 167 дугаар ангид 2018-2019 онд алба хаасан, мөн л сагсан бөмбөгийн 3*3 тэмцээнд Өмнөговь аймагт багаараа тэргүүлсэн амжилттай. 2016 онд Зэвсэгт хүчний сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний шилдэг тоглогч, Төв аймгийн уралдаан тэмцээнд ч ялгаагүй алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн амжилтын эзэн энэ залуу өдгөө харин ажлын цаг заваас шалтгаалан улсын хэмжээний уралдаанд оролцож амжихгүй байгаа гэсэн. Гэхдээ чөлөөт цагаараа найзуудтайгаа спорт зааланд цагийг өнгөрөөж, бие бялдраа чийрэгжүүлэхэд анхаардаг байна.
Спортлог ахлагчийн найз нь мөн л спортлог ахлагч. Тэд угаасаа ч сурагч байхаасаа нөхөрлөсөн гэнэ. Ахлагч Т.Пүрэвжав Хуурай замын цэргийн командлалын Удирдлагын байрын ротын цагдаагийн зохицуулагчаар ажилладаг бөгөөд Зэвсэгт хүчинд 7 дахь жилдээ алба хааж байгаа ажээ. Анх цэргийн хүн болоход нь түүний аав, бэлтгэл ахлах ахлагч Төртогтох нөлөөлсөн гэнэ. Аав нь “Цэргийн алба гэдэг жинхэнэ эрчүүдийн цугладаг газар. Цэргийн амьдралаар амьдарсан хүн хэзээ ч уруу дорой явахгүй. Эх орон нь түшиж, төрийн сүлд нь ивээж явдаг сайхан онцлогтой алба” гээд ҮХБИС-ийн Ахлагчийн сургуульд шалгалт өгүүлсэн нь миний амьдралын хамгийн зөв сонголтуудын маань нэг байсан гэлээ. Тэрээр ахлах ангийн сурагч байхаасаа буюу Төв аймагт хоккей нээгдэхэд нь энэ төрлийн спортоор хичээллэж эхэлжээ. 13 настай байхдаа өсвөрийн насны улсын аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль авснаас эхлээд амжилтууд нь хөвөрнө. Улсын аваргын алт, мөнгө, хүрэл, медаль гээд л. Үндсэндээ 2016 он хүртэл энэ спортоороо идэвхтэй хичээллээд хөндийрсөн байна. Шалтгаан нь ажлаас байнга чөлөө авах асуудал гардаг учир тогтвор суурьшилтай албаа хаах нь зөв гэж нэг талдаа шийдсэн нь энэ гэнэ. Спортынхоо онцлогийн тухай хэлээч гэхэд “Хоккейн спорт тэнцвэртэй байдал, уран чадвар их шаарддаг. Хэдий биеийн хүчний мэт харагддаг ч оюуны спорт. Биеийн хүч, зургаан мэдрэхүйг зэрэг ажиллуулдгаараа их онцлог. Нэг шимтээд орчихвол их сайхан шүү” гэв. Мөн тэрээр “Монгол залуучууд хоккейн спортод амархан гаршдаг, саяхан Азийн аваргаас хошой алтан медаль хүртсэн нь үүнийг нотолно” гэж нэмж хэлэв.
Ахлах дэслэгч Д.Болормаа