
Хуурай замын цэргийн командлалын нэрэмжит Зэвсэгт хүчний 2020 оны аварга шалгаруулах цэргийн 3 төрөлт, цэрэгжлийн буудлага, мэргэн буудагчийн 2 төрөлт, саадын зурвасын тэмцээнүүд Хужирбулан дахь Сургалтын төвд явагдаж байгаа билээ. Цэрэг хүний бэлтгэлжилт, ур чадвар, тэсвэр хатуужил, эр зоригийг шаардсан энэ тэмцээний 3000 метр гүйлтийн уралдааныг нь сурвалжлав. Нэгтгэл, ангиуд гараагаа сугалсан байх бөгөөд хамгийн эхний анги нь Зэвсэгт хүчний 353 дугаар анги бол хамгийн сүүлийнх нь Зэвсэгт хүчний 325 дугаар анги байв. Тэмцээний шүүгч, ЗХЖШ-ын Сургалтын хэлтсийн Биеийн тамир, спортын мэргэжилтэн, ахмад З.Бат-Оргил багуудын гарааны дарааллыг танилцуулж, тамирчдад барианд орж ирэхдээ малгайгаа өмссөн байх, хоёр тугны дундуур гүйж орж ирэх зэргийг нь танилцуулаад тэднийг хөгжөөн дэмжиж буй алба хаагчдад дагаж гүйхгүй, чанга орилж хашхирахгүй, зам талбайг хааж зогсохгүй гэхчлэн анхааруулга мөн хүргэж амжив. Хөгжөөн дэмжигчдийн хувьд хоёр дахь шүүгч гэмээр ажээ.

Нэгтгэл, анги бүрээс л нэг, нэг алба хаагч гараа, барианы цагийг “яс” тэмдэглэж, нэгэндээ хяналт тавьж байгаа учир ямар нэгэн маргаан гарах үндэслэлгүй харагдаж байв. Гарааны эхний багууд барианы ойролцоо бэлтгэлээ хангаж байхад, гарааны сүүлийн багууд Хужирбулангийн Сургалтын төвийг тойрч гүйж, бэлтгэлээ улам чамбайруулаад л ёстой олимпын тавцан аятай сүртэй сайхан харагдаж байлаа. Баг тамирчдаа хөгжөөн дэмжихээр нэгтгэл, ангиудын захирагч болон штабын дарга нар ч ирсэн байх агаад тэд гарааны өмнө тамирчиддаа эрч хүч, урам зориг өгч, алга ташиж баяр хүргэж байв. Зарим нь ч дурсгалын зураг татуулж “Медаль хүртсэнийхээ дараа дахиад зураг авахуулна шүү” гээд тэмцээндээ эмээж сандралгүй, тайван оролцохыг захиж байсан юм. Бас “Түрүүлэхдээ биш, оролцох нь чухал шүү, миний хүүхдүүд. Чадахаараа л зүтгэ” хэмээх цэргийн дарга ч цөөнгүй байлаа.
Зарим баг тамирчдыг гараанаас гарахаас өмнөхөн болон барианд орж ирсний дараахан сэтгэгдлийг нь хуваалцлаа.

Хамгийн холоос ирсэн баг тамирчдын нэг болох Зэвсэгт хүчний 331 дүгээр ангийнхан гэхэд улаан өнгийн бэлтгэлийн хувцсаар жигдэрчээ. Багийн ахлагч, ахлагч Г.Лувсансамбуугийн хэлснээр багаараа 21 хоногийн хугацаанд бэлтгэлээ хангасан байна. Гэхдээ Хужирбулангийн зам өгсүүр ихтэй, хүйтэн салхитай байсан нь гүйхэд бага зэрэг хүндрэлтэй байсныг хэлнэ лээ. Тэрээр цэргийн гурван төрөлтөд 2017 оноос хойш оролцож байгаа туршлагатай тамирчин.

Гараанд гарахаар бэлтгэлээ хангаж байсан Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн хамгийн залуу тамирчин, дэд ахлагч Г.Отгонбаатарыг сэтгэгдлийг хуваалцахад “Анх удаа цэрэгжлийн спортод оролцох гэж байгаа болохоор их сандарч байна. Уг нь бидний бэлтгэл сайн байгаа ч сандраад байх юм” гэлээ. Дэд ахлагч Г.Отгонбаатар Зэвсэгт хүчний эгнээнд нэгдээд ердөө нэг жил болж байгаа залуухан боловсон хүчин юм байна.

Харин Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн багийн ахлагч Б.Гэрэлт-Од “Бид сая гүйгээд ороод ирлээ. Бэлтгэл хийж байснаас ч илүү сайн гүйлээ. Манайх буудлага болон гранатад их сайн оролцсон, сая гүйлтэд мөн сайн оролцлоо. Дараа, дараагийнхаа тэмцээнд энэ амжилтаа бататгаж чадвал амжилт ойрхон харагдаж байна. Хамт олондоо медальтай буцахын төлөө л багаараа хичээж байна даа” гэв.
Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн багийн ахлагч, дэслэгч Б.Баасанцэрэн “Манай хамт олон энэ зун маш завгүй өнгөрч байна. Дайчилгаатай команд штабын сургуулийг амжилттай зохион байгууллаа. Штабын бэлтгэлжилтээр тэргүүлэгч ангиудын уралдаанд ч амжилттай оролцлоо. Хэдий гүйцэтгэх үүрэг их байгаа ч уламжлал болсон энэхүү тэмцээндээ багаа бүрдүүлэн оролцож байгаадаа баяртай байна. Цэргийн хүн гэдэг мэргэн буудаж, гранат шидэж, гүйж чаддаг байх ёстой шүү дээ. Гүйцэтгэх ёстой чадваруудыг нэг дор нэгтгэсэн энэхүү тэмцээнийг жил бүр зохион байгуулдаг ЗХЖШ-ын Сургалтын хэлтсийн хамт олонд баярлаж буйгаа илэрхийлье” гэлээ. Тус ангийн тамирчид 18-40 насныхан бөгөөд багийн ахлагч, дэслэгч Б.Баасанцэрэн цэрэгжлийн энэхүү тэмцээнд 2004 оноос хойш тасралтгүй 16 жил оролцож байгаа туршлагатай тамирчин ажээ. Тэдний дунд хоёр цэргийн гэрээт алба хаагчид байсан нь байлдагч С.Эрдэнэбаатар, Б.Адъяасүрэн нар байв.
Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн тамирчин, дэд ахлагч Ц.Ууганбаяр “Энэ тэмцээнд анх удаа оролцож байна. Их сайхан тэмцээн байдаг юм байна. Цэргийн хүний хувьд хүсэн хүлээсэн тэмцээн гэдгийг нь өөрийн биеэр мэдэрлээ. Багууд их хүчтэй байна. Туршлагатай тамирчид ч олон байна. Ямар ч байсан бүх чадлаа дайчлан оролцоно” гэсэн бол Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн багийн тамирчин, ахлагч Х.Мөнх-Очир “Манай баг тэмцээн эхэлдэг өдөр буюу энэ сарын 18-ны өдөр тулж ирсэн. Хэдий бид орон нутагтаа бэлтгэлээ сайн хангасан ч энэ райондоо гүйж, бэлтгэж амжилгүй оролцлоо. Захирагчаасаа эхлээд цөмөөрөө л хичээж байна” хэмээн товчхон хуучлав.
Зэвсэгт хүчний 011 дүгээр ангийн тамирчин, ахлах ахлагч Д.Батдорж цэрэгжлийн гурван төрөлтөд тасралтгүй 6 жил оролцож байгаа тамирчин ажээ. Тэрээр ангийнхаа бусад тамирчдыг бодвол хамгийн ахмад нь гэнэ. Түүний хэлсэн үгийг онцлоход “Онцгой гойд амжилт үзүүлж байгаагүй ч оролцох нь чухал гэж боддог. Хүн бүр математикч болох албагүй, хүн бүр аав, ээж болно гэдэг шиг цэрэгжлийн спортын даалгавруудыг биелүүлж чаддаг байх нь их чухал” гэсэн юм.
Ийнхүү энэ өдрийн 3000 метрийн гүйлтийн тэмцээн ч өндөрлөж, баг тамирчид Хужирбулан дахь ангийн асар, майхны зүг явцгаав. Шүүгчид ч дүнгээ нэгтгэж, эцэслэхээр өрөө рүүгээ орцгоолоо. Харин Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн захирагч, хурандаа Б.Хаш-Эрдэнэ бие бүрэлдэхүүнээ жагсаагаад “Та бүхэндээ шүхэрчин дайчдын өдрийн мэнд хүргэе. Шүхэрчдийн үйлс үргэлж цэлмэг тэнгэр шигээ өөдөө байсан. Энэ залгамжийг та бид тасалдуулахгүй авч явах ёстой шүү” гээд тэмцээн, уралдаандаа амжилттай оролцохыг захилаа.
Төд удалгүй шүүгч нар дүнгээ нэгтгэж дууссан бөгөөд гүйлтийн төрөлд нэгдүгээр байрт Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн тамирчин, дэд ахлагч Б.Цолмонбаатар 11.04 цагийн амжилтаар, хоёрдугаар байрт Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн тамирчин, ахлагч Л.Лхагва 11.10 цагийн амжилтаар, гуравдугаар байрт Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн тамирчин, ахлагч Б.Очироо 11.28 цагийн амжилтаар шалгарсан байна.
Тус төрөлдөө хувийн нийлбэр дүнгээр Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн дэд ахлагч Б.Гэрэл-Од 236 оноогоор нэгдүгээр байр, Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн тамирчин, ахлагч С.Батцэнгэл 228 оноогоор хоёрдугаар байр, Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн тамирчин, ахлагч А.Алтансүх 221 оноогоор гуравдугаар байр эзэлсэн байна. Өөрөөр хэлбэл, Зэвсэгт хүчний 327 дугаар ангийнхан гүйлтэд бусад баг тамирчдаас илт давуу байсан юм.
Ташрамд онцлоход, цэрэгжлийн гурван төрөлтийн энэхүү спорт нь ОХУ-аас гаралтай бөгөөд Монгол Улсын Зэвсэгт хүчин 1970 оноос хойш өдий хүртэл өөрийн онцлогоо тусгаж, хөгжүүлж байгаа нь энэ юм.
Ахлах дэслэгч Д.Болормаа